Цагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30–50 тэрбум төгрөгт хүрч байна

50 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Засгийн газрын тэргүүн томилолтынхоо эхэнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Оргих” багийн нутаг “Сэлэнгэ тариа” ХХК-ийн ургацын талбайд хүрэлцэн очиж, тариаланчдын төлөөлөлтэй уулзан ургац хураалтын бэлтгэл ажил болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. “Сэлэнгэ тариа” ХХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ энэ жилийн ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын талаар танилцуулав. Энэ жилийн зун цаг агаарын нөхцөл байдал таатай, бороо хур элбэг байсан тул олон жилийн дунджаас арвин ургац авах урьдчилсан төлөвтэй байгаа бөгөөд нэг га-гаас 14-15, зарим талбайгаас 20 центнер хураах баланс гарсан гэдгийг тэрбээр дурдлаа.

Цагааннуур сумын тариаланчид намрын тариа хураалтын бэлтгэл болон тулгамдаж буй асуудлын талаар саналаа хэлэв. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар стратегийн бүтээгдэхүүн улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарна, ирэх долоо хоногийн даваа гарагт 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа газар тариалангийн салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг тусгана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮЯ дотоодын гурил, хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнсний улаанбуудайн 100 мянган тонн улсын стратегийн нөөцийг тариаланчдаас худалдан авч бүрдүүлэх хөрөнгийг шийдсэн. Боломжтой бол үүнээс ч илүүг авна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 20 хүртэл хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд хамгийн том тариалангийн талбайтай сум юм. Сумын хэмжээнд 53,2 мянган  га тариалангийн  эргэлтийн талбайтай ба үүнээс жилд 24.0-35.0 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж, 17.0-28.0 мянган га-д сайн чанарын уринш бэлтгэж 1 га-аас 10.0-17.0 центнер буюу 26.0-45.0 мянган тонн ургац хураан авч аймгийн нийт ургацын 30-40 хувь, улсын нийт ургацын 10-20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

Цагааннуур сумын хэмжээнд 34 аж ахуйн нэгж, 24 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд жилд 30,0-50,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top