Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр Зүүн Японд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас Зүүн хойд Канто бүс нутагт урьд өмнө тохиож байгаагүй асар их хохирол учирсан билээ. Одоо ч 130 гаруй мянган хүмүүс хоргодох байранд амьдарч байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулснаар Японд туслах хөдөлгөөн өргөж монголчууд тусламж дэмжлэгийн гараа сунгасан билээ. Мөн Гамшигтай тэмцэх газрын 12 аврагч нийт 13 хүн 16-ны өдөр Мияага мужид хүрэлцэн ирж, тэр өдрөө Иванума хотын Нинокура дүүрэг, 17-ны өдөр Натори хотын Юриагэ дүүрэгт, 18-ны өдөр Сэндай нисэх буудал орчмын яаралтай аврах ажиллагаанд оролцсон аж. Аврагчид нутагтаа буцаж ирээд яг нэг сар болж буй 21-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар болон яаралтай аврах багийн 12 аврагч, тус багийг илгээхэд гүн туслалцаа үзүүлсэн МИАТ компанийн төлөөлөгчдийг Япон улс, Японы ард түмнийг төлөөлөн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Такүо Кидокори хүлээн авч талархлаа илэрхийллээ. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Элчин сайд тантай уулзаж хандиваар цугларсан 2.1 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж, 24.8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хандив тусламжаа үргэлжлүүлэн илгээсээр байгаа юм. Өнөөдөр хандивын дансанд нийт 131 байгууллага, 19 иргэнээс 136.6 сая төгрөг цугларч, ОБЕГ дээр 227 сая төгрөгийн дулаан хөнжил, ноолууран хувцас зэрэг 12 нэрийн бараа бүтээгдэхүүн цуглараад байна” гэж хэлээд хоёрдугаар ээлжинд цугларч байгаа хандивын мөнгө, барааг шилжүүлэн олголоо. Шадар сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр болон нийт 12 аврагчид Японы ард түмнийг төлөөлөн ноён элчин сайд Такүо Кидокори талархлын бичиг гардуулан өглөө.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )