Д.Тэрбишдагва, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нар МАХН-д дагаар оров

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Өнөө  хаврын улс төрийн синдром өмнөх жилүүдээс нэлээд өвөрмөцөөр өрнөж байна. МАНАН гэх улс төрийн хууль бус нэгдмэл хүчинг эсэргүүцэгчид Сүхбаатарын талбайд гэр барин гарав. Дээд шүүхэд бүртгүүлж амжаагүй МАХН иргэний хөдөлгөөнүүд, бусад жижиг намуудтай хамтран “Бүх ард түмний их хуралдай” хийж иргэний дуу хоолойг эрх баригчид руу хандууллаа. Н.Энхбаярын удирдсан МАХН руу хуучин нөхөд нь ч уван цуван гүйлдэж эхлэв. Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ш.Сайхансамбуу нар МАН-аасаа салж, МАХН руу “гүйлээ”. Тэд Сүхбаатарын талбайд морьтой жагсаж, гэр барин тэмцлээ үргэлжлүүлж байгаа “Гал үндэстэн” холбоо болон “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхнийг дэмжихээ албан ёсоор мэдэгдээд байна. Түүнчлэн дуучин С.Жавхлан ч зүгээр суулгүй, тэмцэгчдэд сэтгэлийн дэм өгч удахгүй томоохон арга хэмжээ зохион байгуулна гэсээр сая нэг ил гарав. Эдгээр хөдөлгөөн, холбоодын ард МАН-аас салан тусгаарлаж, МАХН-ыг дахин байгуулаад байгаа Н.Энхбаяр байгаа нь нэгэнт тодорхой боллоо. Иймд “Эсэргүү нар”-тай нийлсэн тэдгээр гишүүдийг МАН яавч зүгээр орхихгүй. Намаасаа хөөж л таараа. Тэгэхээр дээрх гурван улс төрч Н.Энхбаярынхаа үүсгэсэн шинэ массыг дагахаар хатуу шийдэв бололтой. Урьд нь МАН-ын дарга, Ерөнхий сайддаа захидал бичсэнийхээ төлөө намаасаа хөөгдөх, дараагийн сонгуулиар нэр дэвших шаансгүй болох дээрээ тулж шуугиан дэгдээж байсан Д.Тэрбишдагва ийнхүү Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарыг гараасаа хөтөлсөөр МАХН-д нэгдэж байгаа ажээ. “Бүх ард түмний их хуралдай” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд тэдний араас бас хэд, хэдэн улс төрч МАН-аасаа салж МАХН-д дагаар орох  сураг дуулдаж байна.

Д.Билгүүн. Zindaa.mn     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top