Хятадын баячуудын бараг тал хувь нь эх орноо орхин гарч, барууны орнуудад очиход бэлэн байгаа “Уолл-Стрит Жорнэл” сонин зөвлөгөө өгдөг “Бэйн энд Компани” гэдэг олон улсын томоохон компанийн судалгааг иш татан мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, Хятадын баячуудын бараг тал хувь нь “цагаачлалд хөрөнгө оруулах” боломжийн тухай боддог байна. АНУ болон бусад орнуудын эдийн засагт хөрөнгө оруулсны хариуд түр, эсвэл байнга оршин суух эрх авахыг “цагаачлалд хөрөнгө оруулах” гэдэг ажээ. Судалгааны дүнгээс үзвэл, хятад баячуудын 10 орчим хувь нь хөрөнгө оруулалтын визээр эх орноосоо гарах шийдвэр гаргаад байгаа бол 10 орчим хувь нь визээ мэдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Харин үлдсэн хувь нь энэ боломжийн талаар бодож байгаа гэнэ. Санал асуулгад тус улсын санхүүгийн болон бусад активийг их хэмжээгээр эзэмшдэг 2600 орчим иргэн оролцжээ. АНУ-ын хөрөнгө оруулалтын визийг авахын тулд доод тал нь 500 мянган доллар шаардлагатай байдаг байна. 10 жилийн өмнө бол ийм хэмжээний мөнгө нь “төсөөлшгүй” мэт санагдах байсан бол одоо Хятадын баячуудын хувьд энэ нь “боломжийн үнэ” болсон тухай тус сонинд тэмдэглэжээ. Хятадад 10 сая гаруй юань буюу 1.5 сая орчим долларын хөрөнгөтэй хүний тоо энэ онд 585 мянгад хүрэх бөгөөд энэ нь 2008 оны үзүүлэлтээс хоёр дахин их байна. Түүнчлэн 100 саяас дээш юанийн хөрөнгөтэй баячуудын тоо илүү хурдан нэмэгдэж байгаа болохыг Америкийн сонин онцолжээ. Өнгөрсөн онд Хятадад долларын 140 тэрбумтан, 875 мянган саятан бүртгэгдсэн бөгөөд тус улсын саятнуудын дундаж нас 39 байна. Хятадын баячуудын олонх нь Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад төвлөрч байгаа бөгөөд тус улсын баруун, өмнөд болон төвийн бүсэд чинээлэг иргэдийн тоо маш хурдацтай өсч байгаа ажээ. Харин баячууд нь улам их хөрөнгөжиж, шинэ хөрөнгө оруулалтыг хайх болсон байна. Өнгөрсөн онд Синьхуа агентлагийн мэдээлснээр, АНУ-д хөрөнгө оруулагч цагаач хятад иргэдийн тоо өссөөр байгаа бөгөөд 2008 онд 1360 байсан бол 2009 онд 1971 болж өсчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )