Дайнд мордох 850 цэргийн өмнөөс: Лалын ертөнц Монголд алан хядлага үйлдэхэд Ерөнхий командлагч та бэлэн үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Монгол цэрэг дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг болсоор 10 жилийг ардаа орхиж байна. Өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар ч хүнд хэцүүг туулахад туршлагажсан цэрэг эрчүүдтэй болжээ. Бахархалтай.
Манай хөвгүүд анх Сьерра-Леонд энхийг сахиулахаар очиж байлаа. Дараа нь Чад, Ирак, Афганистанд НҮБ-ын мандаттай ажилласан. Одоо ч Афганистан руу явцгааж байна. Өөрөөр хэлбэл Монгол цэрэг дэлхийд нэгэнт танигдаж, үнэлэгджээ. Монголыг дэлхийн бөмбөрцөгийн хаана байдаг, ямар улс болохыг мэддэггүй шахам байсан дэлхийн олон үндэстнүүд манай энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудаас сайтар мэддэг, Чингисийн үр сад гэдгээр нь бахархдаг болсон байна. Хэдэн жилийн өмнө Афганистанд анх очсон Монголын их буучдыг тэндэхийн Монгол угсаатан хазарууд хараад их л сэтгэл нь догдлон тосч уулзаж байсан гэдэг. Ингэхдээ эрх баригчдаасаа нууц далдуур уулзан Чингис хааны тухай ярьцгааж, Монгол үндэстэн гэдгээрээ бахархаж байв. Их хааны үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий хэмээн тэд одоо ч Монгол руу цуварч байгаа. Өөрөөр хэлбэл манайхан очсон газар бүрдээ монгол туургатнуудтайгаа дотносож байна.
НҮБ-ын мандаттайгаар үүрэг гүйцэтгэх нь нэг талаар нэр хүндтэй ч эрсдэл дагуулах сөрөг зүйл ихтэй гэдэг нь ажиглагдаж байна. Иракийн дайны дараахан Монгол цэргүүд Европын холбооны улсын цэргүүдтэй нэг хуаранд үүрэг гүйцэтгэхдээ буун дуу тасралтгүй сонсож, заримдаа бяцхан мөргөлдөөнийг ч зохицуулахаас өөр аргагүйд хүрч байлаа. Нэг бус удаа бөмбөгний дэлбэрэлтээс манай цэргүүд хөнгөн шархдаж байв. Цэргийн сэтгүүлчээр ажиллаж байсан нэгэн залуугийн шарх хожим Монголдоо ирээд ч гүйцэд эдгэхгүй үрэвсэж, хэдэн жил эмнэлэг болгоныг дамжиж эмчлүүлсэн байна.
Чад улсад мөн байдал төвөгтэй, бууны суман дор манай цэргүүд үүрэг гүйцэтгэж байв. Угийн эр зоригтой, тэсвэр тэвчээр сайтайгаа дэлхийд ийнхүү таниулсан болохоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Буш Монголд айлчлах үеэрээ энхийг сахиулагчдад халуун баяр хүргэж байсан удаатай.
Одоо Латин Америк, Африк, Ойрхи Дорнодод цэрэг-улс төрийн байдал төвөгтэй боллоо. Ливи, Египет, Сири, Судан гээд олон оронд үймээн самуун дэгдэж, НАТО-гийн цэргийн хүчин хүртэл эдгээрт татагдан орж байна. Америк, Францчууд зарим газар байлдааны нисэх онгоцоо хөөргөн, бөмбөг мултлав. Тэд лалын хэт даврагчид бүх дэлхий ертөнцтэй нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахад бэлэн байна. Лалын шашинтнууд шинэ дайны галыг асаахаа нуухгүй байгаа.
Манай хойд хөршид нисэх онгоцны буудлыг дэлбэлэхэд тэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Ер нь Оросууд аль эртнээс, бүр Чеченийн дайнаас эхлээд лалынхны цөсийг хөөргөж орхисон түүхтэй. Уулын Чеченьчүүд дээр үеэс тусгаар оршихыг хүсч байсан. Сүүлдээ 1990-ээд оны эхээр хоёр удаа Оросуудтай томоохон дайн хийж, арга буюу ялагдал хүлээсэн боловч өс хонзон өвөрлөсөн хэвээрээ байна. Одоо тэднийг лалын босогчид дэмжиж, ил, далдуур санхүүжүүлж байгаа.  Өшөө авалт гэдэг ямар аймшигтайг Оросын жирийн иргэд сайтар ойлгож байна. Чеченьд баривчлагдсан орос цэргүүд хуруу гар, чих, хамраа амьдаараа тайруулж буй дүрс бичлэгээ ар гэрийнхэндээ хүчээр илгээлгэн “Биднийг эндээс, ийм дансанд төдөн мянган доллар хийгээд бушуухан гаргаж аваарай” гэж байлаа. Оросын тагнуулын байгууллага эдгээр бүх дүрс бичлэгүүдийг нэгтгэн тусгай үүрэг гүйцэтгэгч дайчиддаа үзүүлэн чеченьчуүүдийн эсрэг ирлэж, зоригжуулж байсан юм.
 Энэ гашуун түүх одоо ч давтагдахад бэлэн байна. Лалынхан дэндүү нууцлаг, хүчирхэг болсоор ажээ. Монгол цэргийг тэд сайн мэддэг боллоо. Байлдаж чадах, үхэж ч чадах эрэмгий улс гэдгийг илүү сайн ойлгосон байх. Ойрхи Дорнод юм уу, Африкт яваа манай цэргүүд лалынхантай нүүр тулах бол энүүхэнд. Саяхан НҮБ-аас манай улсад хүсэлт ирүүлсэн байна. Дэлхийн халуун цэгийн нэг болоод байгаа Кот-д Идуарт энхийг сахиулахаар 850 хүнтэй батальон илгээгээч гэжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар энэ асуудлаар хуралдаад ийм хэмжээний цэргийг тийш нь явуулах боломжтой хэмээн хариу өгөв. Удахгүй НҮБ-аас эцсийн шийдвэрээ гаргаж манайд ирүүлбэл Монголын батальон дайнд мордох болоод байна. Энд мөн л лалынхан “ноёрхож” байгаа. Чингисийн Монгол цэрэг ирнэ гэдгийг тэд аль хэдийнэ сонсоод сууж байгаа байх. Магадгүй хэзээ нэгэн цагт НҮБ-тай дайн зарлахдаа Монгол цэрэгтэй нь хамт хүйс тэмтэрч устгана гэж тооцоолж  байж болох юм.
Муу ёрлож үүнийг хэлээд байгаа хэрэг биш. Терреорист халдлагыг лалынхан хаана ч хамаагүй хийдэг л байхгүй юу. Цохилтыг хэзээ  хийхээ дэндүү сайн мэднэ. Бид түүнийг нь гадаад мэдээгээр яг л кино шиг үздэг биз дээ. Тэгвэл манайхан ийм эрсдэлд бэлэн байгаа билүү. Энхийг сахиулагчид бол өөр хэрэг. Тэд тусгай үүрэг биелүүлж яваа тул шаардлага тулгарвал НҮБ-ын шийдвэрээр үхэлтэй нүүр тулахаас эмээх эрхгүй тангараг өргөсөн эр цэрэг. Харин Монгол цэргийг мохоох ч юм уу, НҮБ, Монголын хоорондын гэрээ хэлэлцээрүүдийг бут цохих үүднээс алан хядах ажиллагааг эх оронд маань хийж болзошгүй. Ийм тохиолдолд энхийг сахиулагч цэрэг эрс эрсдэл хүлээх нь үүний дэргэд нь бараг юу ч биш болж болох юм. Цэнхэр дуулгат хөвгүүдийг тэжээж, тэтгэж, мэргэшүүлж байгаагийн гол учир утга нь хэрэгцээтэй цагт амиараа ч хамаагүй энх тайвныг хамгаал, гэхдээ эхлээд цэргийн түрэмгийллийн байдлыг ажигла, дайны талбараас жирийн иргэдийг хамгаалж холдуул, хөнөөл тарьсан цэгүүдийн ядарч туйлдсан гэмгүй номхон ардуудад тусламжийн бараа, хоол хүнсийг саадгүй хүргэхэд оролц гэдэг.  Цагийн байдал хүндэрвэл мэдээж ямарч эрсдлийн өмнө нүд халтирч, нуруу бөхийх ёсгүй хүмүүс юм.  Гэвч аливаа эрсдэл, үхэл хагацлыг үүрэх тэднийхээ төлөө төр засаг, түмэн олон маань юу хийж чадах вэ гэдгийг бодох л хэрэгтэй байх. Түүнчлэн хэтэрхий давраад байгаа лалын ертөнцийн болзошгүй түрэмгийллээс бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Нэг л өглөө төрийн ордон юм уу, эсвэл хамгийн олон хүн цугладаг үйлдвэр, нисэх буудал зэргийн аль нэгийг дэлбэлвэл манай дарга нар Оросын Ерөнхий сайд Путин шиг “Хариу арга хэмжээг заавал авна” гээд зогсож байх уу. Хариу арга хэмжээгээ тэгээд ямар хүч, хэрэгслэлээр авах вэ. Дахиад хоёр, гурван батальон илгээх үү. Цөөн хүнтэй манай улсын гол хүч болсон энхийг сахиулагчид гадаадад үүрэг гүйцэтгэж байх хооронд ийм явдал болбол бүр хүндээр тусах байх. Энэ мэтээр бодох юм их байна аа. Лалын эсрэг хамаагүй өрвөгнөөд Оросуудын адил өөрсөд дээрээ гал дуудахгүйн тулд энх тайвныг илүү ихээр сурталчлах, ойлгуулахыг хичээх нь зөв болов уу. Энхийг сахиулагч нартаа улс хоорондын дипломат харилцаа гэхээсээ илүү иргэд хоорондын дипломат харилцааны ид шидийг сайтар ухааруулан НҮБ-ын үүргийг гүйцэтгүүлэх хэрэгтэй биз. Ер нь лалын зэвсэгт дайчдын өмнөөс Монгол цэргүүдээр буу шагайлгаад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр хэр оновчтой вэ. Лалын шашинт  хүмүүнийг хүн ёсоор нь үзэж, харилцаж чадвал хөнөөл холуур тойрч таарна. Үүнийг иргэний дипломат харилцааны давуу чанар гэдэг.  Сүүлийн үед лалынхан цөөхүүлээ ч гэсэн нэгэнт чадваржиж, хүчирхэг болж буй Чингисийн Монголыг давхар дарж авахын тулд эх нутагт нь түрэмгийлэх магадлалтай нь ажиглагдсан тул ийнхүү “зовлон” тоочоод байгаа хэрэг шүү дээ.


Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
odnoo(203.236.27.250) 2013 оны 05 сарын 03

Vgvi yahav tsoohon toonii hazaragi mongol hvmvvs bna bvh hazaruud mongol bish gehdee tsoohon hesegen mongol hvmvvs bna sain shalgaj mongold oruul

0  |  0
Top