Билгийн хур асгарсан, буурал найрагчийг маань хэн гомдоочихов!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Монголын утга зохиол хөгжиж байна аа. Олон залуу найрагчид төрлөө.  Кинонууд театраар нэг тарлаа. Сүүлдээ тив алгасан харийнханд шохоорхуулж байна. Үргэлжилсэн үгийн зохиолчоор улс төрч бүсгүй Оюунгэрэл хүртэл тодорч, шинэхэн романаа хөгшин Америк нөхөртэйгөө хамт номын баяр хийн сурталчилж байна. Их утга зохиол бүхэлдээ залуужлаа, хөгшид баяртай гэх нь холгүй хэдэн залуу шүлэгчид цээжээ цөм цохих нь холгүй таахалзана. Шинэ жүжгүүд Шүүдэрцэцэгээр амьсгалж, Түмэнбаярын өгүүллэгүүдээс шилдгүүд нь Хүннү их гүрний үеийн амьдралыг бидэнд харуулсан сайхан жүжиг болон хүрч ирлээ. Болор цом, утгын чимэг зэрэг томоохон наадмуудаас гадна “Цоодолын Хулангийн үдэш” гэдэг сэтгэл амирлуулсан бүлээн цэнгүүн хүртэл зохиогддог болов. Гэвч харамсмаар юм их утга зохиол, их найргийн тэнгэр доор бул хар чулуу шиг ёрдойж, нэг л эвгүй, бараан сүүдэр татуулаад байх юм. Саяхан буурал П.Бадарч их таагүй юм ярьж суув. Тэрээр залуу омголон найрагч нартаа жаахан гомдоод яваагаа ил гаргажээ. “Тэгвэл тэр Болор цомдоо та нар өөр хүн олж шүүгчээр тавиарай” гээд ундууцаж байна. Залуус нь мань хүн рүү буруу зөрүү шүүсэн, хөгширч байна та гэдэг ч юм уу, янз нь баахан эвгүй үг хаясан бололтой. Хэдэн найрагчид маань жил бүр л иймэрхүү шалих шалихгүй юм ярьж хоорондоо бие биенээ хэмлэх юм. Залуу найрагчдын хатуу ширүүн үг буурлуудад нь хүндээр тусдаг аж. Дэндэвийн Пүрэвдорж гуай сэтгэл гундуухан явсаар бурхны оронд заларсан нь иймэрхүү юмнаас улбаатай байхыг үгүйсгэж боломгүй. Үлдсэн цөөн хүмүүсийн нэг буурал П.Бадарч маань түүний араас дахиад болчимгүй үгэн суманд зүрхээ шархлуулан яваад өгөх вий дээ. Утга зохиолын ертөнц гэдэг уг нь хамгийн гэгээн тунгалаг бүхний туйл нь байдагсан. Нийгмийн энэ заваан бүүдгэр, бараан үзэгдэл дунд гэрэл цацруулах учиртай найрагч, утгын их мастерууд минь эв түнжинтэйхэн  шиг байгаасай даа. “Есөн эрдэнийн орон” гэж П.Бадарч шиг уянга тансгаар эх орноо өгүүлсэн нь хэн билээ. Түүний зиндаанд хүрч  бичих нь одоо хэд байна даа. Цөөн мөр хэлхэснээ шүлэг гэж боддог хүмүүсийн дэргэд бол энэ буурал өвгөн ёстой жинхэнэ ясны найрагч байлгүй дээ.  Залуус минь, өтөл насандаа өсөх насны дурсамжаа гэгээн тунгалаг барьж очих учиртай юм шүү дээ.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top