Хүүхдийн баярыг тойрсон 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр өргөн дэлгэр болж хүүхдийн цангинасан инээд хөөр баясалаар дүүрэн өндөрлөлөө. Бяцхан үрсүүдийн сэтгэл догдлуулсан өдрөөр хүүхдүүдийг баярлуулсан олон олон үйл ажиллагаа зохион багуулагдсан юм. Энхрий бяцхан үрсүүд маань баярын өдрөөрөө хамгийн гоё хувцсаа өмсөөд аав, ээж, ах эгч, эмээ өвөөтэй дагуулан баярын үйл ажиллагаануудыг сонирхон баярласан юм. Энэ жилийн хувьд “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

  1. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг.
  2. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.
  3. Өнгөрсөн 1952 оны түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.
  4. Хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.
  5. Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
  6. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
  7. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм.
  8. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.
  9. Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

10.  Энэ жилийн хувьд Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу  “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

11.  Энэ өдөр нийслэл хот маань хөл хөдөлгөөнд дарагдан байлаа.

12.  Ялангуяа Сүхбаатарын талбай, Хүүхдийн парк хоёр илүү хөл хөдөлгөөн ихтэй байсан юм.

13.  Сүхбаатарын талбайд 900 хүүхдийн флаш мобоор нээлтээ хийсэн хүүхдийн баярын арга хэмжээ урлагын тоглолт, янз бүрийн тэмцээн уралдаанаар өдрийн турш үргэлжлэн явагдлаа.

14.   Микки маус, Том Жерри, араатны хаан арслан зэрэг үлгэрийн баатрууд хүүхдийн баярын энэ өдөр “амилчихаж”. Хүүхдүүд ч өөрсдийн дуртай хүүхэлдэйн киноны баатруудтай зураг авахуулахаар дугаарлаж байгаатай таарлаа.

15.  Хүүхдүүд Динзагийн өргөө, үлгэрийн номын худалдаагаар зочилж дуртай номоо сонирхох, анги хамт олон найз нөхдөөрөө амрах зуслангаа сонгох, үндэсний дээл хувцасаа өмсч зургаа авахуулах, пудволк болон биеийн аль нэг хэсэгт дуртай “шивээсээ” наалгаж байлаа.

16.  Сүхбаатарын талбайд баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдийг хамгийн их баярлуулж тэдний сонирхолыг соронз мэт татаж байсан газар “Мини зоо” парк байсан юм. Туулай, тоть, бүргэд, усан хулгана зэрэг арав гаруй амьтныг харахаар уртаас урт дараалал үүссэн байлаа.

17.  Зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд, эмээ өвөө нар ч 1500 төгрөгийн тасалбартай амьтны бяцхан ертөнцөөр аялахыг хүссэн бололтой нэлээд олуулаа байсан юм.

18.  Мөн Эко скаутууд байгаль дэлхийгээ хэрхэн хайрлаж хамгаалах, дусал усны үнэ цэнийн талаар хүүхдүүдэд төдийгүй томчуудад зөвлөгөө өгсөн байна.

19.  Бяцхан үрсүүд маань баярын өдрөө сэтгэл хангалуун тэмдэглэж байгаагаа ч дурьдаж байсан юм.

20.  Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top