Мисс Б.Гантогоо Ханбогдын төлөө тэмцэх болов уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Монголын мисс Б.Гантогоо “Байгальд ээлтэй дэлхийн элч”-ээр тодорчээ. Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр тэрбээр дулаарлын эсрэг олон улсын чуулганд Монгол орноо төлөөлөн оролцож энэхүү нэр хүндтэй алдрын эзэн болсон аж. “Эрүүл аз жаргалтай хүүхэд” уриан доор долоо хоног үргэлжилсэн эл арга хэмжээний үеэр өнчин, ядууст туслах хүмүүнлэгийн ажил өрнөж, загварын үзүүлбэр болсон байна. Мумбай хотод болсон уг чуулганд Шведийн мисс Рината, Энэтхэгийн алдар цуутнууд ирж байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэжээ. Мисс Б. Гантогоо “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад хүн бүр чаддаг зүйлээ хийе. Эх дэлхийдээ эерэг, дулаан сэтгэлээр хандацгаая” хэмээн уриалжээ. Мисс Б.Гантогоо бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул иргэн юм. Одоо Өмнөговийн хөрс, тэр дундаа миссийн төрсөн нутаг Ханбогд сумын нутаг дэвсгэр хүнд цаадын машины хөлд талхлагдаж, тоос шороон дунд говийн иргэд амь дүйн өдөр хоногийг аргацааж байна. Байгалийн баялгаараа дэлхийд гайхагдсан Монголын говийн ард түмний амьдрал иймэрхүү байгаа нь мисс бүсгүйн сэтгэлд яажшуухан тусдаг юм бол. Дэлхийн элч болсон охиноо нутгийнаа газар шороо, байгаль дэлхийн төлөө тэмцэх байх гэж Ханбогдын ард түмэн хүлээж суугаа даа. Энэ том шагналыг өгөхдөө цаад хүмүүс нь ч гэсэн ийм л зүйл хүссэн байлгүй дээ.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top