Өнгөрсөн долоо хоногт хоёр гишүүнээр бүл нэмснээр бүрэн бүрэлдэхүүнтэй болсон УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 76 гишүүнээс 48 нь хүрэлцэн ирж 63.2 хувийн ирцтэй эхлэв.
УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлуулсны дараа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн Д.Зоригтыг УИХ дахь АН-ын, Д.Сумъяабазарыг МАН-ын бүлэгт нэгдэн орохоо илэрхийлсэн намын бүлгүүдийн албан бичгийг сонсгож танилцуулав. Мөн өнгөрсөн долоо хоногт баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцсийн найруулгыг сонсголоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 02 дугаар дүгнэлттэй танилцав. Энэ талаарх дүгнэлтийг цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцууллаа.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн оршин суугч, иргэн Ц.Эрдэнэцогт дээрх хуулиудын “ял шийтгүүлж байгаагүй” байх гэсэн заалт, шаардлагууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, иргэн хүнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллах боломжийг хааж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргасан иргэн Ц.Эрдэнэцогт болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцсон байна.
Цэцийн хуралдаанаас дээрх хуулиудын “ял шийтгүүлж байгаагүй”, “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэсэн заалт, шаардлагууд нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгч, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байгаа, Үндсэн хуулийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 02 дугаар дүгнэлттэй танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )