-Монголчууд хүнтэй уулзахдаа нутаг усыг нь асуудаг сайхан заншилтай. Та аль нутгийн хүн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрөөд багадаа Улаанбаатар хотод орж ирсэн. Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийн долдугаар ангийг төгсөөд Хүн эмнэлгийн техникумд орж суралцсан. 1969 онд АУДС-д орж суралцаад 1975 онд анхны зургаан жилээр төгссөн юм.
-Тэгээд ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Хоёрдугаар төрөхөд эх барих эмчээр ажилласан. Энэ хугацаанд ойролцоогоор 4000 гаруй хүүхэд эх барьж авч, олон эхчүүдэд анхны тусламж үзүүлсэн. Дээр нь 600 гаруй хагалгааны багт орж ажилласан. Эмчийнхээ ажлын хажуугаар 5 жил Үйлдвэрчний хорооны даргаар ажилласан. Түүнчлэн залуу эмч нарыг дагалдуулан сургаж, шинээр төгсч ирсэн эмч нарт эх барихын арга техникээс зааж өгдөг байлаа. Тэр үед хоёрдугаар төрөхийн зөвлөх эмчээр Ардын эмч Жав ажиллаж байсан. Ер нь тухайн үед хамт ажиллаж байсан туршлагатай эмч нар бүгд л бидэнд их зүйлийг сургахын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг байсан. Энэ харамгүй зөвөлгөө биднийг өдий зэрэгтэй эмч болоход нөлөөлсөн гэж боддог. Тиймдээ ч Жав багшийнхаа хүчинд асар их зүйлт сурч ажилдаа хэрэгжүүлсэндээ баяртай байдаг. Энэ үүднээс шаардлага өндөртэй газар ажиллах ажлын гологдол, дутагдал гаргахгүй байхад түлхэц болж өгдөг юм билээ. Бас эх барих эмэгтэйчүүдийн Сүхээ эмчийг мэс ажилбарт олон удаа дагалдаж нэлээд зүйлд суралцсан.
-Таны үед эмч нарыг гадаад, дотоодод сургаж мэргэшүүлдэг байсан шүү дээ?
-Тийм ээ. Би 1980 онд дотооддоо гурван сарын мэргэжил дээшлүүлэх курс, 1990 онд ДЭМБ-ын шугамаар Чехославак улсад мэргэжил дээшлүүлсэн. Мөн Польшид ажиллаж байсан. Дараа жилээс нөхөр маань Москвад худалдаанд ажиллаж байсан учраас мөн би тэнд гурван жил ажилласан. Ирээд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар амбулаторт эмэгтэйчүүдийн их эмчээр ажилласан. Харин одоо тэтгэвэртээ гараад “Цоз-Т” эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байна. Манай эмнэлгийн эрхлэгч Т.Арилаа гэж ажилсаг хүн бий.
-Эмч хүний буяныг юутай ч зүйрлэшгүй. Таны хувьд эмч хүний буян хийгээд аз жаргалын тухайд юу хэлэх вэ?
-Өвчтөн маань эрүүл болоод ,хүүхдийг нь эх барьж аваад ээжид нь тэврүүлж байх агшин миний хамгийн аз жаргалтай мөч. Тийм учраас би эмч тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн эмч болсондоо маш их сэтгэл дүүрэн явдаг. Эцэст нь нийт мэргэжил нэгт нөхөддөө хандаж хүний эрүүл мэндийн төлөө зүтгэх шиг сайхан зүйл байхгүй шүү гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )