Архангай аймгийн онлайн төлөөлөгч, “BTV” телевизийн ерөнхий захирал Г.Баянжаргалтай ярилцлаа.
-Архангайчуудаа төлөөлж Онлайн Парламентад орж ирлээ. Хэвлэл мэдээллийн салбарт хариуцлагатай албыг хашиж буй таны хувьд, энэ бүхнийг олон өнцгөөс нь харж байгаа байх?
-Баярлалаа, би Архангай аймаг буюу нэгдүгээр тойргоо төлөөлөн Онлайн Парламентад орж ирсэн. Бид нар өөрсдийнхөө сонголтын дагуу УИХ-д гарсан эрхмүүдэд хяналт тавьж, тэдний хэрэгжүүлж байгаа асуудлууд дээр дүгнэлт хийсэн төдийгүй энэ нь эргээд сонгогчдын эрх ашиг хэрхэн нийцэж байгааг судалж үзэхэд төдийлөн хангалттай бус санагдсан. Энэ бүхнийг нөхөж, ард иргэдийнхээ төлөө зүтгэх Онлайн Парламентийг санаачлан байгуулж, чадвараг залуусаар багаа бүрдүүлсэнд маш их баяртай байна. Миний хувьд, Онлайн Парламентийн анхдугаар чуулган дээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн тухай ярьсан. Эрүүл мэнд гэх мэт олон нийтэд тулгамдаж буй чухал асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ бид нар өнөөдөр тэдгээр асуудлыг ярихын тулд өөрсдийнхөө онлайн орчин болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг таатаж болгох ёстой. Ингэж чадвал олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй, шударга хүргэх боломжтой юм. тийм учраас би энэ асуудлыг тавьж хуралдаа оролцсон.
-Онлайн Парламент маань цахим ертөнцөд суурилсан. Гэтэл сүүлийн үед иргэдийн сэтгэгдлээр дамжуулан цахим сэтгүүлзүйн үйл ажиллагааг боомилох ч юмуу хэвлэлийн эрх чөлөөний асуудалд тодорхой хэмжээгээр халдсан гэж үзэх хүн олширсон. Маргааш дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаа учраас та санал бодлоо хуваалцаач?
-Цаг хугацааны хувьд ч, миний тавьсан асуудал яг таарч байна л даа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй уялдуулаад бид нар үүнийг нэгдүгээрт тавьж анхаарах ёстой. Хэдийгээр бид Ардчилсан орны иргэд гэж цээжээ дэлдээд байгаа боловч хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа нь иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боогдуулж байгаа хэрэг. Тийм учраас юуны өмнө үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд анхаарах ёстой болж байна.
-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад сайн муу олон зүйлтэй тулгардаг. Гэтэл тэдний эрхийг зөрчихөөс гадна захиалгат сэтгүүлзүй гээч зүйл бий болчихоод байгаа нь нууц биш. Энэ талаар?
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн зүйл заалт бий. Хэн дуртай нь сэтгүүлчдийг барьж авч “Ийм үг хэлчихлээ” гээд хорих асуудал манайхаас өөр оронд байхгүй жишиг гэж бодож байгаа. Үүний хажуугаар сэтгүүлзүйд захиалагч гэсэн асуудал гарч ирсэн нь бас нэг дутагдалтай тал. Сэтгүүлч эх сурвалжаа нуух асуудлаас тэс ондоо. Захиалагч өөрийнхөө санааг сэтгүүлчид тулгах нь бас нэгэн дарамт болж байгаа хэрэг. Асуудал буруугаар эргэлээ гэхэд энэ бүхэн өнөөх захиалагчийн буруу юу, аль эсвэл сэтгүүлчийн буруу юу гэдэг нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Чухам хэн нь хариуцлага хүлээх ёстой болж байна вэ. Үүнийг л бид сайн ялгаж салгах хэрэгтэй болов уу.
-Дараагийн хуралдаанаар та ямар асуудлууд оруулж ирэхээр төлөвлөсөн бэ?
-Архангай аймгийн хувьд, би тэнд төрж өсөөгүй. Гэхдээ аав ээж хоёр минь Архангай аймгийнх учраас би зун болгон тэдн очиж 2-3 сар амардаг. Одоогийн байдлаар, Архангай аймагт утааны асуудал нэлээд их яригдаж байна. Өнгөрсөн өвлийн турш энэ асуудлыг ярьсан ч тодорхой үр дүнд хүрсэн ажил огт хийгдээгүй. Дараа нь мэдээж Засаг захиргааны тухай асуудалд анхаарал хандуулна гэж бодож байгаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )