Мөнх тэнгэрийн хүчин доор Энхэд орших Монгол мину... гэж эхлээд ...Цэвэр ичимтгий охид мину Цэгц шударга нөхөд мину... гэж өрнөн ... Хойчийг залгах үрсийн минь Хожмын зам нь цагаан байг ээ гэж өндөрлөх “Хурай Хурай Хурай” бүтээл бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд зохиомжилсон, “сайн учир тохиолын бэлэг зохиож, сайхан үг хэлэх ёс төр” бүхий Монгол ерөөлийн нэгэн төрөл билээ. Монгол ардын аман зохиолын нэгэн хэлбэр төдийгүй орчин цагийн шинэлэг уран бүтээл болох “Хурай Хурай Хурай” бүтээлийн санааг анх продюсер Томоо олсоноор үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Г.Онон болон бусад уран бүтээлчидтэй хамтран дуулсан байна. Дэлгэр ерөөлийн төрөлд багтааж болох энэхүү бүтээл эртнээс нааш бие биедээ “үгийн сайхнаар ерөөл өргөж, сэтгэлийн сайхнаар бэлэг барьдаг” цагаахан уламжлал бүхий Монголын ард түмний бүхий л хүсэл зорилгыг нэг тийш чиглүүлж өгсөнөөрөө онцлогтой болжээ.
Аль эрт магтагдан, устах шахсан нүүдэлчдийн язгуур хөгжмүүдийг сэргээж, шинэ түвшинд гаргаж ирээд зогсохгүй орчин цагийн Монголын урлагийг дэлхийн тавцанд сурталчилж буй “Ертөнц” цомгийн гавъяа цаашид Монгол соёлыг дэлгэрүүлэх үйлсэд чиглэж байгаа нь талархууштай. Уултай, устай, салхитай, талтай бүхэл цогц гайхамшигт “Ертөнц”-ийг урлан бүтээхдээ зориуд араас нь хурайлж, ерөөсөн нь уран бүтээлчдийн өөр нэгэн гавъяа юм. Үүгээрээ Монгол ардын аман зохиол гэх агуу баялаг ертөнцөөс дээжлэн, Монгол хүн бүрийн хувьд хэрэглээ болоосой хэмээх эрхэм санааг шигтгэсэн байгааг анзаарахгүй өнгөрч чадахгүй нь. Энэ бол “Ертөнц” цомгийг алдаршуулах баг нэгэн шалтгаан юм.
“Хурай Хурай Хурай” нь “уран үгсийн холбоогоор урссан, олон бичил, бэсрэг ерөөлийн нийлмэл цогц мэт, хэмжээний хувьд агуу дэлгэр, хүрээ цараа их, тухайлсан нэгэн сэдэвт захируулан олон сэдэв хамруулсан адилтгал, зүйрлэл, чимэглэл, ихэсгэл, багасгал, зэрэг үг хэлний уран яруу хэрэглүүр элбэг баян” зэрэг шинж чанаруудыг агуулсанаараа дэлгэр ерөөлийн төрөл боловч аяны төрх, хөгжмийн зэмсгийн оролцоотойгоороо магтаалын төрөлд ч дөхөж очиж болох юм.
Ямар ч гэсэн уран бүтээлчид “Ертөнц” цомгийнхоо сүүлийн аяз болгож туурвисан “Хурай Хурай Хурай” хэмээх бүтээлээрээ дамжуулан Монгол Ардын Аман зохиолын хамгийн том төлөөллийг орчин цагийн хэрэглээ болгож, дэлгэрүүлье хэмээх уриалгыг түгээж байна. Өлгөн авч, өргөн дэлгэрүүлэм энэ гэгээлэг уриалга хөгжмийн зохиолч Г.Ононгийн амар амгалангийн аялгуунд татагдаж буй хүн бүрт хүрч очсон нь нэн бахархалтай. Тийм ч болохоор "Монголчууд “амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг. Амьдрал дунд байдаг бүх зүйлээ ерөөдөг, магтдаг. Бие биендээ дандаа сайн үгийг хэлж, сайхан явахад нь тусалдаг. Тэгэхээр Хурай Хурай Хурай гэдэг энэ хөгжим Монгол хүн бүрийг амар амгалан, энх тунх амьдраасай гэсэн уран бүтээлчдийн чин хүсэл юм" хэмээн хөгжим судлаач доктор Д.Энхцэцэг үнэлсэн байдаг.
Өнгөрсөн ирээдүйн хооронд гүүр болон амьдрах бидний өвөг дээдэс, хойч үеийнхээ өмнө хүлээх эрхэмийн эрхэм үүрэг бол уламжлал, шинэчлэлийг эн тэнцүү дэлгэрүүлэн, хөгжүүлэх явдал ч байж болох юм. Магадгүй өнгөрсөнийг үгүйсгэх санаагүй та ч бас “Хурай Хурай Хурай”-гаас таалагдсан дөрвөн мөртөө тэмдэглээд авахад буруудах юун. Яахав хурим найран дээр хундаганы үг гэгч зүйл “ял” мэт санагдахаа болих ч юм бил үү. Энэ нь эргээд Монгол ерөөлийг дэлгэрүүлж, Монгол соёлыг хөгжүүлэх үйлсэд залуус бидний оруулж буй үнэтэй хувь нэмэр болох биз ээ.
Миний хувьд ...Цаг цагийн эрхэндээ цалгин бялхан дүүрэн явъя
Цайлган сэтгэлт Монголчуудын цаашдын зам нь цагаан байг ээ... гэдэг үгийг өмчлөн авлаа. Танд сонголт үлдсэн шүү.

Сэтгэгдэл ( 2 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай . дэлгэрэнгүйг 88226272
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай . дэлгэрэнгүйг 88226272