Бид хүний эрхийн асуудлыг байнга л ярьж ирлээ. Олон ч хууль баталсанаа сайрхдаг. Ардчиллын загвар болчихлоо гэж заримдаа хөөрдөг. Тийм юм бол яагаад олон мянган Монголчууд эрхээ хасуулан байж харь оронд хүнд хүчир хөдөлмөр эрхлэн өөрийн эрхээр зовно вэ? Эрхийн тухай ярьсаар байгаад үүрэг хариуцлага, ёс жудаг, өв уламжлал гэдэг үнэт зүйлээ умартаж байгаам биш байгаадаа гэж би үргэлж санаа зовдог. Одоо хувь хүн бүрийн үүрэг, хариуцлагын тухай ярих цаг нэгэнт болсоон гэж боддог. Саяхан 5 хан настай балчир үрийг танхай балмад төрсөн эцэг нь зодож, заазуурдсан хэрэг явдал боллоо. Бид ниргэсэн хойно нь л дандаа хашгирах болов. Хүний эрхийн асуудлыг бид бусдаас хайх биш өөрсдөөсөө, өрх гэр бүл дотроосоо эхлүүлэх цаг болжээ. Бага байхад өтгөс буурлууд маань үр хүүхэд биднийг эрхийг сурахаар бэрхийг сур л гэж хүмүүжүүлдэг байсан. Энэ бол дураар нь өсгөхгүй, ахтай захтай, хэмжээтэй хязгаартай, даруулгатай байлгахыг агуулсан жинхэнэ Монгол хүмүүжил юм шүү. Тэглээ гээд эцэг эх маань биднийг зодож занчдаг байгаагүй л юм даа. Хамгийн их хүний эрх ярьж байгаа өнөө цагт л ийм хүний ёсноос гадуур хэргүүд шил шилээ даран гарах боллоо. Хаа байна нөгөө эрх чөлөө. Эрх баригчид нь иргэдийнхээ үгийг сонсдог, тэднээр бүх асуудлаа шийдвэрлүүлдэг болсон тухай л ярьж байна. Энэ үнэн үү? "Худалчийн яриа сүржин хэллэг, гоёл чимэглэлээр дүүрэн, хэлэх үг нь эвтэй учир хуурч төөрөгдүүлэхэд дөхөм." гэж Н.Багабанди Ерөнхийлөгч хэлсэн нь бий. Хэдий болтол ард иргэдээ хоосон үгээр жаргаах вэ? Хүний эрхийн асуудлыг үүрэг, хариуцлага гэдэг зүйлтэй нягт холбоё. Сахилгатай, өрх гэр бүлийнхнийхээ өмнө, анд нөхдийнхөө өмнө, ард иргэдийнхээ өмнө үүрэг хариуцлагатай байж, өөрөөрөө, өөрийнхөө үйл хэрэг, зам мөрөөрөө бусдадаа үлгэрлэж байгаа нэгэндээ л бүтэн эрх, эрх чөлөөг эдлүүлэх зарчим руу орцгооё. Жишээ нь эрх баригчидын олон жил ярьж амалдаг атлаа өөрсдөө эрх мэдэлд хүрэхээрээ амташин дуугүй хураадаг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг жинхэнээсээ салгая. УИХ-ын бүрэлдэхүүнд ЗГ-ын гишүүн олшрох тутам гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд тавих парламентын хяналт хэлбэрдэлд орлоо. Засгийн газар нь ямар ч хяналтгүй "өөртөө итгэх", "хувьдаа эзэрхэх" маягтай болж, "Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна." гэсэн заалт хариуцлагын зарчим боловч 2 эрх мэдэл холилдсоноос хэрэгжих баталгаа нь суларчээ. Ийм нөхцөлд бид үүрэг хариуцлагын тухай ярьж чадах уу? Эндээс л эхэлж хариуцлагажуулъя. "Санагдсан зоргоор лоозогнон уухайлах, сайтар судлан ухаарах хоёр хол зөрүүтэй билээ." гэж Ардын багш, гавъяат хуульч Б.Чимид багш маань хэлдэг байж билээ. Хүний эрхийг би алагчлалгүй хандахаас эхлэх ёстой гэж боддог. Хэн нэгэнд нь шударга санагдаж байгаа зүйл өөр нэгэнд нь хамгийн шударга бусаар тусдаг байх ёсгүй. Аль ч засаглалын ялзрал нь ямагт зарчим нь завхрахаас эхэлдэг. Ардчиллын зарчим зөвхөн эрх тэгшийн үзэл санаа алдагдсанаас бус бас хэтийдсэнээс завхардаг гэдгийг үргэлж санууштай. Тийм учраас эрх чөлөө гэж хуулиар зөвшөөрөгдсөн юмыг л хийхийг хэлж байгаа юм. Хуулийн засаглал зон олондоо хүртээлтэй, тэднийгээ алагчилж авч үздэггүй, тэдэндээ ээлтэй байсан цагт л жинхэнэ ёсоор орших болно. Тийм сахилга, дэг журмыг Төрд тогтоосон цагт сая хүн ард маань жинхэнэ эрх чөлөөтэй байж чадна.
Б.Энхбаяр
Сэтгэгдэл ( 2 )
альч төрийн байгууллагад ажиллаж буй ажилтан дарга нарыгаа шүүмжиллэх эрх байхгүй Ямар нэг асуудал яривал шууд халагдана энэ зарчим өнөөгийн засгийн үед бүр гаарч байна Их шудрага байх тухай ярьж байсан элбэгдорж өөрөө хууль завхаруулж бна ардчилалыг дэмдэгч хэн байсан ч чадвартай чадваргүй нь хамаа байхгүй ажилд авч байна
tiimee hoo ardchilal baikhgui bol bolokhgui ni ee l geed baisan ardchilal ni baigaad ch nemer alga ali ch niigemd ajil hiij l amidrakh ni tuilyn unen dee