Хүрэн ордонг Богд хааны ордон музейд шилжүүлэх хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд Хааны Хайстайн лавиран буюу Хүрэн ордонг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл” сангийн хамгаалалтад, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжаар “Хүрэн ордон”-ы 664 м2 газрыг “Икэл” санд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг юм. 

Харин ССАЖЯам уг ордонг Богд хааны ордон музейд шилжүүлж сэргээн засварлан музейн зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаа юм.

 Тиймээс Хайстайн лавиранг Богд хааны ордон музейд шилжүүлэх талаар шийдвэр гаргаж өгөхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон бусад холбогдох албаны хүмүүст хандаад байна. 

 Богд хааны ордон музейд шилжүүлснээр Хайстайн лавиранг шат дараатай сэргээн засварлах, хамгаалах боломж нээгдэх юм.

Богд Хааны Хайстайн лавиран буюу Хүрэн ордонг товч танилцуулбал :

Монголын сүүлчийн эзэн хаан YIIIБогд Жавзундамба хутагт нь Шаравпэлжээлин буюу Ногоон ордон, Гунгаадэжэдлин сүм буюу Цагаан ордон, Дэчингалав буюу Шар ордон, Хайстайн Лавиран буюу Хүрэн гэдэг дөрвөн ордонтой байжээ.

Богд Хааны дөрвөн ордонг Сэцэн хан аймгийн Лувсан 1912 онд зурсан “Нийслэл хүрээ” зурагтаа дүрсэлсэн бол Хайстайн Лавиранг Монголын шинэ үеийн уран зургийн нэрт төлөөлөгч, олноо “Марзан” хэмээн алдаршсан Балдуугийн Шарав зурж бүтээсэн нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. Дээрх дөрвөн ордноос эдүгээ ганц Ногоон ордон нь бүрэн бүтэн үлдэж “Богд хааны ордон музей”-д ашиглагдаж байгаа бол Цагаан ордонг буулгаж суурин дээр нь 1 дүгээр цахилгаан станцыг барьж, Шар ордон нь хамгаалалт сул байснаас шатаж үгүй болжээ.

Харин Хайстайн Лавиран буюу Хүрэн ордонг  нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн урд талд харьцангуй бүтэн үлдсэн ч тойруулсан хашаанаас өөр харуул хамгаалалтгүй, хандах эзэнгүй шахам болж жил ирэх тусам түүхэн үнэт зүйл ач холбогдлоо алдан бүдгэрсээр байгаа юм.     

  

Эрдэнийн далай баян сүм буюу Богд хааны сэрүүн ордон гэж нэрлэдэг байсан.   20-р зууны эхэн үед Богд хаан болон түүний хатан Дондогдуламын хамт зуны ордон  хэмээн  бөөрөнхий гэр хэлбэрт сэрүүн сүмүүдэд амьдардаг байсан. 

 1920 онд Модон цаг болох 2 давхар өндөр 12 жилээр чимэглэж хийсэн цамхаг цагыг барьсан байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ ордонг Богд хаан хүүхэд өсгөхөд тохиромжтой газар үзэж байжээ. Тиймээс ч Богд хаан болон хатан Дондогдулам нар 300-гаад хүүхэд өргөж аван уг газарт хүүхдүүд байрладаг байсан гэнэ. Сүүлд Богд хааныг таалал төгссөний дараа өргөж авсан хүүхдүүдийг гэр гэрт нь буцааж, Хайстайн Лавринг засгийн газрын комисс мэдэлдээ авчээ.

1934 онд кино архивын зурагт хуучин төрх нь үлдэж хадгалагдсан байдаг юм.  Хайстайн Лаврин нь Чингэлтэй уул, Хайлааст уул 2-ийн дунд байрлаж байгаад сүүлд Туул голын баруун ард талд нүүлгэсэн. 

19-р зууныcүүл үед Ёнзон хамба Хайстайн Лавринг модон хашаагаар тойруулж хамгаалалт хийн эзэмшиж байсан ба  8-р Богд хаан зуны ордоны хашаандаа олон төрлийн мод ургамал амьтадыг тэжээдэг байсныг 1913 оны зураг дээр харж болно.

1920 онд Зуны ордон төрийн үйл хэрэг явуулах том гол газар болон хувирсан бөнөөд  Богд хааны Хайстайн ордоны доторх тавилга үнэ цэнтэй болгоныг зарж борлуулсан гэдэг байна.

ССАЖЯам Хайстайн Лавиранг Богд хааны ордон музейд шилжүүлэн Ногоон ордны нэгэн адил сэргээн засварлаж музей байгуулан олон нийтэд сурталчилах чиглэлээр ашиглах саналтай байгаа бөгөөд ийнхүү холбогдох хүмүүст нь хүсэлтээ уламжлаад байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (103.9.90.130) 2013 оны 07 сарын 26

Дэижиж байна. Түүх дурсгалаа авч үлдэлгүй яах вэ?

0  |  0
Top