УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж Байгаль орчины төлөв байдлын тайланг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд 2011-2012 оны Байгаль орчны төлөв байдлын тайланг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцэл алдагдаж байгаагаас шалтгаалан сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэх болсон. 2011-2012 онуудад ус цаг уурын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж 2011 онд нийт 70 удаа, 2012 онд энэ тоо өмнөх жилээс 2 дахин өсөж 140 удаа ажиглагдсанаас хамгийн их нь аадар бороо, уруйн үер 35 удаа, аянга цахилгаан 19 удаа, хүчтэй салхи шуурга 13 удаа тус тус ажиглагдаж үүний улмаас 2011 онд 2,807,2 сая төгрөг, 2012 онд 17.132.4 сая төгрөгийн хохирол учирсан байна.
2012 оны байдлаар 20,088,289,28 га бүхий 3506 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Харин 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 4256 га эвдэрсэн талбай орхигдсоноос 1966.6 га талбайд нөхөн сэргээлт хийгджээ. 2011 онд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, худалдах 175 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон бол 2012 онд 281 тусгай зөвшөөрөл олгосон байна. Монгол Улсын хэмжээнд 2012 оны байдлаар 383.07 га талбайг хамарсан 426 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаагаас 1.922.088.49 тн ахйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг зайлуулжээ. 2011 оны үзүүлэлттэй харьцуулахад хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайн хэмжээ багассан үзүүлэлттэй байна. Иймд анх удаа аюултай хог хаягдлын цэг байгуулахаар төлөвлөж газрыг нь сонгох Ажлын хэсэг ажиллаж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.
Түүнчлэн 85000 гэр хорооллын 140000 айлын зуухыг сайжруулснаар 2012-2013 оны өвөл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр багассан. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Одоогоор хөрсний бохирдлын асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэлээ. Мөн Туул голыг цэвэрлэх ажлыг гол зорилгоо болгон ажиллаж байгааг дуулгаад урьдчилсан байдлаар Азийн Хөгжлийн Банктай хамтран Туул голыг цэвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг хэллээ. Өнөөдөр туул голын ус Улаанбаатар хотоос доош Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэг VI зэрэг буюу “маш бохир” гэсэн үнэлэгээтэй усны обьектод хамрагдаж байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуусан. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн агаар хар тулгалгаар бохирдож байгаагийн эх үүсвэр юу болохыг тодруулсан бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, модны хулгайг зогсоох тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар асуулаа.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өгсөн хариултдаа, тээврийн хэрэгслүүд хар тугалгатай бензин хэрэглэж байгаа болон нүүрсний шаталтаас үүссэн хар тугалгын эх үүсвэрээс шалгаалан агаар, хөрсний бохирдол бий болж байгаа. Цаашид хар тугалгаас хөрсний бохирдлыг хэрхэн цэвэрлэх талаар тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Мөн манайд явж буй машинуудын 80 гаруй хувь нь олон жилийн насжилттай, катализатор муутайн улмаас тэдгээрийг шалгах, зөв оношлох асуудлаар Зам тээврийн яаманд санал хүргүүлсэн. Олон жилийн насжилттай машины татварыг нэмэх, харин шинэ автобус оруулж ирвэл татварыг хөнгөлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар ярьж байна. Түүнчлэн нүүрс шаталтаас үүссэн үнс, тортогны хүнд металл 6-7 дахин баяжигдаж бохирдол их гарч байна гэж үзэж байгаа. Үнсийг ашиглаж цемент хийх арга ажиллагааг үйлдвэрт туршиж байгаа юм билээ. Иймд энэ ажлыг цаашид дэмжээд явах боломжтой гэсэн тайлбарыг өгсөн. Харин модны хулгайн талаар тус яамны ойн хэлтсийн дарга Ц.Банзрагч өгсөн хариултдаа, өнөөдөр мод ачаад явж байгааг араас нь хөөцөлдөх бус эрэлт нийлүүлэлтэд зохицсон менежментын бодлого явуулах, түүнчлэн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар хууль бус мод бэлдэх асуудлыг багасгана гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцэж буй тайланг баяжуулж өөдрөг мэдээлэлтэй бүлэг оруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм. Тэрээр ногоон эдийн засгийн тайлан хэрэгтэй байгаа талаар жишээ татсан. НҮБ-ын байгаль орчны салбараас хог хаягдалтай холбоотой эдийн засгийн бүхэл бүтэн байгууллага байгуулсан. Нийгэмдээ ногоон эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг мэдрүүлэх “хаалга” -ыг нь нээж өгөх хэрэгтэй. Харин энэ тайлангаас жирийн иргэдэд авах мэдээлэл байхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )