Н.Алтанхуяг: Телевизийг хаах шийдвэрийг Засгийн газар гаргадаг юм биш

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Содбилэг “Бондын мөнгөөр хийх бүтээн байгуулалтад иргэдийн горьдлого их байна. Иймд 1,5 тэрбум энэ их бүтээн байгуулалтад зарцуулж хүрэх үү, яг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулж чадаж байна уу. Үндэсний тодорхой хэдэн компаниа дэмжиж байгаа юм байна уу. Компаниудын зүгээс төрөөс дэмжлэг байхгүй, өрийн сүлжээнд орж байгаа талаар ярьж байна. Телевизүүдийг хаагаагүй гэж байнгын хорооны хурал дээр та хэлж байсан үүнийг тодруулна уу” гэсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариултдаа “Бүтээн байгуулалт бондын болон төсвийн мөнгөөр хийгдэнэ. Өнөөдөр Тавантолгойн цахилгаан станцыг барихад эхний ээлжинд бондын мөнгөнөөс 50 сая ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ энэ мөнгө хүрэхгүй. Мөн гудамж төсөлд 200 сая ам.доллар, шинэ төмөр зам барихад эхний ээлжинд 200 сая ам.доллар зарцуулахаар байгаа. Ер нь нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг зарцуулна. Ноолуур боловсруулах чиглэлээр 95 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын компаниудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зориулан өгье гэж байгаа. Үнээний ферм байгуулах, оёдлын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг тодорхой салбаруудад бондын мөнгө өгнө. Харин бондын мөнгөний оролцоогүйгээр концесс буюу шалгарсан компани ТЭЦ-5-ыг босгоно. Нефть боловсруулах үйлдвэрийг японоос зээл авч хийнэ. Хөшигтийн хөндийн онгоцны буудал Японы засгийн газрын зээлээр босно. Өмнөх Засгийн газрын үед замын бүх тендерийг зарласан. Одоо нэг их саатаад байх зүйлгүй.

Бизнесийг, ялангуяа нефть бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудыг бүгдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгосон. Гэхдээ компаниуд зээлээ буцааж төлнө, төлөөд явж байгаа. Зарим үйлдвэрлэлийн импорт буурсан. Ялангуяа бензин шатахууны импорт эхний саруудад буурсан. Машины хөдөлгөөнийг зохицуулснаас бензиний хэрэглээ бага зэрэг багассан юм билээ.

Барилгын компаниудыг дэмжээд эхэлж байна. Замын-Үүдэд цемент оруулж ирэх асуудал дээр тодорхой шийдвэр гаргаж зөвхөн машинаар бус вагоноор цемент оруулж ирэхээр болсон. Ингэж хоёр урсгалтай болгосон учраас энэ асуудал шийдэгдээд явна. Ер нь бизнесийг мөнгө төгрөгөөр дэмжихээс илүүтэй бизнесийн хүнд суртал, бизнесийн чирэгдлийг шийдэж байгаа нь чухал юм. Засгийн газар телевизүүдийг хаах шийдвэр гаргадаггүй. Харилцаа холбооны зохицуулах хороо тодорхой хэмжээний үүрэг чиглэл өгөөд алдаа дутагдлаа засаад явж байгаа ” гэдгийг хэллээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moogii (94.109.59.195) 2013 оны 04 сарын 18

zow gej bodoj bn

0  |  0
Top