Өгүүллэг: Халуун усны байшин

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

 

Цэрэнтулгын Түмэнбаяр

МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Түмэнбаяр нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 6 удаа шагналт байранд оржээ. “Мэргэнд буусан чоно”, "Нохойтой нөхөцсөн бүсгүй", "Тэнгэр мэднэ", "Согоо суман, тэнгэрийн зүүд", "Цагаан сүүний домог" зэрэг шүлэг, өгүүллэг, тууж, кино зохиолын 10 гаруй бүтээл туурвисан 2000-аад оны үед тодорсон авьяаслаг зохиолч юм.

 

 

Халуун усны байшин

Наранд үдээр шиг болсон чийрэг нарийхан шилбэтэй арав гаруй насны бор хүү сэргэлэн хар нүдээ гялалзуулан “Хүүе, Мөнхөө кино үзье, кино үзье. Нөгөө хоёр чинь халуун усны байшин руу явлаа” гэхэд усан буугаар тоглож байсан Мөнхөө “Аль аль, хаана байна” хэмээн хэрэгт дурлацгаан ухасхийлээ. “Явъя, Жаргалд хэлье” гээд хоёр хүү сумын төвийн зүүн хойд  талын хашааны гадаа очиж, дүүлэн хуцах нохойноос нь айн орж чадахгүй хаалгаар нь цухалзан “Жаргал аа”  хэмээн байдаг чадлаараа дуудлаа. Дэр нийлээд удаагүй хос солих хувцсаа баадагнаад сумын төвийн халуун усны байшин руу инээлдэн алхана. Тэр хоёр өрх тусгаарлаж амжаагүй, хадам эцэг, эх нь нас өндөр болсон болохоор бэрийн гарын цай уух цаг болсон хэмээн хүүгээ яаран гэрлүүлсэн нь хэдэн жил бие биедээ тэмүүлж явсан хоёр хүүхдийн нар нь гарсан гэлтэй. Харин хамгийн гачлантай нь ээж, аавтайгаа нэг гэрт амьдардаг болохоор чөлөөтэй эрхлэн, эхээс төрсөн биеийнхээ гоо сайхныг харахын жаргалыг гагцхүү энэ халуун усны байшинд л амталдаг билээ. Хоёр хөгшин хүүхдүүдээ халуун усанд орохоор яваа л гэхээс биш, өөрийг төсөөлөхгүй. Харин сумын төвийн хийх ажлаа олж цөхсөн төрхгүй банди нар л энд тэндхийн нүх сүвээр орж, сонирхон шохоорхож явдгаараа мань хоёрын явдлыг аль хэдийнээ мэдчихээд, халуун усны байшингийн бяцхан сараалжин салхивчаар ээлжлэн харж, инээлдэн хөхрөлдөж, үл үзэгдэх далд ертөнцийг гайхалдан ярьцгаадаг билээ. Тэд түүнийгээ "кино үзэх" гэнэ. Хоёр залуу тэдний тухай юу мэдэх билээ дээ. Бие биенээ бишрэн хайрлаж, гайхан бахадсан ариун тунгалаг анхны хайр, шүүдрийн дусал шиг гэрэлтэх нүд, гэрэл гэгээ цацруулсан гоёмсог цагаан үүл мэт бумбагар мээмийг таалан таалаад ханашгүй. Залуу бүсгүйнхээ гоо сайхан магнай, нарийн хөмсөг нь жирвэлзэн хөдлөхийг нүдээ шуналтайяа дүрлийлгэн харж, бахадсан өнгөөр дуу алдана. Бүсгүй шувуу жиргэх мэт инээх, дур булаасан зугаацал, догдлон чичигнэх хоолой, өмөлзөн чичрэх уруулаар тэмтчин эрхлэх нь тэсэхүйеэ бэрх.Халуун усны сараалжин цонхоор харах багачуудын хөхрөлдөхийг битгий хэл, хажуудаа бөмбөг дэлбэрч байсан ч үл анзаарам тийм амтат жаргалд умбан, залуу эрүүл биеийн  гоо сайхан, харж ханашгүй эрхэмсэг нандиныг  энэ муу сараалжин мод, хувцас солих өрөөний хулдаасан гадартай нарийхан сандалнаас  өөр юу ч үгүй, чийг ханхалсан оготны нүх шиг амбаар дотор л олж мэдэрч, дурлалд живж, тачаангуйн тэнгэрт хөвдөг билээ.  Гэвч нөгөө усанд орох 20 минут дуусахад  халуун усны үйлчлэгч, бүдүүн  бор авгай дүлий хүний ч чихний хэнгэрэг хагармаар чангаар “Цаг чинь болчихлоо,  дараагийн хүн усанд орох гээд байна, гараач” хэмээн хашгичиж, хаалгыг нь пижигнэтэл нүддэг билээ. Залуу “тэнэг авгай” хэмээн уцаарлаад хувцаслах гэж боссоноо бүсгүйг дахин таалж, ханашгүйгээр үнсэж үнгэнэ. Өнөө авгай “Энэ хоёр усанд орохоороо ерөөсөө цаг барина гэж байхгүй, гарахаа мэдэхгүй” хэмээн хэн нэгэнд хэлж, “Түргэлээч”гээд чимээгүй болно. Халуун усанд орохоосоо илүү янаг хайрын явдалдаа халууцсан бүсгүйн царай  аз жаргал, ичингүйрэл хоёроор улаа бутран гарч ирэхдээ усанд орохоор ирсэн хүн, үйлчлэгч хоёроос ичин, нүүр буруулах ажээ. Сахилгагүй банди нар “одоо би, одоо би" хэмээн булаацалдан ээлжлэн “кино үзэх” бөгөөд бусдаас адтай Мөнхөө цаад хоёроо яаж ийж аргалж байгаад хэд дахин үзчихнэ. Хүүхдүүдэд тэр хоёрын явдал нэг л хачин, сонин гайхалтай санагдах бөгөөд үзүүштэй сонин “кино” нь байдаг. Өдөр болгон халуун усанд оролтой биш. Хүн амьтан юу ч гэх билээ. Долоо хоногт ганцхан удаа хорин минутын хугацаатай олддог энэ л жаргалдаа хоёр залуу насан туршдаа мансуурч явахыг л хүсдэг билээ. Харин халуун усны үйлчлэгч авгай хос залуусын хүслийг гадарлах ч үгүй нь гачлантай.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top