Төрийн соёрхолт Р.Чойном яруу найрагч, зураач, зохиолч, ая зохиогч, орчуулагч, сийлбэрч, барималч гээд тал бүрийн сод их авьяас цогцолсон нэгэн байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харин эрхэм зохиолчийн өвийг судлах “Өд” сангаас оны өмнөхөн “Сүмтэй будрын чулуу”, “Залуу нас”, “Кавказ аялгуу”, “Хориотой модны жимс”, “Хүн” роман тэргүүтэй есөн номыг оны өмнө дуудлагаар худалдсан билээ. Энэхүү сангийн тэргүүн Д.Ганболд яруу найрагчийн уран бүтээлээс олсон орлогыг нутаг оронд нь хандивлах зорилгоор уг дуудлага худалдааг зохион байгуулсан гэдэг. Тэр бүр олны өмнө харагдаад байдаггүй эл нууцлаг ноёнтон “Өд” санг байгуулах болсон нь ч их учиртай гэлцдэг юм билээ. Тэрбээр анх 2000 онд “Хорин нэгдүгээр зуун танаа” номоо худалдаанд гаргаж, “Болор цом” наадмын үүдэнд зарж зогсохдоо зохиолч, яруу найрагчдын зовлонг ойлгосон гэх. Ямар нэгэн харьяа байгууллага, тамга тэмдэггүй бол цаашдаа амжилт олох бололцоогүй гэдэг нь тодорхой байсан тул Д.Ганболд тэдэнд туслахаар шийдсэн аж.

Энэ ч утгаараа, тэр Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном агсны уран бүтээлийн өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, судлах зорилгоор “Өд” сан хэмээх төрийн бус байгууллагынхаа үүдийг нээжээ. Их зохиолчийн үнэн үгтэй, сэтгэлд нэгийг бодогдуулсан бүтээл юуг нь сонирхох хүн олон байдаг тул тэрбээр зөвхөн ном, товхимол гаргах бус уран бүтээлчидтэй хамтарч ажиллах тал дээр ч олон зүйлийг санаачилсан гэдэг. Тухайлбал, Р.Чойном агсны одоогоос 47 жилийн өмнө зохиож байсан “Намрын тухай бодол” шүлгийг Төрийн соёрхолт дуучин Д.Болд дуу болгох хүсэлт тавьсны дагуу “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд албан ёсны зөвшөөрөл олгосон гэнэ. Ийнхүү утга зохиолын салбарт багагүй хувь нэмэр оруулж яваа энэ эрхэм цаашид Р.Чойномын шүлэг, хөрөг зургаар ном гаргаж, баримтат кино хүртэл хийхээр төлөвлөж байгаа гэсэн шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )