Ц.Товуусүрэн: Үндсэн хуулийг онцлохын учир хаант засагтай улсыг өөрчилж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласанд оршино

2024 оны 11 сарын 19

Үндсэн хуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэнг урьж ярилцлаа.


-Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Үндсэн хуулиа батлаад 100 жил өнгөрсөн байна. Үе үеийн Үндсэн хуулийн онцлог нь юу байв?

-Тийм ээ. Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ой удахгүй болно. Анхдугаар Үндсэн хуулийг онцолж буйн учир нь хаант засагтай улс байсныг түүгээр өөрчилж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласанд оршиж байгаа юм. Энэ Үндсэн хуулийн өмнөтгөл хэсэгт “Харъяат улсад Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулж, Да Жунтан хэмээх ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Их Хуралд ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газарт хадгалах” гэж дурдаад, уг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд ”Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж заажээ.

Түүнчлэн шашин төрийг зааглах, эвлэлдэн нэгдэх, үнэгүй боловсрол олгох, шүтэх, эс шүтэх эрхийг чөлөөтэй эдлүүлэх, угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй ялгаваргүй нэгэн адил эрх эдлэх зэрэг өнөөгийн хүний эрх, эрх чөлөөний үндэс суурийг тавьж өгснөөрөө энэ Үндсэн хууль чухал ач холбогдолтой.

Харин Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1940 оны Үндсэн хуулиар хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгосон нь онцлог юм. Энэхүү Үндсэн хуулиар газар, түүний хэвлий дэх баялаг, үйлдвэр, завод зэргийг улсын өмч байхаар заасан. Түүнчлэн шүүх, прокурорын газрын эрх зүйн үндэс, сонгуулийн журам, улсын орлого, зарлагын өөрөөр хэлбэл, төсвийн эрх зүйн үндэс, ард иргэний эрх, үүргийг тусгай бүлэгт хамааруулан тогтоосноороо ач холбогдолтой юм. 1940 оны Үндсэн хуульд  1941,1944,1949,1952,1955, 1956, 1957,1959 онуудад 10 гаруй удаа  өөрчлөлт оруулснаас 1949 оны өөрчлөлт ихээхэн чухал ач холбогдолтойд тооцогддог.  Олон шат бүхий  сонгуулийн ил санал хураалтын тогтолцооноос нууц санал хураалт бүхий шууд сонгуулийн  тогтолцоонд шилжих цоо шинэ алхмыг хийснээрээ түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийг авчирсан юм.

Тэгвэл Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1960 оны Үндсэн хуулиар төрийн эдийн засгийн үндсэн зарчим ба үүргийг тодорхойлж, тус улсыг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох зорилт дэвшүүлснээрээ онцлогтой. Өмнөх Үндсэн хуулиудад төрийн эрх барих дээд байгууллага нь Улсыг Их Хурал байсан бол энэ Үндсэн хуулиар Ардын Их Хурал хэмээн нэрлэх болжээ. Энэхүү Үндсэн хуульд нийт 10 гаруй удаа өөрчлөлт оруулснаас 1990 оны тавдугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн IX чуулганаар баталсан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн талаар дурдахгүй орхиж болохгүй байх.

1960 оны Үндсэн хуулийн гурав, дөрөвдүгээр бүлгийг бүхэлд нь шинэчлэн найруулж, нам, төрийн сүлэлдсэн тогтолцоог халж, Ерөнхийлөгч бүхий Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай парламенттай, гүйцэтгэх эрх мэдлийг Сайд нарын Зөвлөл бус Засгийн газар танхимын зарчмаар хэрэгжүүлэхээр энэхүү нэмэлтийн тухай хуулиар тогтоосон билээ.

Монгол Улс социалист нийгмийн тогтолцооноос  өнөөгийн зах зээлийн эдийн засаг бүхий иргэний ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжих зам мөрийг уг хуулиар тавьж өгснөөрөө туйлын ач холбогдолтой юм. Энэ нэмэлтийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Улсын Бага Хурлаас тогтоол гаргаж, өнөөгийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий комиссыг байгуулан ажиллуулсны үр дүн бол 1992 оны Үндсэн хууль байсан юм. Энэхүү 1960 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн мэргэд, уг төслийг хэлэлцэж баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 удаагийн сонгуулиар сонгогдсон депутатуудад Монголын ард түмэн мэхийн ёсолж, талархаж явах ёстой юм шүү.

-Та өөрөө тэдний нэг шүү дээ. Шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд танд олон сайхан дурсамж бий байх?

-1992 оны Үндсэн хуулийн талаар түүнийг батлахад оролцсон хүн магтаад эхэлбэл өөрсдийгөө магтаж дөвийлгөсөн болох биз. Үүнийг бидний хойч үеийнхэнд үлдээсэн нь зохимжтой болов уу.

-Улс орны хөгжилд Үндсэн хууль ямар түүхэн үүрэг, ач холбогдолтой вэ?

-Үндсэн хуулиа дээдэлж, ягштал мөрдөж чадах юм бол улс орны хөгжилд үнэлж баршгүй ач холбогдолтой. Судалгаанаас үзвэл аль тивд оршдог, социалист, коммунист, капиталист, хаант засагтай, парламентын, Ерөнхийлөгчийн засаглалтайгаас үл хамааран Үндсэн хуулиа тогтвортой мөрдөж байгаа улс орнууд л Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрдэг улсуудаас илүү хурдан хөгжиж байгаа нь харагддаг. Ингэхээр Үндсэн хууль улс орны урагшлах хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэж хэлэх байна.

-Хууль судлаачийн хувьд та 1924 оны Үндсэн хуулийг хэрхэн үнэлж, дүгнэдэг бэ?

-Би дээр хэлчихсэн дээ. Ямар ч байсан уламжлалт хаант засагтай улсаас бүгдээрээ хэлэлцэж шийдвэр гаргадаг Бүнд Найрамдах Улсын хэлбэрийг сонгож авсан нь далайд гарцгүй, хоёр том гүрний дунд орших жижиг орны хувьд одоогийн геополитикийн нөхцөл байдалд нийцтэй хэмээн үзнэ. Манжийн дарлалд 200 гаруй жил талхигдсан харанхуй, бүдүүлэг улс уг дарлалаас чөлөөлөгдмөгцөө анх удаа хүний үндсэн эрх, хүйсийн тэгш байдлыг тунхаглана гэдэг бол тэр үеийн төрд зүтгэж явсан дээдсүүдийн холч мэргэнийг бас илтгэнэ.

-Хүүхэд, залууст Үндсэн хуулиа дээдлэх, мэдэж судлах чухал гэдгийг хэрхэн таниулбал зохистой бол?

-Хуулийн хэллэгийг “модондуу” гэж ярьдаг. Бидний үеийнхэн бол уншиж, судалж, ухаж төнхөж байж ойлгодог. Орчин үеийнхэнд тэдний хүлээж авахуйц арга технологийг түлхүү ашиглаж таниулбал илүү өгөөжтэй байх болов уу.

-Цаашид Үндсэн хуульд засаж, залруулах зүйл байгаа болов уу?

-Уншаад үзэхэд зарим нэг гажиг байдаг ч түүнийг засахгүй л бол амьдрал зогсчих гээд байгаа зүйл алга. Тиймээс зөв ойлгоод салбар хуулиараа зөв гаргалгаа хийгээд явбал тулгамдсан зүйл байхгүй ээ.

-Шинэ Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцсон хүний хувьд та өнөөгийн хууль тогтоогчдод юуг хэлж захих сан бол?

-Улсын Их Хурлын зарим гишүүдийн амнаас Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай сонсогдох боллоо. Одоо болно оо. Үндсэн хуулиа тогтвортой мөрдөх тал дээрээ түлхүү анхаарцгаая. Эс тэгвээс Үндсэн хуулиараа байнга оролддог, хөгжил нь саарсан, үймээн самуун тасардаггүй Африк, Латин Америкийн улсуудын араас орохыг үгүйсгэх аргагүй гэдгийг л чин зүрхнээсээ захимаар байна.

-Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэчлэлийг бүрэн хийж дууссан уу? Таны үзэж буйгаар уг шинэчлэлд хамаарах хууль тогтоомжид шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий юү?

-Монгол Улсад өнөөдөр 920 гаруй хууль батлагдан мөрдөгдөж байна. Шүүмжлэлтэй харах зүйл байгаа. Гэхдээ шүүмжлэх бол хийж гүйцэтгэхээс хамаагүй амархан гэдгийг ч ойлгоно. Энэ оны зургадугаар сард батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагуулж гаргасан хууль, тогтоол Үндсэн хуулийн зөрчилтэй, өөр хоорондоо үл нийцэх зохицуулалтуудтай байгааг шинээр ажилдаа орсон 126 гишүүнтэй Улсын Их Хурал эрх биш анхаарч үзээсэй гэж хүснэ. Товчхон хэлбэл эдгээр хууль, тогтоомжоор Монгол Улс улсын зэрэглэлтэй зургаан хотод аймгийн чиг үүргийг бүрэн шилжүүлснээр 25 аймагтай, орон нутгийн зэрэглэлтэй 43 хотод сум, дүүргийн чиг үүргийг шилжүүлснээр давхардлыг нь хасаж тооцвол нийслэл 14 дүүрэгтэй, нийт 340-өөд сумтай болох дүр зураг харагдаж байна лээ. Нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Засаг захиргааны хуваарийг эргэн харж нэгжийн тоог цөөрүүлэх чиглэл юу болж байгааг нэг л ойлгохгүй болчихлоо. Хот, тосгон бол засаг захиргааны нэгж биш, засаг захиргааны ажил хийхгүй, зөвхөн тэдгээрт оршин суугчдын тав тухтай оршин амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр аж ахуйн ажил эрхлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалтай гэдгийг л манай залуус нэг л бүрэн тайлж чадахгүй байх шиг.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

М.Зул

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.127) 2024 оны 11 сарын 21

1992 оны үндсэн хууль маш муу өнөөдрийн монголын ард түмнийг амьдралыг доройтуулсан гадныхны эрх ашигт нийцсэн улсын өмчийг үгүй хийсэн хууль шүү\n

0  |  0
зочин(66.181.184.71) 2024 оны 11 сарын 20

энэ өвгөн Үндсэн хууль судлаач гэнэ ээ ха ха

0  |  0
Top