Г.Батхүү гишүүний хиншүү ханхалсан тавилгыг булаацалдаад нэгийгээ алах дөхөв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Манай улс төр, эдийн засгийн томчууд өвлийн угаар, зуны бүгчим халуунаас зугтаад зуслан бараадан амьдрах болсоор удаж байгаа билээ. Тэдний амьдардаг тансаг хаус, зуслангийн харшуудыг хараад ард иргэд хий л толгой сэгсрэн шогширдог. Ямар мөнгөөр, хэний хөрөнгөөр ийнхүү тансаглаж суугааг тааж ядсандаа тэр шүү дээ. Бизнесийн ертөнцийн томчуудыг ойлгож болох юм гэхэд цалингаас өөр орлогогүй улс төрчдийн тансаг байрууд бөөн хардлага төрүүлдэг. Гэхдээ “нүгэл нь нүдээрээ” гэдэг шиг сүүлийн үед баячуудын байшин сав шатах нь бараг хэвийн үзэгдэл болсон сурагтай. Өнгөрсөн жил УИХ-ын эрхэм гишүүн Д.Очирбатын асар өндөр үнээр баригдсан зуслангийн байр нь шатсан. Баригдаж эхэлсэн цагаасаа л олны хэл ам, сэжиг таамаг, атаархлыг төрүүлж байсан байрандаа эрхэм гишүүн тав тухтай ч хэд хонож чадаагүй билээ. Насаараа дээд сургуулийн багш, Тамгын газрын зохион байгуулагч, дүүргийн Засаг даргын орлогч, Засаг дарга хийж явсан түүнийг огцом хөрөнгөжиж, ойгүй их мөнгөөр тансаг харш бариад эхлэхэд нь жирийн иргэд төдийгүй “нэг анги”-ийн нөхөд нь хүртэл нүдээ орой дээрээ гарган, учрыг нь олох гэж духаа үрчийлгэж байсан билээ. Тэр үед бараг бүгд л ихээхэн хэмжээний авлига авсан, эсвэл хадам эхийнхээ залилан хийж олсон мөнгөөр тансаг байр бариулж гэцгээж байсан санагдана. Томчуудын байшингаараа “сор залах” явдал Д.Очирбат гишүүнээр дууссангүй. Саяхан “АПУ”-гийн П.Батсайханы цэвэр орос дүнзээр герман технологиор 80 саяын үнэтэй барьсан зуслангийн тансаг  харш нь бас л шатжээ. Харин мань эр огт тоолгүй, бараг шатаж буй байшингаа хараад “галын дөл өөдөө” гээд инээж зогссон сурагтай. Аав ээж болон Г.Батхүү, П.Батчимэг, П.Бат-Эрдэнэ гээд ах дүү нартайгаа айлсан амьдардаг тэрээр удахгүй байшиндаа их засвар хийхээр болжээ. Ингээд хиншүү хярвас үнэртсэн Орос, Германд захиалж хийлгэсэн “ориг” тавилгуудаа гаргаж хаяхад ойр тойрны оршин суугчид, хог ухдаг тэнэмлүүд булаацалдаж арай л нэгнийхээ аминд хүрэх дөхөөгүй гэнэ.

Эх сурвалж: "Алаг хорвоо" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top