Ундгайн Насанжаргал
“Зассан шагай шиг” нэртэй шүлэг, өгүүллэгийн шинэ номоо саяхан хэвлүүлсэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, эдүгээ бол “Өмнийн говийн элс” ХХК-д оператор ажилтай У.Насанжаргал шүлэгчийн шинэ найргаас өргөн барьж байна.
Шагай шиг
Гэмгүй багадаа тоглож байгаад тараачихсан
Гэрийн шагай шиг залуу насаа цуглууллаа
Хоймрын дугалуур дээгүүр тэр аяараа
Хонь ямаа голдуухан налай байлаа
Олигтой байгаагүй нь чи ганцаараа биш ээ гэх шиг
Онх буусан нь голмооргүй хэд хэд
Монгол ёсоор амьдарсан чинь энэ ээ гэх шиг
Морь буусан нь харамсмаар цөөн
Дөрвөн улиралд амьдралынхаа дундаас
Дөмөн түүхт ардынхаа дундаас
Дөрвөн талт шагайнхаа дундаас
Дөнгөж сая л өөрийгөө оллоо
Хайртай ээжийнхээ үгэнд ороогүйн тоогоор хонь
Хатуу шаардлагатай мөргөлдсөний чинээгээр ямаа
Онгирч сагасан алдааны хэмжээгээр тэмээ
Ороо амьдралд оносны хэрээр морь
Нангиа уг нь амьдралд анх унахдаа
Наймааны бод тэжээлийн бог байгаагүй ээ
Ардын саналаар дээшээ суудалд заларсан
Аялгуу яруу найргийн ажнай байсан
Зассан шагай шиг амьдрал хүсэхэд минь заяасангүй
Заншил хатуу өвгөд бүдрэхэд минь заасангүй
Хаяагүй тал даваагүй уулыг бүргэд шиг давж
Хайран залуу насандаа “Даан чиг ажрамгүй явлаа”
Дөчин хэдэн морь нэг дор буудаггүй нь үнэн
Дөрвөө дарсан ат шиг насандаа алдаагүй нь хэн
Ганц олдох насаа бусдын адилаар элээсэн
Гарын дорхи жишээ БИ энэ байна
Одоо харин уруу хаявал өөдөө өнхөрч
Орхигдохдоо буруу орхивол зөв бууж
Босгоны цаана үлдсэн тоотойхон насаа
Болж өгвөл бүгдийг нь морь буулгахсан
Ижийгээ санаж бичсэн шүлэг
Гувай хатан ижийгээ
Гучин жил зүүдэллээ
Гуних эрхлэхдээ наалддаг энгэрээ
Гучин жил үгүйллээ
Шилбүүрт эвэршсэн гар тань
Ертөнцийн зөөлөн нь байж
Ширүүлж хэлсэн үг тань ч
Ерөөлийн дээд нь байж
Үйлийн хорвоод үлдсэн үрсээ
Үнэсэж хүрэмгүй өндөр өндөр болсныг
Үгүй дутуугүй өнөр өтгөн болсныг
Үүлэн чанадаас та харж л байгаа
Үртэй хүний гол гурав тасардаг гэж
Үнэн юм билээ! Бурхан минь
Үндэстэй хорвоогоос ижий минь одохдоо
Үрсийнхээ тоогоор зургаан жил хоргодсон байнам
Зоргоороо зантай үр тань
Зон олныхоо дэмэнд явдаг ч
Зорьсон чиг өөрийн бодолтойгоо зовж
Зовлондоо жаргаж яваа юм шүү ээж ээ
Яруу алдраа мандуулж
Ялалт байгуулж чадсангүй ээ
Ясыг тань өндөлзүүлэн муулуулж
Явсан бол өршөөгөөрэй та
Сэтгэгдэл ( 0 )