Хотын сонгогчдыг гар тосомхой атал хүн голомхой гэсэн үг бий. Учир нь тэд хэн их амлаж, хэн илүү гар сарвайж мөнгө хаясан нэр дэвшигчид саналаа өгдөг юм. Хөдөөнийхөн ондоо. Хэн илүү мал ярьж, эх орноо хөгжүүлэх тухай дуугарна, түүнд тал өгнө. Хотоос сонгогдож байсан төрийн түшээд яагаад тойргоо солиод хөдөө рүү харайдаг нь тийм учиртай. Сүүлийн үед Ц.Мөнх-Оргил гишүүн Сүхбаатар аймаг руу гүйдэлтэй болжээ. Уг нь тэр хоёр удаа нийслэлээс УИХ-д заларсан билээ. Баянгол дүүрэг рүү гүйхээсээ Сүхбаатар аймгийн зүг жирийх болсныг ажиглагчид үзэхдээ “Долдугаар сарын 1-ний явдал түүний улс төрийн карьерт нөлөөлөх магадлал гарч ирснээс болоод Дарьганга руу гүйдэг болов” гэцгээж байгаа юм. Монголын улс төрд “40 мянгатынхан” бишгүй байдаг. Гэхдээ тэдний “улирал” төгсвөр болж байгаа бололтой юм. Улс төрийн тогоонд нэг сургуулийнхан бас олон бий. Тухайлбал, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулиас гэхэд Ерөнхий сайд МАХН-ын дарга С.Батболд болон ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяр, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан нар байдаг юм. Оюутны байранд хоолоо хувааж явсан болохоор одоо тэд тойргоо байтугай, эрх мэдлээ хуваалцахад ч бэлэн байдаг юмуу гэсэн бодол төрдөг. Баяр дарга гэхэд Батболдод бүх эрх ямбаа шилжүүлж өгөөд парламентад сул ганхаж яваа. Гэхдээ МАН-д бол нарийн бичгийн дарга гэсэн сонгуультай шүү. Сонирхуулахад, Батболд, Мөнх-Оргил хоёр Сүхбаатар аймгаас “угшил”-тай. Энэ аймаг УИХ-д хоёрхон суудал эзэлдэг бөгөөд түүнийг нь Ч.Улаан, Р.Буд хоёр зайдалж байдаг юм. 1996 оноос хойш парламентад завсаргүй суугаа Улаан гишүүн МАН-ын УЗ-ийн эрхтэн дархтаны тоонд багтдаг тул ирэх сонгуульд аанай аймгаасаа гарах нь мэдээж. Хэрэв Мөнх-Оргил гишүүн 2012 оны сонгуулиар Дарьгангаас гарах виз өвөртлөхөөр шийдсэн бол Буд гишүүн л будаа болох нь тодорхой. Будын цаг дууссаан гэж нам нь бус, намын удирдлагууд нь тооцсон учраас Мөнх-Оргилыг Сүхбаатар руу гүйлгэдэг болсон байж магадгүй. Тэгээд чих ирэх оны сонгуулиар Сүхбаатарынхан Будын оронд АН-ын нэр дэвшигч, “Монос” группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэгийг сонгож мэдмээр магадлал их байгааг МАН-ын удирдлагууд анзаарсан ч байж мэднэ. Дарьгангаас гадна Отгонтэнгэр хайрхан дүнхийж байдаг Завхан аймаг бас л сонгуульд биеэ сойгчдын хөлд дарагдаж эхлээд байна. Эцэг эх нь хоёулаа УИХ-ын гишүүн болсон рекордыг хүү нь мөн төрийн түшээ болсноор Гиннест бичигдэх шинэ амжилтын эзнээр мэлтийх санаархал НИК компанийн босс О.Содбилэгт төрөгдсөн нь нууц биш. Өнгөрөгч сард МАН-ын 90 жилийн ой тохиоход тэрбээр Завханы намын хороонд 20 сая янчааныг идэшний бяруу хаяж байгаа аятай төвөггүйхэн бэлэглэжээ. Содбилэгээс юундаа дутах вэ, Д.Балдан-Очир гишүүн бас 30 саяыг хандивласан аваас Нарантуулын босс Ш.Сайхансамбуу мөн 30 саяыг шидэв. Нэр дэвшигчийн картаас хэн хоцрохыг хүсэх вэ, Д.Оюунхорол гишүүн 17 сая төгрөг нэмэрлэж дээрээс нь “Ланд-100” жийп мялаасан байна. Малчдад “Монгол мал” гэдэг 50 тэрбум төгрөгийн бонустай хөтөлбөр бэлэглэж, тэдний талархлыг хүлээсэн Балдан-Очир гишүүн ирэх сонгуулиар ногоон гэрлээр дэвшиж таарна. Сайхансамбуугийн хувьд “Нэр дэвшүүлэхгүй бол гуйхгүй” гэж аархсан учир МАН-ын удирдлага түүнд виз өгөхгүй биз. Д.Оюунхорол гишүүний хувьд Содбилэгтэй уралдах эрсдэл байгаа. Дээрээс нь Ц.Цэрэнпунцаг гарьд МАН-аас нэр дэвших замаа засч Завханы намын хороонд 20 сая төгрөг хандивласан. Ардаа “Жем интернэшнл” хэмээх баян компанитай Цэрэнпунцаг парламентад бөхийн тоог нэгээр нэмэх бодол тээж яваа юм. Тиймдээ чиг төрж өссөн нутгаасаа нэр дэвшихээ илчилж өргөл барьц арвинхан хаячихаад хүлээж суугаа. Хэрэв Содбилэг, Цэрэнпунцаг хоёр 2012 оны сонгуульд Завханаас дэвшвэл Сайхансамбуу “Нарантуул” руугаа буцаж, Оюунхорол “Отгонтэнгэр” их сургуульдаа эргэж очно. Уг нь Завханд горьдлого тавигсад мөнгөтэй баячууд болохоор аль жийгдсэн нь жаахан харамсалтай л юм. Гэвч тэдэнд бусад тойргийг мөнгөөр зодоод авахаар бэнчин буй хойно сүртэй сандрахгүй сууж байгаа гэсэн шүү.
Эх сурвалж: "Алаг хорвоо" сонин
Сэтгэгдэл ( 0 )