Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
НИЙТ 580.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭВ
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТАРИАЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖИВ
“Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн технологит ажлыг хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, арилжааны 7 банктай Санхүүжилтийн гэрээ байгуулсан. Арилжааны банкнаас 906 иргэн, аж ахуйн нэгжид 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 45 иргэн, аж ахуй нэгжид 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг олгосноор техник, технологийн шинэчлэл хийгдэж хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах ажлыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүллээ.
ТАРИАЛАНГИЙН ЭРГЭЛТИЙН ТАЛБАЙГ 11.8 МЯНГАН ГА-ГААР НЭМЭГДҮҮЛЭВ
Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2026 оны 176 дугаар тогтоолоор Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгуудад атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх шийдвэр гарч тариалангийн эргэлтийн талбайг 11.8 мянган га-аар нэмэгдүүллээ.
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд хэрэгжүүлсэнээр тэжээлийн таримлын тариалалт 2270 га-аар нэмэгдэж, нийт 778 малчин өрхийн хоршоо хамтын ажиллагааг дэмжиж, нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлөөр хангасан байна.
МЕХАНИКЖУУЛАЛТЫН ТҮВШИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭВ
Ургац хураалт, хадлан тэжэээл бэлтгэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулах, механикжуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 7.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудад нийт 85 трактор, 147 ширхэг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг нийлүүлсэнээр механикжуулалтын түвшинг 6 хувиар нэмэгдүүлэв.
1314 ШИРХЭГ ХҮЛЭМЖ ЗЭЭЛЭЭР ОЛГОВ
Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр 2 төрлийн нийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдлээ.
65.7 МЯНГАН ТОНН БОРДОО, 129.7 МЯНГАН ЛИТР УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС НИЙЛҮҮЛЖЭЭ
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ургамал ургалтын технологит хугацаанд 548 иргэн, аж ахуй нэгжид 14.5 тэрбум төгрөгийн 65.7 мянган тонн бордоо, 129.7 мянган литр ургамал хамгааллын бодисыг 34 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээс 30 хувийн урьдчилгаатай төлбөртэй дамжуулан олгосон.
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИД ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХЫГ ТҮР ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
ОХУ-ын 4 мужид үйл ажиллагаа явуулдаг 5 үйлдвэрээс баруун бүсийн Цагааннуур, Арцсуурь, Боршоо, төвийн бүсийн Алтанбулаг боомтоор 20.1 мянган тонн гурил импортолсон. Импортын баяжуулсан гурилын чанар аюулгүй байдалд холбогдох хууль, стандартын дагуу хяналт шалгалт хийхэд импортын мэдэгдэл авсан 59 аж ахуйн нэгжийн баяжуулсан гурил нь итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээр стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон тул импортын мэдэгдэл авах хүсэлтийг түр хугацаанд түдгэлзүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )