УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Монгол судлалыг дэмжих сан байгуулах асуудлаар гишүүдээс санал хураалаа. Нэлээд өргөн хүрээг хамарсан Монгол судлалын талаар гишүүд багагүй хугацаанд мэтгэлцсэн бөгөөд эрдэмтэн докторууд ч өөрсдийн үгийг чуулганы хуралдаан дээр дуулгасан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол судлалыг хөгжүүлэх гадаад орчны харилцаа дутмаг байна. Буддын судлалыг бас орхимооргүй байна. Эдгээрийг судалж буй эрдэмтэн докторууд нь аль хэдийнэ нас барсан. Байшин барилга барих бус бүхэл бүтэн судалгааны баг бэлтгэх хэрэгтэй байна. Түүх шинэчлэлийг хийхгүй бол болохгүй нь. Монголын дундад түүхийг үзэл суртлаар гуйвуулсныг засчч залруулах хэрэгтэй. Гурав, дөрвөн улсын түүх соёлын өв судлаачид нарийн бэлтгэгдсэн байх ёстой. Эзэн шүтээн, онгон шүтээний асуудал эндээс тодрохыг ч үгүйсгэх аргагүй. Их засаг судлалыг 30 гаруй хүн судалж байгаа ч, одоо хэр эх нь олдохгүй байна. Зүгээр нэг кирилл, манж үсэг мэддэг хэдэн хүн судалчихдаг юм биш. Үүндээ анхаар” хэмээн санууллаа.
Ж.Энхбаяр гишүүний хувьд, түрүүнд хэлснээ сануулж “Бид дотооддоо өөрсдийгөө судлаад яах юм бэ. Монголыг судалж буй гадаад орчинд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хоёр хөрш, Ойрхи Дорнодыг судлах чиглэлд дорвитой анхаарвал олон зүйл гарч ирнэ шүү. Тэгэхгүйгээр бас нэг шавь судлал энэ тэр гээд явчихвал наад мөнгө чинь ямар ч үр ашиггүй урсана шүү. Араб, Орос, Хятад, Тайвань гээд Монгол судлалын хүрээнд хийх ажил олон байна шүү дээ. Баахан хурал зөвлөгөөн, ном, календарь хэвлэнэ гээд найман тэрбум төгрөгийг дэмий үрэх хэрэггүй. Буруу зүйл рүү явчих вий дээ гэсэн болгоомжлол төрж байна” хэмээсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд түүнийг дэмжсэн, эсэхийг лавлалаа. Ж.Энхбаяр гишүүний болгоомжлолыг М.Батчимэг гишүүн ч дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд Монгол судлалын сан нь дэлхий нийтэд Монгол судлалыг дэмжих төв байх нь гэдгийг санууллаа. Тэрбээр энэ төсөлд зарцуулагдах найман тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулахаа тодорхой байдлаар танилцуулахыг ажлын хэсгээс нь шаардана. Мөнгө өгдөггүй биш өгдөг шүү дээ, монголын шинжлэх ухаанд. Гэтэл залуу үеийнхэндээ хаалттай, чадварлаг боловсон хүчнээ шахах байдлаар ажилладаг шүү дээ” гэлээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )