2,5 тэрбумыг зарлагадсан “хэрэг”-ийг С.Ганбаатарт үүрүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

С.Ламбаа сайд бухимдалтай байна. Түүн рүү янз бүрийн дайралт чиглээд байгаа гэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх хэл амтай ажил эхэлчихсэн, зарим улс  төрчид түүний хариуцсан Эрүүл мэндийн салбарт төлөвлөсөн ажлууд урьдчилсан байдлаар дөнгөж 50 орчим хувийн биелэлттэй байна гэсэн нь эрхэм сайдыг бараг уйлуулах шахжээ. Тэгтэл бас хажуунаас нь Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар элдэв янзын юм яриад зүгээр суулгахгүй болсон байна. Гэхдээ С.Ламбаа сайд эрүүл мэндийн тухай хууль болон иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар тун завгүй яваа тул С.Ганбаатарын шүүмжлэлүүдийг хүлээн авахаас төвөгшөөж байгаа аж. Шүүмжлэлд нь авах юм бас тун ховор байсан бололтой. С.Ганбаатар С.Ламбаа сайдыг эрүүл мэндийн даатгалын сэдвээр халз мэтгэлзээнд хүртэл дуудсан. Сайд харин үүнийг нь хүлээж авсангүй. Яав гэтэл “Би элдэв өнгийн маргаанд оролцохыг хүсэхгүй байна. С.Ганбаатарын эсрэг мэдэгдэл гаргахад бэлэн байгаа. Гэхдээ гаргахгүй. Худлаа юм ярьж байгаа хүнтэй юу ярих вэ” гээд гэдийгээд суучихжээ. Харин С.Ганбаатар түүний хариуцсан салбарт “Даатгалын систем хангалтгүй, Өвчтөн зөвхөн оношлогоонд гэхэд 30 мянган төгрөг төлснөөр улс хэмжээнд нэг их наяд төгрөг зарцуулах болсон нь дэндүү үрэлгэн зүйл” гэсэн байна. Ийм хэмжээний мөнгийг эрүүл мэндийн даатгалаас гаргах болж л дээ. С.Ганбаатар ийнхүү үүнийг нь зөвшөөрөөгүйгээс болж тэд маргалдаж эхэлжээ. С.Ламбаа сайд нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “С.Ганбаатар юмаа мэдэж ярих хэрэгтэй. Юм уншдаггүй нөхөр байна л даа. Юу ч мэддэггүй юм байна” гээд тэрхүү хэрүүлийн алим болоод байгаа даатгалын 30 мянган төгрөгийг төлбөрийн чадваргүй хүмүүст зориулж даатгалын сангаас гаргахаар болсоноо өчив. Хэдийгээр энэ нь халамжийн эдийн засгийн нэг жижигхэн хэлбэр боловч  одоохондоо ядуу зүдүүхэн амь зогоож яваа хүмүүст бол буяны хишиг болох нь гарцаагүй болов уу. Мөн С.Ганбаатарын яриад байгаа шиг нэг хүн 12 удаа шинжилгээ хийлгэдэггүй ажээ. Шээс, цус, био химийн шинжилгээг хамтад нь нэг л удаа 30 мянган төгрөгөөр хийж байгааг С.Ламбаа сайд ундууцан тайлбарлахдаа “С.Ганбаатар ер нь ард түмнийхээ эсрэг дуугараад байна” гэлээ. Энэ хоёр эрхмийн хэрүүл үүгээр дуусахгүй бололтой. Төсвийн хөрөнгийг хэтрүүлсэн гэж С.Ганбаатар С.Ламбаа руу дайрахад цаадах нь “Тэгж яривал чиний л дунд нь ороод ажиллаж байгаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хэний ч зөвшөөрөлгүйгээр 2,5 тэрбум төгрөг илүү зарцуулсан шүү дээ” гэж  хэдэрлэв. Ийнхүү маргалдагч хоёрын аль нэг талд зогсож эдгээр яригдсан асуудлуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт хийхийг хүссэнгүй. Тийм ёс зүй сэтгүүлчдэд байхгүй. Харин тэд телевизийн камерийн өмнө, эфирт мэтгэлцсэнгүй. Хэн хэн нь хэвлэлүүдээр дамжуулан үгээ хэлцгээж байна. Маргаан үргэлжилсээр байх бололтой Энэ удаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан эрүүл мэндийн салбарынхаа ажлаар тааруухан үнэлгээ аваад яваа С.Ламбаа сайд С.Ганбаатарыг “Яллаж” өөртөө овоо хэдэн “оноо” цуглуулах шиг боллоо.


Х.Золбоо. Zindaa.mn

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top