Төмөр хатагтайн титмийг Т.Гандигаас булааж амжихгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын улс төрийн тавцанд олон эмэгтэйчүүд гарч ирсэн юм. УИХ-ын сонгууль болгоноор дор хаяж гурван эмэгтэй төрийн түшээгээр сонгогдож парламентын танхимд кноп дарах эрхтэй болдог. Одоо ч тэнд бас гурван эмэгтэй бий. Засгийн газарт гэхэд Т.Ганди, Ж.Цолмон, Ж.Сауле, Ч.Куланда, В.Удвал гэсэн таван сайд “хатан” бий. Улс төрд өөрийгөө илэрхийлнэ гэдэг нь эмэгтэй хүнээс маш их зориг тэвчээр, ухаан шаардах нь лав. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд улс төрийн намын даргаар сонгогдсон анхны эмэгтэй гарсан нь О.Заяа агаад эдүгээ “Алтан шагай” компанийн захирал тэрбээр цагтаа Хувийн өмчтөний нам, Уламжлалын нэгдсэн нам хоёрын дарга байв. Одоо Либерал намын даргаар Нарантуяа билүү, үл таних нэг эмэгтэй байдаг гэсэн.  Харин намын тэргүүний албаа сайн дураар өгсөн С.Оюун гишүүн ИЗН-ын даргаар нэлээд олон жил ажилласан агаад уйдаж залхсан уу, саяхан НН-тай намаа нийлүүлээд дэд дарга нь болов. Генсекийн алба хашсан хүүхнүүдийн жагсаалтыг Б.Дэлгэрмаа, Н.Удвал, Г.Уянга гурав тэргүүлнэ. Сонирхолтой нь Монголын улс төрийн тогоонд хоёрхон эмэгтэй “Төмөр хатагтай” гэдэг хоч юмуу, өргөмжлөл ч юмуу нэрийг авсан юм. Тэд бол Т.Ганди, Б.Дэлгэрмаа хоёр бөгөөд Ганди одоо ч гандан буурахгүй улс төрийн тавцанд оройлсоор л яваа нэгэн билээ. Гэтэл парламентад дөрвөнтөө сонгогдож, сайдаар хоёронтоо томилогдож УИХ-ын анхны дэд дарга эмэгтэйгээр шалгарч явсан ИЗН-ын экс дарга С.Оюуныг хэн ч тэгж нэрлээгүй. Иргэний хөдөлгөөний “партизан” ҮШН-ын генсек Г.Уянгыг зарим хүмүүс жинхэнэ улс төрийн ирээдүйн төмөр хатагтай болох бүсгүй гэж үздэг ч түүнд албан ёсоор энэ “өргөмжлөл” хараахан очоогүй байгаа билээ. С.Оюун гишүүнийг ИЗН-ын даргын албаа өгснийх нь дараа АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын  шинэ тэргүүн Ц.Оюунгэрэл авхай, -Ямрыг нь төмөр хатагтай гэж нэрлэдэг юм бол. Ядаж та бид хоёрыг зөөлөн хатагтай ч гэж нэрлэхгүй юмаа хэмээн гайхширан асуусан гэнэ. Намын удирдагчийн албаа сайн дураараа бусдад шилжүүлээд алхаж яваа С.Оюуныг яаж ч зөөлөн бүү хэл, төмөр хатагтай гэж нэрлэх вэ гэх бодол Оюунгэрэл авхайн санаанд ороогүй нь сонин. Улс төрийн байр сууриа хэн нэгэнд бээлийгээ бэлэглэж байгаа юм шиг найр тавьдаг улс төрч С.Оюунаас ондоо байхгүй буй за. “Зөөлөн” ч биш, “төмөр” ч биш энэ хатагтай дэндүү найр тавимтгай хүн ажээ. Тэгвэл “Ху намын төмөр хатагтай” Ганди намынхаа генсек Хүрэлсүхэд янхан гичийгээрээ дуудуулан доромжлуулж явсан атал одоо хүртэл намдаа тэргүүлэх байр сууриа алдах нь бүү хэл, өөрийг нь тавлан доромжилсон Хүрэлсүхтэй гар гараасаа барилцаад дараагийн УИХ-д орохоор зүтгэж явна. Ийм шантаршгүй гуйвшгүй бөгөөд зам дахь тохуурхал, доромжлолыг шүд зуун тэвчээд алхаж яваа эмэгтэйг л жинхэнэ “төмөр хатагтай” гэж үнэлэхээс яана. Магад нэг жилийн дараа Т.Ганди МАН-ын түүхэн дэх анхны эмэгтэй генсек ч болж мэднэ.

Эх сурвалж: "Болсон явдал" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top