О.Магнай: Бид одоо ч хувьсгал хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Шударга байна гэдгийг зарчимтай байхын нэр гэж тодорхойлсон энэ эрхэм хэтэрхий гэмээр өөртөө итгэлтэй нэгэн юм. “Зовлонгийн дараа жаргал бус, зовлон л ирнэ” гэж өөрийгөө хурцалдаг тэмцэгч залуу өвөө, эмээгийндээ өсчээ. Тийм болохоор бардам инээмсэглэл, яг тийм дуу хоолойных нь цаана өр нимгэн сэтгэл нуугдаж байдаг аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болсноосоо хойших хэдхэн сарын хугацаанд тэр энэ байгууллага яаж ажиллах ёстойг яруу тодоор харуулж, өөрийгөө юуны төлөө тэмцэж явсан, хэн гэдгээ таниулж чадсан. Тийм ч учраас О.Магнайг монголчууд өнгөрсөн жилийн “Оны алдартан”-аар өргөмжилсөн.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Хүмүүсийн өргөдөл, санал гомдлуудтай биечлэн танилцдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Нэрнээсээ эхлээд л манай газар чинь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага шүү дээ. Тэр ч утгаараа надтай уулзах гэсэн иргэн маш олон байдаг. Би өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирдэг. Тэгээд л ажилдаа орно доо. Хүмүүсийн өргөдөл, гомдолтой танилцаж, шаардлагатай гэснийг нь хүлээн авч уулздаг.

-Та энэ албыг авахдаа “Хэрэгтэй газартаа ирлээ. Яаж ажилладгийг харуулаад, ёстой нэг бужигнуулаад өгнө дөө” гэсэн итгэл, зориг дүүрэн байсан уу?

-Тийм. Ерөнхий сайд надад санал тавьсан. Би хүлээж авсан.

-Ямар товчхон хариулж байна аа?

-Би сонинд ярилцлага өгөхдөө аль болох товчхон хариулахыг хичээдэг. Тэгэхгүй бол дараа нь өөрөө засах гэж цаг их авдаг. Телевизэд бол дэлгэрэнгүй ярьдаг.

-Цөөнгүй жил иргэний хөдөлг өөний удирдагч байж, ард түмний төлөө хэмээн тэмцэж, жагсаж явснаас тань илүү энэ ажил Магнай гэдэг хүнийг хүмүүст зөвөөр ойлгуулах боломж олгосон байх, тийм үү?

-Тэгж хэлж болно. Би санал нэг байна. Энэ газар ч боломж олгосон. Бас би өөрөө ч хичээсэн байхгүй юу. Гэхдээ юм дуусаагүй, цааш үргэлжилнэ. Би энд ирээд нэг жил ч болоогүй байна. Нэг статистик үзүүлэлт хэлэхэд, өмнө нь манай байгууллагад жилд 200-300 өргөдөл, гомдол ирдэг байсан гэсэн. Гэтэл сая 2013 оны эхний улирлын байдлаар гэхэд манайд 900-гаад өргөдөл, гомдол ирээд байна. Тэгэхээр эндхийн ажилтнууд өмнөхөөсөө маш их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Манай иргэд асуудлаа шийдүүлэх газар хайдаг ч тэр нь хаана гэдгийг мэддэггүй байж. Шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага хаана ч гэсэн эрэлттэй байдаг. Миний мэдэхээр Германд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь маш хүчтэй дуу хоолойтой, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэгэн адил Монголд ч гэсэн энэ байгууллага жирийн иргэдийн хамгийн ойрын нь найз, гомдлыг нь түргэн шуурхай шийдвэрлэдэг гүүр байлгахын төлөө хичээнэ.

-Бодож төлөвлөж ирсэн зүйлүүдээ санасан хэмжээндээ хүртэл хийх боломж нөхцөл хэр байна вэ?

-Хангалттай шүү. Ер нь бол аливаа ажлыг хийхэд санаачилга л хэрэгтэй гэж би боддог. Дээрээс нь шинээр байгуулагдсан Засгийн газрын сайд нар их дэмжиж байгаа. Энэ нь намайг санаж бодсон ажлаа өөрийнхөөрөө хийх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

-Энэ суудал дээрээс та тушаал шийдвэр гаргаад, ямар ч том байгууллагын өөдөөс дуугарч чадаж байна. Харин хувь хүний тань үүднээс ямар нэгэн дарамт ирж байна уу?

-Би бол шинэ хүн биш л дээ. Намайг өмнө нь юу хэлж ярьж, юуны төлөө тэмцэж явсныг нийгэм сайн мэднэ. Тийм болохоор надтай тиймэрхүү асуудал тулгарахгүй.

-Та үүнийг хаана ч итгэлтэй хэлэх үү?

-Тэгэлгүй яах вэ.

-Монголын бизнесийн дээд ангиллынхан гэдэг бол өндрөө авчихсан, дээрээс нь улс төр чидтэйг өө нийлээд хэнд ч дийл дэхээр гүй болчихсон учраас тэд ний эсрэг тэмцэнэ гэдэг бүтэшгүй гэсэн ойлголт олон хүнд байдаг шүү дээ.

-Наадах чинь урьд нь байсан ойлголт. Одоо наадахыг чинь өөрчлөх гээд л байна. Ерөнхийлөгч хүртэл хэлээд байгаа биз дээ. Мөнгөний өмнө шударга ёс сөгддөг байсан цагийг өөрчилнө гээд. Хууль, дүрэм журам гээд шударга ёсны бүх хэмжүүрийн өмнө мөнгө өөрөө сөгддөг болгохын төлөө үзээд байна. Сая л гэхэд нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын торгуулийг эргэн төлүүлэхээр болсон шүү дээ. Бүх шатны шүүх хуралд нь өөрөө оролцож, байгуулсан Ажлын хэсгийнхэнтэйгээ өдөр болгон уулзаж шуурхай ажилласны дүнд тийм шийдвэр гаргуулж чадлаа. Энд тэгж их ач холбогдол өгсний гол зорилго бол таны хэлээд байгаа шиг мөнгөтэй, улс төрийн хамгаалалтад байдаг монополь компаниудад хууль бас үйлчилдэг юм шүү гэдгийг харуулах. Энэ чинь шударга ёс байхгүй юу.

-Хэрэглэгчдээс ирж буй санал гомдолд тулгуурлаад таны онилсон дараагийн томоохон газар юу вэ?

-Энэ бол хүн агнаад байгаа юм биш л дээ. Тиймээс онилно гэдэг үг энд зохихгүй. Ерөнхийдөө асуудал хаана байна, тэр зүгт л анхаарал хандуулдаг. Өнгөрсөн хугацаанд үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой асуудал нэлээд ярвигтай байдал үүсгээд байгаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Секундын горимд шилжих санааг гаргасны дагуу техникийн талаасаа боломж нөхцөл нь бүрдсэн. Харамсалтай нь энэ маань дийлэнх хүмүүсийн сэтгэлд нийцэхүйц тариф болж чадсангүй. Гэхдээ энэ үнийг компаниуд хуйвалдааны журмаар тогтоосон уу, тус тусдаа гаргасан уу гэдгийг бид Ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа. Тэгэхээр цогцоор нь шийдэх шаардлагатай дараагийн нэг асуудал бол энэ. Би өнгөрсөн долоо хоногт “Мобиком” корпорацынхантай уулзсан. Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу ямар нэгэн хүндрэлг үй гээр нөхөн төлбөр олгодог хэлбэрт шилжих тухай ярилцсан. Сэтгэл ханамжийн баталгааг алдагдуулсны нөхөн төлбөр гэж байдаг. “Мобиком”- ынхон “Сэтгэл ханамжийн баталгааг алдагдуулсны нөхөн төлбөрийн журам”-аа 21 хоногийн дотор гаргаж өгөхөөр болсон. Таны сарын төлбөр ярьснаас тань их гарсан гэж үзвэл шалгуулаад, тэр нь тогтоогдвол дараагийн сард тухайн хүнд тийм хэмжээний хөнгөлөлт үзүүлэх үүргийг тэд хүлээх юм. Дараагийн нэг асуудал бол Улаанбаатар дахь таксины үйлчилгээ. Саяхан таксины үйлчилгээ эрхэлдэг нөхдүүдтэй уулзсан.

Дэлхийн аль ч оронд такси гэдэг бол нийтийн тээвэр бус, тансаг зэрэглэлийн хэрэглээнд ордог учраас тарифыг нэмэх шаардлага байгаа. Гэхдээ манайд байгаа нь такси нэртэй л болохоос хэрэглэгчдийн тав тухыг хангах, тоолуурын заалт нь үнэн, эсэх нь асуудалтай байдаг. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд тавдугаар сарын 8-ны дотор таксины компаниуд шинэчилсэн үнээ бидэнд ирүүлэхээр болсон. Үүний дараагаар ССАЖЯ, нийтийн тээврийнхэнтэй уулзаад, таксины стандартыг гаргаснаар Улаанбаатар хот маань Нью-Йорк шиг нэг өнгийн такситай болно. Ямар ч гэсэн наадам гэхэд манайхан олон улсад мөрддөг стандартын шаардлага хангасан таксигаар үйлчлүүлж эхлэх болов уу.

-Шударга ёсыг тогтооход, ний гэмд байгаа болж бүтэхгүй зүйлийг өөрчлөхөд иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал юм шиг санагддаг. Гэтэл “Энэ чинь болохгүй байна” гээд хэний ч өөдөөс зоригтойгоор хэлж чаддаг, ноомой биш байдал бидэнд дутагдаад байна уу?

-Яг үнэн. Бидний байгуулж байгаа нийгмийн хамгийн үнэт зүйл нь идэвхтэй иргэн юм шүү дээ. Иргэд өөрсдөө идэвхтэйгээр асуудлаа ярьдаг, цугладаг, жагсдаг байвал тэр нийгэм зөв гольдрил руугаа явж байна гэж би боддог. Дарга нар нь идэвхтэй нийгэм буруу тийшээ л явна.

-Таны яриад байдаг хувьсгал хийх юу болсон бэ?

-Мэдээж манай нийгэмд хувьсгалын шинжтэй өөрчлөлт хэрэгтэй. Өнгөрсөн засгуудын үед энэ нийгмийг чинь шороонд булчихсан байсныг бид одоо эд эс бүрээр нь цэвэрлэж байна. Салбар болгон дампуурчихсан байсан. Хувьсгал гэдэг бол заавал гудамжинд жагсаж, нэгнээ буудахын нэр бус, ширээний ард суугаад зөвшилцлийн замаар хийж болдог юм. Бид одоо ч хувьсгал хийж байна.

-Ард түмний санал асуулгаар таныг “Оны алдартан”-аар тодруулахад хэрхэн хүлээж авсан бэ. Гэнэтийн зүйл байсан уу?

-Үгүй дээ. Би бусдаас арай өөр хүн. Шагнал энэ тэрд нэг их ач холбогдол өгдөггүй, урдах ажлаа л хийхийг хүсдэг. Шагнал авлаа гээд учиргүй баярладаггүй, шүүмжлүүлээд, шоронд ороод тэгтлээ гуньж гутардаггүй. Энэ бол миний баримталдаг зарчмаас арай хол зүйл. Гэхдээ мэдээж намайг дэмжсэн хүмүүсийн төлөө баярлалгүй яах вэ. Тэр тусмаа өмнө нь дандаа шүүмжлүүлж байсан “Өнөөдөр” сониноос энэ шагналыг авна гэдэг нэр хүндийн хэрэг байсан шүү. Шагналыг дагаад хариуцлага ирдэг тул цаашид хичээнэ. Ажлаа аваад удаагүй байхдаа байсхийгээд л хэвлэлийн хурал хийдэг байсан. Яг түүн шиг одоо ч гэсэн хүмүүс намайг телевизээр харах гээд хүлээгээд байдаг бололтой юм. Гэтэл зарим асуудал эхнээсээ шийдэгдээд, нэг хэсэг нь шүүх дээр хүлээгдэж байгаа. Эцсийн үр дүн л чухал учраас хүмүүст харагдах гээд байн байн телевизээр гарахыг бодохгүй байна. Тиймээс биднийг иргэдийн санал гомдлын дагуу олон ажил хийж байгаа гэдэгт итгэл дүүрэн байж болно шүү.

-Сүүлийн үед танд бүсгүйчүүдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь анзаарагдах юм уу?

-Би олон нийтийн газраар ер нь явдаггүй ш дээ. Тэгэхээр мэдрэгдэхгүй л байна. Надад очдог хэдхэн газар бий. Уулздаг цөөхөн хүн байдаг.

 -Энэ нь таны гуч гартлаа эхнэртэй болоогүйн шалтгаан уу?

-Гуч гараагүй шүү. Би дөнгөж гучтай.

-Саяхан 31 хүрсэн биз дээ?

-Яахав дээ. Би залуу байна. Яагаад миний өмнөөс санаа зовоод байгаа юм бэ. Би өөрөө санаа зовъё л доо (инээв).

-Таны өөртөө итгэлтэй байдал ямар үед ганхаж байсан бэ?

-За ер нь санаанд орохгүй байна шүү.

-Бүсгүйчүүд, хайр дурлалаас болоод шалдаа бууж байгаагүй гэж үү?

-Гайгүй байх аа. Сониноор ярьж болдог, болдоггүй сэдэв гэж байна. Ерөнхийдөө бүсгүйчүүд, хайр дурлалтай холбоотой сэдвээр би сонинд ярилцлага өгдөггүй. Та ч харсан байлгүй.

-Гэхдээ энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Магнай гэдэг хувь хүнийг нээж үзэхийг хүсдэг бүсгүйчүүд байдаг байлгүй

-Би тэгвэл ярихгүй байж болно биз дээ. Энэ бол миний ярьдаг сэдэв биш.

 -Тэгвэл ядаж хамгийн сүүлд хэзээ дурласнаа хэлж болох уу?

-Хэлэхгүй (инээв).

-Залуу хүмүүсийн яриа юм чинь иймэрхүү хачир байвал илүү амттай болно биз дээ. Хайрыг та юу гэж боддог вэ?

-Би “Өнөөдөр” сониныг ажил ярьдаг, албаны талдаа гэж боддог. Тиймээс ярилцлага авъя гэхээр тань зөвшөөрсөн хэрэг. Түүнээс биш хайр дурлал, бүсгүй хүний тухай ярих байсан бол “завгүй” гэж хэлэх байлаа, яг үнэнийг хэлэхэд.

 -Яагаад таныг энэ сэдвүүдээс дөлөөд байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ залуу насыг хайр дурлалг үйгээр төсөөлшгүй болохоор л энэ тухай таны бодлыг сонирхож байна.

-Яахав дээ. Надад цаг хугацаа зөндөө байна. Би хайр дурлалыг ийм тийм гэж яруу найрагдах дургүй. Энэ талаарх хүн бүрийн бодол өөр байх. Сайхан эмэгтэй хүнд дургүй эр гэж хаана байх вэ. Надад ямар бүсгүй таалагддаг вэ гэвэл өөрийнхөөрөө байдаг эгэл жирийн хүн.

-Та багадаа түүхийн ном их уншдаг байсан гэсэн үү?

-Тийм ээ. Би бусад шиг багаасаа уран зохиолын ном уншиж өсөөгүй. Ер нь түүхийн номыг хүмүүс унших хэрэгтэй гэж боддог. Түүх мэдэхгүй хүнийг төрд бүү ойртуул гэдэг үг ч байдаг. Түүх сайн уншсан хүн эх оронч болдог юм болов уу. Өнөөдөр манай төрийн түшээдэд дутагдалтай байгаа нэг чанар бол эх оронч үзэл гэж би боддог. Одоо энд нэг үг хэлбэл танай сонинд гарахгүй л дээ, би мэдэж байна.

-Зүгээр хэл хэл. Тэгээд гарах, гарахгүйг нь хар л даа.

-Тэрбээр хэсэг бодолхийлснээ ийн хэлэв (сурв). Гадагшаа явчихдаг улстөрчид байх ёсгүй л гэж би хэлэх гээд байгаа юм. Ойлгож байгаа биз. Би залуу хүн. Тэгсэн хэрнээ гадагшаа яваад, арваас илүү хонохоор нутгаа, энэ шороогоо санаад байдаг юм. Гэтэл тавь гарсан хүмүүс гадаад далайн цаана хэдэн жилээр амьдраад байгааг харахад надад тиймэрхүү л санагддаг. Тийм хүмүүс Монголын төрийг барьж байсан гэхээр харамсалтай.

-Таныг багадаа том том юм ярьсан, эгдүүтэй, хэвлүүхэн хүүхэд байсан гэж сонссон. Түүхийн ном шагайсан тийм хүү анги хамт олонтойгоо яриа нийлдэг байв уу?

-Нийлэлгүй яах вэ. Ангийн хамгийн хойно суудаг, зузаан нүдний шилтэй, олноос тасарсан хүүхэд би байгаагүй. Олон жил ангийн дарга хийсэн. Бүх юмны голд нь явдаг хүүхэд байлаа. 2008 оноос л нүдний шил зүүдэг болсон ш дээ.

-Та өөрийгөө хэр дур бу лаам гэж боддог вэ. Яагаад ингэж асуусан бэ гэхээр олны анхаарлын төвд байдаг, нэр хүнд нь өсөж яваа эрэгтэй хүн бүсгүйчүүдийн нүдэнд дур булаам харагддаг юм болов уу гэж бодогддог.

-Үүнийг бүсгүйчүүдээс асуувал илүү оновчтой хариулах байх. Лав л миний боддог сэдэв биш байна.

-Ганц бие эр хүний амьдралд ээж нь хэр үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Нэг их оролцдоггүй юм аа. Би 18 настайгаасаа эхлээд тусдаа амьдарсан. Ганцаараа амьдраад арав гаруй жил болсон учраас ерөнхийдөө сурчихсан даа.

-Ээж дээрээ хэр удаж байж очдог вэ?

-Долоо хоногт нэг удаа заавал очдог.

-Юу авч очдог вэ?

-Миний ээж харьцангуй залуу хүн. Дуун дээр гардаг ээжүүд шиг биш. Ажил хэрэгч хүн байдаг. Тийм болохоор элдэв юм авч очих шаардлагагүй. Өөрийгөө харуулахад л болно.

 -Таны гэртээ хамгийн их хэрэглэдэг цахилгаан бараа юу вэ?

-Телевиз л юм даа.

-Угаалгын машин биш үү?

-Аль аль нь юм байна.

-Хими цэвэрлэгээний газраар их үйлчлүүлнэ биз?

-Үйлчлүүлнэ ээ. Албаны хувцас бол зайлшгүй хими цэвэрлэгээнд өгөх шаардлагатай л даа. Манай жолооч өгчихдөг юм.

-Энэ газрын дарга болсноор таны хэрэглэдэг зүйлсэд өөрчлөлт орсон уу. Магадгүй өмнө бидэн шиг л ямар ч хамаагүй сүү, тараг, жүүс уудаг байсан байх.

-Ер нь манай хөргөгч хоосон л байдаг юм даа. Би ихэвчлэн гадуур хооллодог. Мэдээж тиймэрхүү зүйлийг би өөртөө гэхээсээ илүү бусдад таниулах нь чухал байсан. Ялангуяа тэр сүү, жүүсний асуудлыг хүмүүст дэлгэсэн нь их хүрсэн юм билээ.

-Хувийн шугамаар ойрын үед хийхийг хүсэж буй зүйл тань юу вэ. Амралтаа авах ч юм уу, нэг тийшээ аяллаар явах гээд л...

-Тэгж их хүссэн зүйл байхгүй дээ.

-Тэгээд өглөө ажил дээрээ ирээд, ордог хэдэн газраараа орж, уулздаг цөөн хүнтэйгээ уулзаад л яваад байх уу?

-Би хөлбөмбөг үздэг. Удахгүй Лондонд болох аваргуудын лигийн финалыг үзэх гэж байгаа. Манай хөлбөмбөгийн холбооныхон надад хоёр урилга ирүүлсэн. Хөлбөмбөг сонирхдог найзтайгаа явна.

“Амьдралаас яаж кайф авдаг вэ” гэсэн асуултаас тэрбээр бас л бултаж дөнгөв. Долоо хоногт гурван удаа фитнесээр хичээллэхийн зэрэгцээ усанд сэлдэг, ууланд авирдаг Магнай кинонд нугасгүй тул “Hi Fi” рекордсын байнгын үйлчлүүлэгч гэсэн. “Энэ нийгэмд чинь Магнай гэдэг хүн өөрийнхөөрөө байх орон зай хэрэгтэй шүү дээ. Хувийн амьдралаа дэлгэчихвэл яаж эрх чөлөөтэй байх вэ” гэсэн үгийг нь хүндэтгээд түүнийг ажлын өрөөнд нь орхиод гарлаа.

Л.Ганчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
k(31.209.228.24) 2013 оны 05 сарын 04

amjilt!

0  |  0
баб(202.179.20.182) 2013 оны 05 сарын 04

таньд амжилт хүсье

0  |  0
shaa(182.160.0.134) 2013 оны 05 сарын 03

shaa bandia unen shaadag muu lalar

0  |  0
Top