Монголын төр худал мэдээлэл өгч байна гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн дарга Мадлен Олбрайт өчигдөр Ардчилсан намын байранд зочиллоо. Түүнийг тус намын удирдлагууд, монгол үндэсний дээлтэй хүүхдүүдийн хамт тосч хүндэтгэсэн юм. Тэрээр АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нартай уулзжээ. Монголын ардчиллын 21 жилийн түүх, өнөөгийн хүрсэн амжилтын талаар тэд ярилцаж, М.Олбрайт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр уулзалтын дараагаар хоёр хоногийн өмнө төрсөн өдөр нь тохиосон С.Зориг агсныг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөсөн байна. Харин өчигдөр үдээс хойш Гадаад харилцааны яаманд Монгол орны ардчиллын асуудлаар лекц уншсан юм. Харин энэ үеэр Гадаад харилцааны яамны үүдэнд түүнийг эсэргүүцсэн жагсаал боллоо. Жагсагчид “Монголд ямар ч ардчилал байхгүй. Таныг хуурч байна. Монголын төр авлигад идэгдсэн" хэмээн хашгиран жагссан байна. Өөрөөр хэлбэл, жагсагчид Монголын төр, засгийнхны М.Олбрайтад өгч буй мэдээллийг эсэргүүцсэн аж.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top