“20 минутын хот" хөтөлбөрт 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт багтжээ

2024 оны 11 сарын 19

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, хурлын төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар батлав. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудын талаар олон  нээлттэй мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд таван бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна.

 

 

Түүнчлэн хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

"Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.

Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.

Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.

Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.

Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.

Хог шатаах  20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэв.

Метроны зорчилт хөдөлгөөн  25-35 метрийн гүнд хийгдэнэ  

2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ. Энэ талаар Хотын дарга хэлэхдээ “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” гэв.  Метроны өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгааг тодотголоо.

 

Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгүүдийг хийнэ

 

Ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн. Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино.

Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөжээ. Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа аж.

 

Туулын хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард зарлана

 

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөжээ. Бид өнгөрсөн 30 хоногийн хугацаанд инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Тодруулбал, уг замыг барихад дотоодын  компаниудын материалыг ашиглахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд барилга, авто зам, цемент болон арматурын төмөр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгах шахуу хугацаа тавьсан. Хэрэв энэ хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай буулгах боломжтой болж байна гэж  Хотын дарга мэдээлэл хийх  үеэрээ  тэмдэглэв.

 

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны эхээр зарлана

 

НИТХ-аас Улаанбаатар хотын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  баталсан. Энэ хөтөлбөр нь дараах таван үндсэн бүлэгт хуваагдаж буй юм. Үүнд:

•Бүсчилсэн хөгжлийн бодлого

•Хүний хөгжлийн бодлого

•Эдийн засгийн бодлого

•Ногоон хөгжлийн бодлого

•Засаглалын бодлого

Хотын дарга Х.Нямбаатар “1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө батлагдаж, 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдөж байлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй хүн амын тоо 1.8 сая бөгөөд үүн дээр гадаад болон хөдөө орон нутгаас түр оршин сууж байгаа хүмүүсийн тоог авч үзвэл хоёр саяд хүрсэн. Ингэснээр анхнаасаа 500 мянган хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээний ачаалал хоёр сая хүнтэй хотын хэрэгцээг хангаж чадахаа больсон. Мөн өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна.

Тодруулбал, 1984 оноос хойш Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хот эрчим хүчний хувьд энэ өвлийг хэрхэн давах вэ гэсэн түгшүүртэй байна. Иймд нэн тэргүүнд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэв.Энэ хүрээнд Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд гаргаж Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 МВт-ээр нэмэгдэнэ. Дараа жил мөн 150 МВт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 МВт хүчин чадалтай хуримтлуур станц Багануур дүүрэгт ашиглалтад орохоор төлөвлөж байна. Харамсалтай нь эдгээр станцууд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй. Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Түүнчлэн УБЕГ-аас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх бөгөөд энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байгааг тодотгов.

М.Зул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.215) 2024 оны 11 сарын 20

Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.

0  |  0
DR. ADITYA(102.89.69.215) 2024 оны 11 сарын 20

Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.

0  |  0
Пзочин(66.181.185.201) 2024 оны 11 сарын 19

Олон жил яригдсан зуслангийн түгжирэлийг шийдэх Хандгайт, Санзай чиглэлд тавигдах Сэлбийн хурдны зам яасан бэ?

0  |  0
Top