“Өглөөний шинэ санаа“ цахим уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуноролцлоо. Өнөөдрийн уулзалтад 4000 гаруй иргэн холбогдлоо.
Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй байгаль орчны доройтол ба нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон газар олголт, модны хулгай, хортой болон аюултай бодисын хадгалалт, хөрсний бохирдол, байгалийн нөөц ашиглалт зэрэг асуудлыг иргэд сонирхлоо.
Богдхан уул, Горхи Тэрэлж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой хугацаанд газар олгохгүй, Зайсангийн амны замбараагүй газар олголтыг цэгцлэх саналаа удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ, ССАЖЯ-тай хамтраад тусгай хамгаалалттай нутагт аялал жуулчлал эрхлэгчдэд стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна гэж С.Оюун сайд хэллээ.
Уул уурхайн олборлолтын араас хөөдөг биш эхнээс нь тогтмол хянахын тулд яамны бүтцэд Үнэлгээ, аудитын хэлтэс байгуулан ажиллаж байгаа, орхигдсон талбайд энэ жилээс анх удаа улсын хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ, уул уурхайн нөхөн сэргээлтийг яаж хийх тодорхой стандарт өнөөг хүртэл жигдрээгүй, зөвхөн алтны шороон ордын хувьд зохицуулалт хийж ирсэн жишгийг өөрчилнө, цаашид уул уурхайн салбарт цөөхөн, томхон, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжинэ гэж салбарын сайд үзэж байна.
БОНХЯ-наас энэ жил экологийн боловсролыг дэмжихэд анхаарлаа чиглүүлж, олон нийтэд хандсан олон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн БШУЯ-тай хамтран хүүхдэд бага наснаас нь экологийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулж эхэлжээ.
Эхлээд дэд бүтцээ тавья, үйлдвэрээ барья, эдийн засгаа хөгжүүлье гээд байгаль хамгааллыг хойш тавьдаг хандлага Шинэчлэлийн Засгийн газрын үед өөрчлөгдөж, салбар хариуцсан яам нь үндсэн чиг үүргийн 4 яамны нэг болсон. Ингэснээр бүх салбарын суурь бодлогод байгаль орчныхны үг жинтэй нөлөөлдөг болсон, өнгөрсөн жил УИХ-аар батлуулсан Байгаль орчны багц хууль ийм нөхцөл бүрдүүлснийг сайд хэлж байв. Гэвч эрх зүйн сайн орчин бий болсон ч хуулийг дагаж мөрдөх арга механизмыг нарийвчлан гаргах 80 шахам журам боловсруулах их ажил ундарч, энэ салбарынхан завгүй ажиллаж байгааг дуулгалаа. Түүнчлэн, жил бүр шинжлэн үнэлдэг байгаль орчны төлөв байдлын тайланг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэх ба энэ тайлангаас доройтсон уу, дээрдсэн үү гэдэг гол гол үзүүлэлт харагдана гэлээ.
оюун орллБайгаль хамгаалах төдийгүй байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулах хөгжлийн бодлого хариуцаж буй тус салбарынхан татварын бодлого, дэмжлэг урамшууллын механизмаар экологид ээлтэй үйлдвэрлэл, худалдаа, бүх төрлийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж байна. Үүний зэрэгцээ энэ жилээс сум, орон нутгийнханд нэгэн таатай зохицуулалт үйлчилж эхэлсэн нь байгалийн нөөц ашигласны төлбөрийг сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болсон явдал. Зарим суманд 10 хүртэл тэрбум төгрөг хуримтлагдах тооцоотой байгаа, гагцхүү энэ хөрөнгийг байгаль хамгаалах салбартаа буцааж хариуцлагатай, үр дүнтэй зарцуулах үүрэг орон нутгийнханд шилжиж байгаа аж.
Сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаа асуудлын нэг болох Багахангай дүүрэгт аюултай хог хаягдал хадгалах зөвшөөрлийг БОХНЯ-наас олгосон, энэ нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэх шүүмжид сайд тодорхой тайлбар өглөө. Манай оронд аюултай хог хаягдлын талаарх зохицуулалт эхлэлийн шатандаа яваа, шинэ хуулиар ийм хог хаягдлыг хадгалах, устгах цэг байгуулахаар заасан ч барилгын ажил нь ирэх жилээс эхлэхээр төлөвлөгдсөн. Иймд түр хугацаанд зохицуулалт хийхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үүрэг болгосны дагуу, аюултай хог хаягдлыг ил задгай хаяхгүйн тулд Багахангай дахь Оросын цэргийн ангийн агуулахад түр хадгалахаар зөвшөөрсөн. Өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой арга энэ л байгааг С.Оюун сайд тодотголоо. Гэхдээ ундны усны эх үүсвэртэй ойрхон байгаа эсэх зэрэг асуудлаар эргэн хяналт тавьж байгаа аж.
Энэ мэтчилэн салбарын олон асуудал хөндсөн “Өглөөний шинэ санаа” уулзалтыг бүрэн эхээр нь манай сайтаас үзнэ үү. Уулзалтыг МҮОНРадиогийн 100,9 сувгаар шууд дамжууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )