Балжиннямын Пүрэвдорж
Б.Пүрэвдорж 1949 онд Завхан аймгийн Жаргалант суманд төржээ. 1976 онд УБДС-ийг багш мэргэжлээр төгссөн. 1976 оноос эхлэн зохиол бичиж “Хоёр сэтгэл”, “Хүний дайтай явахсан”, “Сайхан модны шивнээ” ном, “Даяанчийн хяслан”, “Могой боолт” роман хэвлүүлжээ. 1988 онд МЗЭ-ийн шагнал хүртжээ.
Нууцхан сэтгэл
Хонгор шувуухай минь чи өөртөө хамааралгүй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би чамайг бодохдоо нөхөрт гараагүй, гарсан ч амьдралаа цөхрөл гутралд хараахан оруулаагүй, тийм байдалд хүргэхээргүй ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй гэж бодож явдаг юм шүү дээ. Гоонь эрийн амьдралын өнгөнөөс болоод ийм бодолд хүлэгдэв үү, яав. Чи “Нөхөр маань нууц амрагтай болчихвол яах вэ” гэж хэлэхээсээ ч цэрвэсэн байхыг бодвол ийм амьдралаас үнэхээр айдаг юм байна. Нөхөр чинь ч юмуу, чи өөрөө нууц амрагтай харьцаж эхэлсэн бол хэрхэн яаж хандвал зохих талаар хоёулаа ярилцъя л даа. Олон үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нэгнээс цэрвэсэн нууцалсан сэтгэлийн дотно харьцааг “нууц амраг” гэдэг. Тийм амрагуудын тухай сэтгэл уярч, нулимс дуслам дуу байдаг даа. Хэрвээ чиний амьдралд зөрчил үүсэж, чи үнэхээр үүнийг сонирхож байгаа бол би чадах чинээгээрээ л чамд туслахыг хичэээлгүй яахав. Гэвч “Нүгэл нүглээс айсангүй, нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа. Аюул аюулаас айсангүй, аашны чинь сайханд арга ч үгүй автлаа даа” гэж хослон дуулж байгаа хоёрт хорсон атаархах гэдэг хэцүү л дээ. Бидний өмнөнь дахин дахин ярилцаж байсан хайр дурлал, гэр бүл, гэр бүлийн зөрчил болоод зохицлын нэг хэсэг энэ яах аргагүй мөн. Мөнөөх санамсаргүй гэрлэлт, тохиролцооны гэр бүлийн дунд мөнх оршиж ирсэн энэ харьцааг хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэн тэмцэх аль аль нь төвөгтэй гэдгийг чи ойлгох байх аа. Ихэнх бүсгүйчүүл нөхөрт гармагцаа түүнийгээ мөнгөний машин болгож, энхрийлэл халамжаар дутааж, амьдралаа ямар ч сонирхолгүй болгосноо өөрөө мэддэггүй, үүний нэгэн адил эрчүүл маань эхнэр авмагцаа өөрийнхөө эд хогшил, гэрийн үйлчлэгч, манаач мэт харьцаж эхэлдэг. Тийм байтлаа хэн нэгнийгээ гэрэл гэгээ, баяр жаргал руу тэмүүлмэгц учиргүй их сандарч, шуугиан дэгдээж, түүнийг нь хааж боох бүхий л аргыг эрж хайдаг. Энэ бол хань ижилдээ хайртайдаа биш, зүгээр л эдэлгээний морь шиг өөртөө байлгахыг хүссэн хүсэл, атаа хорсол гэж би дотроо бодож явдаг юм л даа. Миний энэ бодол чамд таалагдахгүй байгааг би ойлгож байнаа. “Үг хатуу ч явдалд тустай” гэдэг. Уучлаарай бүсгүй минь, чиний сэтгэлийн гутрал зовлонг даамжруулахыг би яахан хүсэх билээ. Чи нэгэнт л нууц амрагтай болсон нөхөртэйгөө яаж харьцахыг асууж байгаа бол хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Хэрвээ чамд тийм явдал тохиолдсон бол маш эерэгээр авч үзвэл чиний залууг тун дажгүй эр хүн юмаа гэж би бодож байна. Сайхан ургасан өвс ногоон дээгүүр хөл нүцгэн явж байхдаа ус хараагүй ч тэнд ус чийг байна гэдгийг мэднэ. Чи өвдөж шаналаагүй ч гэсэн битүү хатуу зовиур түгшүүр сэтгэлд чинь хургаад ирвэл би өвдөх нь ээ гэдгээ бас мэдэрнэ. Яг үүнтэй адил үл ойлгох, эргэлзээ төрөх байдлаар нөхрөө өөр эмэгтэйтэй дотно харьцаа үүсгээ юү дээ гэсэн түгшүүр сэтгэлд чинь ургах болно. Манай энэ яачихаа вэ, урьд нь ийм байгаагүй гэсэн мэдрэмж төрж эхэлнэ. Орой ажлаасаа ирээд чамтай хуучилж, маргааш юу хийх, хэнтэй уулзахаа илэн далангүй ярьдаг байсан бол ингэж ярих нь цөөрөөд, чамаас цэрвэсэн, сэтгэл нь зовиуртай ч юмуу, нэг юм нууцалсан байдалтай болно. Тухайн өдрүүдэд хэсэг хугацаанд юу хийсэн нь чамд тодорхойгүй. Энэ тухай асуухад маш авцалдаагүй хариулт хэлж, нөгөөх ойлгомжгүй ажил төрөлтэй нь хутгалдахыг чи ажиглаж болно. Чиний сайн мэдэх хайрладаг хүн гэнэт чамд ойлгомжгүй, заримдаа бүр танихгүй хүн шиг санагдана. Нөхөр чинь чамд шүүмжлэлтэй хандаж, үсээ тэгж засуул, наад хувцас хунараа хар гэж хэлж ч магадгүй. Нөхрийн чинь очих дуртай болсон газар хэн нэгэн найзынх нь ч юмуу, эсвэл зоогийн газар, зургийн үзэсгэлэн ярианд нь олон давтагдана. Тэнд очиж саатлаа гэж тайлбарлахыг оролдох байх. Хувцас өмсгөлдөө анхаарал тавьж өмнөхөөсөө арай л өөрөөр аяглаж аашлах нь чиний харцны хажуугаар өнгөрч чадна гэж үү. Хайр дурлал юмуу, ямар нэгэн сайхан эмэгтэйн тухай ярихдаа нүд нь сэргэх атлаа гэр бүлийнхээ тухай ярихад тээршээнэ. Нөхөр чинь гэртээ оройтож ирэх нь олширч ажил төрөл ихтэй байгаагаа байн байн учирлан ярина. Зарим эрчүүл эхнэртээ анхаарал тавьж байгаа дүр эсгэх явдал ч байдаг. Ихэнхдээ сэтгэл хангалуун, өөртөө итгэсэн баяр бахдалтай инээмсэглэл цалгиулан явааг чи ажиглаж болно. Энэ үеэс чиний гайхширал, нүдний үүл арилж бидний амьдралд ан цав үүсчээ гэдгийг зүрхээрээ мэдэнэ. Тэр үед яах вэ. Энэ бол үнэхээр чиний шийдвэрлэвэл зохих асуудал мөн. Үүний цаана чиний нэр төр, бахархал, үр хүүхдийн ирээдүй байгааг гэдгийг ухаалгаар бодох хэрэгтэй л дээ. Нөхөр маань яагаад өөр эмэгтэйг хүсэмжилтж болохгүй билээ. Би түүнийхээ санаанд хүрэхгүй байж тэр сайхан хүсэл мөрөөдөл, инээмсэглэлээс нь салгаж оюун санаагүй амьтан болгохын хэрэг юу байна. Дураараа л болог гэж бодох бүсгүй ер нь гарах болов уу. Уг нь ингэж бодох үнэхээр зөв ч гэлээ бүсгүйчүүл хэзээ ч ингэж бодож чаддаггүй, ихэнх хүүхнүүд өрсөлдөгчөө харахыг юу юунаас илүү хүсдэг. Хаана ажилладаг, ямар мэргэжилтэй, нас сүүдэр, хөөрхөн муухай гээд л бөөн бодол эрэлхийлэлд автдаг. Миний танил эмэгтэй нөхрийнхөө амраг хүүхнийг найз нөхдийнх нь хамт гэртээ урьж л дээ. Нөхөр нь сайхь эмэгтэйг маш энхрий дотноор харах мөртлөө түүнтэй бараг ярихгүй байхыг хичээж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа нь ойлгомжтой. Жирийн танил, хамт ажилладаг хүмүүсийн хэмжээнд ярилцаж, авгайдаа танилцуулжээ. Эхнэр ч мэдээж өрсөлдөгчөө сайн харж авалгүй яах вэ. Тэгэх л гэж энэ цайллагыг зохион байгуулсан юм хойно. Өөрөөс нь энхэрхэн, сэтгэл татам бүсгүйг хараад хор шар нь хөдөлж, хувийн өмчинд нь халдсан мэт, хуримын бөгжийг нь булааж авсан мэт санагдах нь мэдээж. Зочдыг босго давмагц л,
-Энэ бүсгүй чиний юу юм бэ. Амраг чинь юм биш үү. Учиргүй хайрлаж энхрийлсэн харцаар ширтэхийг чинь хараагүй гэж бодоо юу. Миний чих дүлийрч, нүд сохроогүй гээд л бууж өгч. Энэ ч аргагүй. Иймэрхүү дайралтаас эр хүн аль болохоор бултаж зайлахыг хичээлгүй яах вэ.
-Нэг муу гудамжны янхан, мөнгөний хүүхэн. Хүнээс илүү юу байгаа юм. Годойсон шар юм л байна. Муу өлөгчин чамайг даа ... гээд л эхнэрийн хор малтсан үг улам гүнзгийрэхэд эр хүн тэснэ гэж үү. Хайрлаж энхрийлж яваа бүсгүйгээ хүнд доромжлуулахыг хэн хүсэх билээ. Өмөөрөхөөс өөр аргагүй. Чи бод доо. Энэ эмэгтэй нөхрийнхөө сэтгэлдээ нууцалж нандигнаж яваа бүсгүйг нь гэртээ урьж өөртэйгөө зэрэгцүүлэн харуулах хэрэг байсан уу. Нууц амрагаа өмөөрч байгаа нөхрөө харах юу нь сайхан байх вэ дээ. Энэ бол дэндүү бодлогогүй, өөрийгөө хэтэрхий доор оруулсан үйлдэл байгаа биз. Ингэж болохгүй. Бүсгүй минь чи нөхрийнхөө дурлалт эмэгтэй рүү хичнээн л их довтолно төдийчинээ чамаас хөндийрч чамайг хайрлахаа болино. Чиний элдэвлэн аашлахаас зүрхшээж, сүүлдээ гэрээсээ хөндий амьдарч сурна. Эсвэл ганцаараа, эсвэл дурлалт бүсгүйтэйгээ цагаа нөхцөөхийг хүснэ. Энэ нь чамд яавч сайн зүйл биш нь ойлгомжтой. Чамд буруу өгөхийн аргагүй л дээ. Цэцэг жимс шиг залуу сайхан насаа түүндээ зориулж, бүхий л амьдралынхаа турш үнэнчээр зүтгэж, үр хүүхдийг нь өсгөж явахад яалаа гэж бусдын зүг хадуурав аа гэж бодоход чамд гомдолтой байгаа нь үнэн. Гэвч та ухаантай хүн учраас ямар нэг аюул заналхийлж байгааг дүгнэж цэгнэх нь чухал. Гэнэт автагдсан сэтгэлийн хөөрөл чинь учирсан хоёрыг амар тайван байлгахгүй байхыг л шаардах байх. Тиймээс ганцаараа үлдээд би тэдний амьдрал дурлалыг хөндөж заналхийлснээрээ юунд хүрэх вэ гэдгийг бодохыг хичээ. Нөхөр маань нууц амрагтай болж намайг доромжлолоо гэж бодохоосоо илүү би ямар алдаа хийв. Нөхрийгөө өөртөө хайртай байлгаж чадаагүйн учир юунд бана. Би хэр хайрлаж халамжилсан билээ гэдгээ мартдаг. Энэ зуур царай зүсээ арчлах, гоёлын хувцсаа тохируулах гээд л олон олон юмыг анхаарахаа больсон байдаг. Нэгэн хэвийн харьцаа, нэгэн хэвийн хоол унд, үс зүс орчиндоо ямар ч шинэ соргог мэдрэмж өгөхөө болино гэдгийг санадаггүй. Бас залуу бүсгүйчүүл үр хүүхэд төрүүлэхийн хүндээс ямагт залхдаг тул эр нөхрийнхөө хүсэл тачаалыг хааж боож байдаг. Энхрийлэл янаглалаас аль болох зайлж зугтаадаг. Ер нь нэг гэрт ороод арван жил болсноос хойш эр эм хоёрт ямар ч шинэ сонин юм байдаггүй. Ядаж л бага насныхаа тухай яриад дуусчихсан байх жишээтэй. Ингээд л байж байдаг юм гэсэн нэгэн хэвийн ойлголттой. Амьдралд нь ямар ч нууцлаг зүйлгүй болсон байна. Тэгтэл тодорхой хэмжээгээр нууцлаг зүйл үлдээх, бий болгох нь хэрэгтэй юмаа гэдгийг чи яваандаа мэдрэх болно. Энэ бол хэвийн соёлтой харьцаатай гэр бүлийн ерийн л төлөв. Нэлээд уйтгартай нь мэдээж. Гэтэл зарим эмэгтэйн нөхрөө үргэлж элдэвлэж, үгээр өдөн хатгаж, ямар ч бүсгүйчүүлтэй холбогдоогүй байхад нь хардаж загнах ч юмуу, бүтэх бүтэхгүй элдэв юм шаардаж бүр залхааж гүйцсэн байх жишээтэй. Нөхөрт маань надаас илүү сайхан эмэгтэй дайралдаж тэр жаргаж магадгүй гэдгийг огт төсөөлдөггүй. Яг л гэртээ тавьсан авдар сав, чихэндээ зүүж яваа ээмэг, бөгж шигээ бодно. Тэгвэл эр хүн ямагт сонирхолтой амьдрахыг хүсэж, хайраар дутаж явдаг. Чамд нэгэнт шинэ соргог, нууцлагзүйл үгүй болж ханиа ховстон татдаг увидасаа алдсан тул түүнийг хаа нэгтэйгээс хайж эхэлнэ. Түүнд буруу өгөхийн аргагүй. Эрвээхэй, зөгий хүртэл ганц цэцэгэн дээр суугаад байдаггүйтэй адил хорвоогоор дүүрэн цэцэгс найгаж байхад нэг нь илүү харагдаж түүнийг үнэрлэж илэхийг хүсэх нь буруу гэж үү. Надаас сайхан хүүхнүүд зөндөө олон. Тэд миний нөхөр рүү харц чулуудахыг би зогсоож чадахгүй гэдгээ чи аль эрт бодсон байх л учиртай. Ингэж чи дүгнэж цэгнэж чадваас өөртөө буруу өгөх хэрэгтэй болно. Хайртынхаа хүслийг ямагт мэдэрч, өөрийгөө болон амьдралаа өдөр бүхэн шинэ соргог үйлдлээр тэтгэж явах байжээ гэж ойлговол тун сайхан. Хэрвээ ийм сэтгэгдэл чамд төрдөгсөн бол нөхрийн чинь тэр түр зуурын сээтэгнэл чамд тийм ч хүнд хэцүү зүйл биш санагдана. Гэр бүлийн ийм зөрчлийг маш ухаалгаар залж хөтлөх эрх одоохондоо чамд байгаа гэдэгт бүрэн дүүрэн итгэж болно л доо. Гэвч “Дур өөрийгөө голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй” гэгчээр ямар ч бүсгүй хүн өөрийгөө голдоггүй. Би сайхан хүүхэн. Бусдаасаа юугаараа дутсан юм. түүнийг хайрлахаараа л нэг болсон. Энэ нөхөр жаргал даахгүй илүү харж намайг доромжиллоо гэж зэвүүцэх өшөө хорсолд автдаг л даа. Ийм эхнэрийн толгойд юу эс орох билээ. Би түүнээс юугаараа дордох юм. өрөвдөж тойлохоо больё. Өөр хүнтэй нөхцөж хариугаа авъя гэж бодон буруу замаар будуу тээх явдвал бий. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг шиг үүнийгээ ид халв болгож нөхөртөө зориуд мэдүүлнэ. Хэрвээ ийм үйлдлээр хайртыгаа буцааж авна гэвэл гэнэн мөрөөдөл гэж хэлмээр байна. Нөхөр чинь үнэнч байж чадаагүйдээ дотроо эмзэглэж, энэ нэг хачин эргүүлгээс яасхийн гаръя даа. Ханийнхаа сэтгэлд дэмий юм хийчихлээ гэж бодож, чамайг өрөвдөж хайрлаж явсан бол саяны чиний үйлдэл дайран дээр давс нэмнэ гэгчийн үлгэр болж “Ээ чааваас, ийм тэнэг амьтан байсан юмуу. Хохь нь. Тэгээд явж байг. Түүний төлөө харамсах хэрэггүй байж” гээд чиний хүлээснээс тун тайван мултрах боломж нээгдэх нь тэр. Энэ үйлдэл дэндүү явуургүйг чи ойлгосон байх аа... Тэгээд яах юм бэ. Хайрт нөхрөө өөр эмэгтэйг эрхлүүлж энхрийлж явааг мэдсэн мөртөө нүдэн балай, чихэн дүлий явах юмуу гэж бачимдаж байгаа биз дээ. Харин тэгээд яах вэ. Миний нэг танил эмэгтэй нөхрийнхөө болзоот хүүхнийг мэдэхээр барахгүй бүр ойртон танилцаж, ааш зан, биеэ яаж авч явдгийг нь гайгүй сайн мэдэхийг хүсч л дээ. Тэгээд л түүнтэй адилхан хувцаслаж, оо энгэсэг тавьж, цэх шулуун ихэмсэг алхааг нь хүртэл дууриах гэж хөглөсөн байна. Мөн тэр нууцлаг эмэгтэйг нөхрийг минь хаана урьдаг, ямар хоол хийж өгдөг гээд л олон олон зүйл чиний сонирхлыг татах нь мэдээж. Аягүй бол уран зургийн үзэсгэлэн үздэгийг нь мэдэж аваад бүтэн сайн өдөр нөхрөө гэртээ өнжих гэж байхад нь хоёулаа уран зургийн үзэсгэлэн үзье гэдэг ч юмуу, театрт оръё гэх байх л даа. Тэгэхэд нөхөр чинь яагаад хүн амруулахгүй байгаа юм бэ. Би явахгүй гэж хэлнэ байх. Чи надтай болохоор хамт явдаггүй. Түүнтэйгээ болохоор ... гэж битгий л хэлээрэй дээ. Тэгвэл нөхөр чинь шуудхан хувцаслаад л гараад явчихна. Нөхрийнхөө нууц амрагийг дууриах гэдэг үнэндээ шал дэмий жүжиг л дээ. Хэзээ ч чи түүний хэмжээнд хүрч чадахгүй. Нөхөр чинь ч хүлээж авахгүй. Тэгж хүний доог тохуу болсондорвол өөрийнхөөрөө л бай. Харин биеэ тордож сайхан хувцаслахыг хичээх нь зөв л дөө. Энэ бол чи өөрийгөө хувь хүн гэдгээ харуулах боломж юм. Магадгүй чиний нөхөр нууц амрагтай болсноороо чамаас шинэ юм олж харж зарим талаараа гэр бүлдээ илүү анхаарал тавьж болох л доо. Тэгэхээр чи сандраад гутраад байх хэрэггүй байгаа биз. Миний бодлоор ингэж элдэв ааш араншин хайж зовохын оронд дурлалт хосуудыг зүгээр л тайван орхиод үз. Юу ч болоогүй юм шиг. Чи юу ч олж сонсоогүй, хараагүй юм шиг бай. Шинэхэн амрагууд эхэндээ ямар ч зөрчилгүй янагшин дасаж байгаа ч гэсэн тэдний хооронд маргалдах, үл ойлголцох юм гарна. Тэр цагийг тэвчээртэй хүлээх нь хавьгүй дээр. Хайр дурлал, энхрийлэлд хэмжээ хязгаар байдаг гэдгийг чи санаж яваарай. Тэгэх тусмаа хамт амьдраагүй хоёрт гомдол цөхрөл, тунирхал, хардлага аль аль нь бий. Чи нөхрөө сайн ажиглаарай. Гэртээ урам муутай орж ирэх, хоолоо идэхгүй буруу харж хэвтэх ч юмуу, шөнө нойр нь хулжих байдал байн байн харагдвал хайрт хүүхэнтэйгээ муудалцсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Цаг хугацаа чиний өмнөөс бүхнийг хийчихжээ гэдэгт итгээрэй. Иймэрхүү харьцаа олон давтагдвал тэд хөндийрч эхэлж байна. Тэр бүсгүйд атаархахын хэрэг алга гэдэгтээ чи найдаж болно шүү. Тэдний дурлал ямар ч ахуй орчингүй зөвхөн сэтгэл, оюун санааны хийсвэрлэл тул чамаас хөндийрөхөөс ч амархан. Ийм үед чи хайрт ханиа зэмлэх биш, бүр цоо шинээр хандаж сэтгэлийг нь жолоодоод үзээрэй. Яг л анх танилцаж байсан шигээ тун эелдэгхэн энхрий байхад л хангалттай. Ингэж тэсвэрлэснээр хайр дурлалаа, амьдралаа аварсан олон тохиолдлыг ярьж болно л доо. Чи сонссон л байх. Эсвэл нөхрийнхөө дурлалт бүсгүйтэй ойр дотно нөхөрлөж, байн байн гэртээ урь. Эмэгтэйчүүд ойлголцохдоо амархан шүү дээ. Энэ хэдийгээр чамд хэцүү ч гэсэн чи санасандаа хүрэхийн тулд тэвчихээс яах вэ. Дурлалдаа шатсан гэнэн хонгор бүсгүй чиний урилгыг дуртайяа хүлээж авна. Яагаад гэвэл нөхөртэй чинь хамт байх боломжийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Нөхрөө орой ирэхэд нөгөө бүсгүйтэй нь байн байн л хамт хүлээж байхыг бод. Нөхөр чинь эхэндээ жаахан цэрвэсэн ч гэсэн дотроо дуртай байна. Заримдаа салхинд хамт гаръя гэдэг ч юмуу, аль болохоор ойр ойрхон уулзалдуулж хамт байхыг эрэлхийлж болно л доо. Чиний нөхөр эхэндээ дуртай байсан бол дараа нь гайхна. Яах гэж та хоёр дандаа хамт гүйгээд байгаа юм бэ гэж уцаарлах байх. Энэ бол сонирхол нь буурч байгаагийн илрэл. Чиний ялалт ойртож байна гэсэн үг. Тийнхүү нэгэн амралтын өдөр нөхрөө тун тавлаг сайхан байхад нь нөгөө бүсгүйгээ урих саналаа хэлээд үз.
-Чи намайг ганц өдөр амруулахгүй яах гээд байгаа хүн бэ. Энэ гэрт чинь заавал гадны хүн байх ёстой юмуу гэж илт дургүйцнэ.
-Чи тэр хүүхнийг харах дуртай биз дээ. Тэр чиний хувьд гадны хүн биш байхаа гэж хэлэхэд чинь,
-Сайхан дарсыг хүн өдөр бүр уугаад байвал амтыг нь мэдэрнэ гэж үү гэсэн маягийн үг хэрвээ нөхрийн чинь амнаас унавал чиний ялалт ирснийх. Одоо амьдралыг чинь хэн ч хөндөж чадахгүй. Амгалан тайван байж болно гэдэгт бүрэн итгээрэй. Энэ бол үнэхээр чиний тэсвэртэй ухаалаг байсны хүч, том ялалт юм шүү. Хонгор шувуухай минь бид нууц амрагтай болсон нөхөртэйгөө яаж харьцах вэ гэдэг дээр удаан тогтож ярилаа. Тэгвэл дурлалт хосыг салгах гэж яаран тэмцээд байх хэрэг байгаа юмуу. Нөхөр чинь яагаад өөрийнхөөрөө дурлаж, амьдарч болдоггүй юм бэ. Чи өөрөө санаанд нь хүртэл хайрлаж, хайрлуулж чадаагүй байж хүсэл мөрөөдлөөс нь салгах гэж зүтгэхийн хэрэг үнэхээр байна уу. Нууцаар ханилсан бүхэн ухаангүй мунхаг, нүгэлтнүүд гэж хараахан үнэлж болохгүй л дээ. “Үйлийн үртэй миний л амраг үглээд дуулах нь зэвүүн байна. Оонын хоёр эврийг ороож хүлж болдоггүй. Орчлон хорвоогийн жамыг онхиос мартаж болохгүй” гэсэн гүн ухааны олон сайхан үгс яруу найраг, нууц амрагуудыг өрөвдөж хайрласан бие биенээ эзэмдсэн ч эдэлж чадаагүй сэтгэлийн харуусалд нь уярч хайлсан байдаг. Тэгвэл чиний хайрт хүн өөр бүсгүйд сэтгэлийн жолоо алдсаныг нь элдвээр буруутгах хэрэг байгаа юмуу. Хэрвээ цаад бүсгүй нь нөхрийн чинь эд хөрөнгө болоод нэр төрийг ашиглах хорон муу санаа өвөрлөөгүй зүгээр л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар харилцан ханилсан бол өршөөн хайрламаар санагдаж болохгүй гэж үү. Чи нөхөртэйгөө түрүүлж дэр нэгтгэснээрээ л илүү эрх эдэлж байгаа болохоос биш, тэр бүсгүйн хайр сэтгэлийн дэргэд юу ч биш байж болно шүү дээ. Чиний хань ч, тэр мөнөөх үл таних бүсгүй үр ч ялгаагүй. Чиний амьдралын төлөө зүрхээ шархлуулж уйлж дуулж л яваа гэдгийг хэрвээ та тунгаан бодвол лав өрөвдөх байхаа. Үнэндээ бол чи нөхрөө эдэлгээний морь шиг дэргэдээ барьсаар л байгаа. Хэдийгээр сэтгэл гундуу болсон ч хааяа хоёулаа инээж, ярьж, амьдралаа зохицуулж, үе үехэн эрхэлж жаргаж л байгаа. Тэртэй тэргүй амьдралын бүх цаг хугацаа, эрх мэдэл, эд хөрөнгө чиний гарт чангаас чанга атгаастай байгаа. Чи үнэнхүү нөхөртөө хайртай л юм бол чиний замаас зайлж хаа холдох билээ дээ. Өвдөж зовохдоо ч чиний гарыг харж, чиний л халамжийг үгүйлнэ. Сүүдрээ дэрлэх цаг ирэхэд чиний л гарыг дэрлэж, хамгийн сүүлд чамайг дуудаж цөхрөлтэйхөн, бас гунигтайхан хараад бурхан болно. Энэ харц бол би чиний мэдэлд, зөвхөн чамд л байсан шүү, намайг өршөөгөөрэй гэсэн үг. Залуу халуун явах цагт нь түүний сэтгэлд хайртай дотно бүсгүй байсан байлаа ч, өвгөрч хөгшрөх, үхэх мөхөхийн цагт түүнийхээ барааг харах байтугай сураг ч сонсохгүй. Сонсохсон гэж ч сэтгэл сэмрэхгүй. Түүнийгээ мартъя гэж мартаагүй ч замын салхи аль хэдийнээ холдуулсан байх болно. Чи бол түүний цор ганц түшиг, цорын ганц хайрт нь мөн. Яагаад гэвэл чамайг л эхнэр минь болооч дээ гэж гуйсан. Өөр хэнийг ч биш. Нууц амрагаа хэзээ ч тэгж гуйц зүрхлээгүй гэдэгт чи итгээрэй... Тэгвэл салаа замын уулзварт учирч нөхөрт чинь дурласан бүсгүйд юу байгаа юм бэ. Чи бод доо. Нөхрийг чинь нууцхан энхрийлсэн сэтгэл, хамт байж чадаагүйн хясал гунигаас өөр юу ч байхгүй. Дурлаж хайрласан хүнээ эхнэрийнхээ хөнжилд байсаар байгааг мэдэрч, хүлээж, санаж, мөрөөдөхөөс өөр эрх мэдэлгүй яваа хүнийг чи жаргалтай эмэгтэй гэж арай ч хэлэхгүй байх аа. Залуу танхилхан явахдаа чиний нөхрийн сэтгэлийн гэгээ байсан тэр бүсгүйд өтөлж эмгэрэхийн цагт нь юу үлдэнэ гэж чи бодож байна. Гомдол цөхрөлөөс өөр гялайх ч юм үлдэхгүй. Насны төгсгөлд хайрлаж дурлаж явсан хүнийхээ толгойг түших байтугай, хөдөөлүүлж нутаглуулахад нь очиж нулимс унагах ч эрх түүнд байхгүй. Чи санаж байна уу. Санахгүй бол заавал олж уншаарай. Т.Драйзерын Женни Герхардт хатагтай хамгаас хайрт хүнийхээ ариун онгоны хайрцагт гар хүрэх байтугай, холоос харах эрхгүй үлддэг. Яг л ийм бйдаг даа. Энэ бол нууц амрагуудын эмгэнэл юм. Тэд зөвхөн сэтгэлээ дулаацуулж, сэтгэлээ хучиж явдаг хүмүүс. Тэгтэл сэтгэл гэдэг хичнээн хийсвэр билээ дээ. Ингээд бодохоор тэр хөөрхий дурлалт бүсгүйд биш, чамд атаархмаар байгаа биз. Чи юу гэж бодож байна... Энэ бүх ярианы дараа чи лав тайвширсан байх аа. Би тэгээсэй л гэж хүсэх юм. Учир шалтгааны холбоогүй юм орчлон ертөнцөд байхгүй болохоор та гурвын учрал, хувь заяа ийм л байсан биш үү. Одоо тэр эмэгтэй чиний өрсөлдөгч дайсан биш, харин чиний нэг тал, амьдралын чинь тусгал болсон байх гэж би найдаж байна. Тийм болохоор эмзэгхэн бүсгүй минь, мөнхийн үргэлжлэлгүй хааяахан уулзаж баясдаг хэдхэн хормынх нь төлөө тэгтлээ бухимдаж, оюун ухаанаа барж тэрсэлдэхийн хэрэг байж уу. Чи уужирч, уучилж сайн бодоорой л доо. Одоо чи нууц амрагтай болсон нөхөртэйгөө иймэрхүү өнгөөр харьцах юм байна гэдгийг ухаарч олон талаар эргэцүүлэхээр болсон гэдэгт би итгэж байна. Хэрвээ өөрөө нууц амрагтай болчихвол яах вэ гэж бодож байгаа байх л даа. Яг тэгж бодож байгаа. Чи бол их сониуч хүн. Би чамайг мэдэлгүй яахав. Бүсгүй минь хэрвээ чи нууц амрагтай болсон бол чиний амьдралын хариуцлага улам их болж, чи улам эрчимтай, илүү тэвчээртэй, ухаалаг байх хэрэгтэй болно гэсэн үг. Чи зөвхөн гэр бүлээ зохицуулж, үр хүүхэд, нөхөр ханийнхаа ээж байсан бол өөр нэг эрх танхил хүүтэй болсон гэж ойлгож болно. Түүнийг хайрлах маллах гэдэг хэдэн хүүхэд өсгөж өндийлгөхөөс ч хэцүү гэж л хэлэх байна... Өмнө нь ярилцсан нууц амрагуудын сэтгэлийн зовлон, хүсэл мөрөөдөл адил боловч эр хүн өөрийнхөө сэтгэлтэй хүүхнээсээ илүү ихийг шаарддаг. Юуны өмнө үнэнч байхыг, бас маш их анхаарал халамж хүсдэг. Тэр бүхэнд тэвчээр цаг гаргана гэдэг амаргүй. Тэгэвч чи өөрийнхөөрөө л түүнийгээ хайрлаарай. Сэтгэлээ, зүрхээ чагнаж байх хэрэгтэй. Хайртынхаа эхнэр, хүүхэдтэй орооцолдож, тэгэх тусмаа эхнэрийнх нь талаар сайн, муу ямар ч өнгөөр яриа өдөх хэрэггүй. Болж өгвөл асуугаад ч яахав. Эр хүн мөнөөх л өөртөө итгэлтэй, бардам зантай чанараараа хэдийгээр эхнэр нь олон юманд сэтгэлд нь үл хүрснээс болж чамтай холбогдож яваа ч түүнийгээ хүнд мэдүүлэх, хэлэх дургүй байдаг. Эр хүн хайрандаа шатаж явахдаа чамгүйгээр амьдарч чадахгүй. Хэзээ нэгэн цагт эхнэр хүүхдийнхээ амьдралыг зохицуулж байгаад чамайгаа авч сууна. Тогоогоо бариулж жаргана гэж хэлэх боловч тэр бүх энхрий санаа, үг нь гэртээ ормогцоо сарниж, эхнэрийнхээ царайг харах болно. Залуу танхил явахдаа эхнэртээ толгойгоо мэдүүлж эцэс хойноо толгойгоо түшүүлдэг гэдгийг би чамд хэлсэн. Түүнээс гадна эхнэр, гэр бүлийнх нь талаас чам руу ирэх гүтгэлэг, доромжлол, хараал зүхлийг чи бас л тэвчих болно. Эхнэрийнхээ үгэнд итгэхээс чиний үгэнд итгэх нь юу л бол. Одоо дахиад хэлье. Түүний хүлээсийг тийм ч амархан сулруулах боломжгүй л дээ. Өмнө нь чамд хэлсэн тэр олон ов мэхнээс эр хүн тийм ч амар гараад ирэхгүй нь мэдээж. Хайр нь үнэн ч, зориг нь мохоо байдаг юм. Ямар сайндаа л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үг гарах вэ дээ. Тийм болохоор түүнд нэг их найдлага тавьж, ихээхэн сэтгэлийн хүч горьдох нь илүүц биз ээ. Үнэхээр чиний амраг чамд хэрэгтэй, байж байх нь дээр санагдсан бол зөвхөн өөрийнхөөрөө хайрлаж, өөрөө зохицуулж, маш их тэвчээр гаргах хэрэгтэй болно л доо. Иймэрхүү өөх ч биш, булчирхай ч биш харьцаа чамд дэндүү утгагүй, уйтгартай санагдаж байгааг би ойлгож байна аа. Тэгэвч энэ нь яах аргагүй үнэн гэдгийг нууцлаад ч яах юм билээ дээ. Харин би чамдаа дотночлон хэлэхэд эхнэртэй хүний нууц амраг битгий болоорой. Би чамайг тэгж зовохыг чинь харж, сонсмооргүй байна. Атаа хорсол, муу хэл ам чамайг идэж, чи л шаналан зовохоос өөр хэн ч зовохгүй. Чиний амраг хархүү чамд хамаг сайхан бүхнийг амлаж, сэтгэлийг чинь нялхруулж энхрийлдэг ч гэсэн эцсийн эцэст эхнэр хүүхдэдээ л үлддэг. Түүний зүрх, чиний өвөрт байхдаа ч гэр бүлийнхээ төлөө цохилж байдаг юм. Энэ үнэн шүү. Ялдамхан бүсгүй минь, баяртай. Чамайг үнсье. Чи хувь заяагаа нууц амраггүй хөтлөхийг хичээгээрэй. Хувь тавилан чиний төрсөн одноос шалтгаантай хэдий ч хувь заяаны хэсэгхэн хормоо хүн өөрөө хөтлөх боломж байж болно. Нууц амрагийг ч адил...
Сэтгэгдэл ( 0 )