Авлигын хэрэгтнүүдээ хаацайлдаг “Рио Тинто”-д манай дарга нар баяр хүргэж нулимс дуслуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

    

Монголчуудын долигонуур, зусарч муухай зан чанар хэзээ арилах юм бол оо. Долигоноход хэмжээ хязгаар баймаар юм. Хүндэтгэл бол харин шаал өөр. Эрдэм, чадвар төгс хүмүүсээ дээдлэн шүтэх нь эртнээс бидэнд уламжлан үлдсэн сэтгэл, оюуны нандин зүйл юм. Харамсалтай нь энэ сайхан бүхэн маань гээгдсээр байна. Гадаадаас ирсэн л бол буг чөтгөр ч бай хамаагүй навсалзаад л гүйцгээнэ. Харийн гүрний хэн ч биш амьтныг бурханчилж, сөгдөн мөргөх нь холгүй аашилна. Сүүлийн жилүүдэд Америк Англи гээд олон орны эрх ашиг Монгол руу чиглэх боллоо. Английн томоохон компани “Рио Тинто” ороод ирчихсэн Оюу толгойн бүтээн байгуулалтыг хийлцэж байна. “Айвенхо майнз”-тай хувь эзэмшил дээрээ хэсэг маргаж, олон улсын шүүхээр хүртэл зарга үүсгэн явсаар санасандаа хүрэв. Тэд одоо “Айвенхоу майнз”-ын 43 хувийг аваад байна. Уул уурхайн технологийн хувьд “Рио Тинто” дэлхийд гайхуулж байгаа нь үнэн юм билээ. Австралид алт олдворлолтоор хэрхэн ажиллаж байгааг нь манай хэсэг мэргэжилтнүүд очиж үзээд бишрэхээс аргагүй байна гэсээр ирцгээсэн. Ер нь тус компани дэлхийд нэр хүндээ алдаагүй байгаа. Төмөрийн хүдэр баяжуулах, төмөрлөгийн үйлдвэрлэл явуулах талаараа бол бүр гаргууд гэнэ лээ. Дэлхийн төмөр боловсруулалтыг гартаа атгасан гуравхан том компаний нэг тул аргагүй биз.  Саяхан Гвиней улсын Симандогийн төмрийн хүдрийн асар их нөөцтэй ордыг  700 сая ам доллар төлж эзэмшихээр болсон. Энэ талаар Гвинейн  Засгийн Газартай багагүй маргаан үүссэн ч тэд тус улсад 35 хувийг нь өгөөд өөрсдөө бусдыг нь хамж авахаар боллоо. Тус компанид манайхаас анх ИЗ-НН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун инженерээр ажиллаж байсан гэдэг. Тиймээс “Рио Тинто”-гийнхон Монголд ирээд С.Оюуныг бүх талаар дэмжиж, түшиж ажилласан гэх яриа бий. Үнэн болов уу. С.Оюуны удирддаг “С.Зориг сан”-гаас эхлээд намыг нь хүртэл санхүүгийн талаар тэтгэдэг гэсэн. Гэхдээ ингэлээ гээд Монголын томчууд энэ компанийг баастай бурхан мэтээр төсөөлж, юу л хийнэ алгаа хорстол ташаад байх нь зохимжгүй. Тэгээд ч “Рио Тинто” жинхэнэ  шударга бизнес эрхэлдэг эсэх эргэлзээтэй байгаа. Учир нь өнгөрсөн намар тэдний хятад, англи хоёр менежер Бээжинд ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдсон байсан. Хэргийг  нь Хятадын хууль хяналтынхан хэрхэн шийдсэнийг Бээжингээс огт мэдээлээгүй нь бас сонин. “Рио Тинто” ч одоо болтол таг чиг байгаа. Хятадууд авлигын хэрэг дээр манайхан шиг хөгийн хандаж, новширдоггүй. Маш чанд хатуу ажилладаг. Монголд бол авлига хавтгайдаа байгаа тул “Рио Тинто”-гийнхон хэнийг, хэдэн төгрөгөөр, юуны төлөө хөдөлгийг харин бид огт мэддэггүй. Авлигатай тэмцэх газар, тагнуулынхан иймэрхүү хэргийг таг нуугаад өнгөрдөг байж болох л юм. Долигонуур зан нь ихээхэн нөлөөлдөг байхаа, тэдэнд. Саяхан “Рио Тинто” Лондонгийн олимпыг ивээн тэтгэх Английн цөөхөн хэдэн компаниудынхаа нэгээр тодорлоо. Манай долингор дарга нар яасан гэж бодно. Нүүр улаймаар юм боллоо. Баяр хүргэцгээж, зарим нь тэдний өмнөөс нулимс дуслуулах нь холгүй юм болж байна. Болиоч дээ. Жаахан ч гэсэн юм үзсэн хүн шиг байцгаая л даа. “Рио Тинто” бол манай алт, зэсээр баяжиж байгаа компани шүү дээ. Аливаа бизнес хатуугаас хатуу өрсөлдөөн байдаг. Ашгийн төлөө хэнийг ч хайрлахгүй “Алтан дүрэм”-тэй. Эрт дээр үеэсээ Англичууд колонийн системийг Азийн олон оронд сүндэрлүүлж, хүнээр юм хийлгэх, хөдөлмөрийг хэрхэн мөлжих, баялгийг яаж хусахаа дэндүү сайн чаддаг болсон улс. “Рио Тинто” яг ийм уламжлалаараа дэлхийн төмөрийн баялгийг атгаж, одоо монголчуудын алт, зэс, төмөр гээд аль үнэ цэнтэй бүхэн дээр сандайлаад сууж байна. Лондонгийн олимпыг ивээн тэтгэсэнд нь монголчууд хөөрцөглөөд байх юм ердөө ч байхгүй. Нулимсаа барьж ядан баяр хүргэхийн оронд харин баялгийн эзэн, зовхи нь өөдөө Чингисийн үр сад шиг ихэмсэг байж, албаны дипломат ёс заншлаар харилцах учиртай юмсан. Юм үзсэн, юмтай хүн шиг байж, ямар ч бизнесийн эрх ашгийн өмнө оноо алдаж хөглөхгүйг хичээхсэн дээ, дарга нар минь.
Х.Тулга. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top