Зудад нэрвэгдэж доройтсон мал, малчдад хоршооны зээл "АМЬ ТАРИА" болж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
7 цагийн өмнө

Өнгөрсөн 2023-2024 оны өвөл хатуухан болж Монгол орны ихнэх хэсэг зудтай, ганц нэгээрээ өлөлд бэлдсэн малчид хотоо харлуулж хүндхэн өвлийг даван туулсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг эрсдэл багатай даван туулахын тулд төр засаг, хот хөдөөгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн гэхэд хилсдэхгүй ээ. Төрөөс малчдынхаа чадавх, амжиргааг нь дэмжих үүднээс “Шинэ хоршоо-Чинээлэг” малчин хөтөлбөрийг санаачлан УИХ-аар батлуулж,  өдгөө энэ төслийн үр дүнд хөрсөн дээрээ бууж эхэллээ.  Тухайлбал  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 6 сарын хугацаанд 7000 орчим хоршоо шинээр байгуулагдаж, 69.000 орчим малчин хоршоонд гишүүнээр элжээ. Мөн нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16.319 малчин хоршоологчдод олгосон байна.

Түүнчлэн 2024 оны наймдугаар сард арилжааны банкууд, оролцогч талууд санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар дахин 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр хоршоологчдод олгогдох боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар зээл олголтын явц хэвийн явагдаж байгааг Монголбанкнаас мэдэгдсэн.

“Шинэ хоршоо хөдөлгөөн” тогтвортой үргэлжилсэнээр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэнэтийн гамшиг ослын үеийн эрсдэлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийг бий болгох, хоршоологч, үйлдвэрлэгчийн түншлэлийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлтийг бодит ажил болгох зэрэг ач холбогдолтой гэдгийг ч албаныхан онцолж байна.

Мөн энэхүү хөдөлгөөний хамгийн чухал тал нь малчин айл өрхөд очих санхүүгийн боломж, үр ашгаас гадна, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөө хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгааг малчдад сануулсаар байна.

Энэхүү хоршооны үйл ажиллагаа хэрхрэн явагдаж байгааг, цаашид хоршооны үйл ажиллаагааг үр дүнтэй явуулахад хэрхэн анхаарах ёстойг ч таньж мэдэх нь чухал гэдгийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгожээ. Энэ дагуу Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 21 аймагт Улсын Онцгой Комиссын долоон шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, өвөлжилтийн бэлтгэл болон хоршооноос авсан зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн санал солицлох ажил явагдлаа.

 

“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 166-р тогтоолын дагуу “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны долоон банк хоршоогоор дамжуулан малчдад зургаан хувийн хүүтэй олгох юм. Ингээд бид малчид хоршооны зээлээ хэрхэн зарцуулсантай нь танилцахад ихэнх нь үржлийн мал авч, хашаа хороогоо дулаалж, хадлангийн тоног төхөөрөмж  авч, өвс тэжээлээ бэлдэж, үхрийн фермтэй болж, махаа хадгалж, нөөцлөх хөргүүр барьж, сүү сүүн бүтээгдэхүүн хийж, борлуулах байр барих байдлаар зарцуулжээ. Малчдын хувьд хүү багатай тус зээлд ам сайтай байх бөгөөд дахин малжих боломж олгож байгааг онцолж байв.

 

Манай сурвалжлах баг УОК-ын шуурхай бүлэгтэй хамт Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллаад ирсэн юм. Бидний эхэлж орсон аймаг бол Өмнөговь аймаг юм. Тус аймаг нь мал аж ахуйгаас гадна уул уурхай, эрдсийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг ААН-үүд олонтой. Бидний хэлдгээр уул уурхайтай аймаг юм. Тиймээс ч баруун аймгуудтай харьцуулахад хоршооны зээлэнд хамрагдсан малчид харьцангуй бага байсан гэдгийг шинэ хоршоо хөдөлгөөний мэргэжилтнүүд онцолж байсан юм. Гэхдээ цөвүүн цаг ирэхэд малчид ганц нэгээрээ бус өөр хоорондоо нэгдэж хоршоолж чадвал хамтын хүчээр малынхаа ашиг шимийг сайжруулж, орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтойг ойлгож үлгэрлэн харуулсан хоршооллууд олноороо байгуулагджээ.

 

“ГӨЛИЙ ТООРОЙ” ХОРШОО ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, ЕБС-ИЙН 3500 ГАРУЙ СУРАГЧИЙГ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ БАЙНА

 

 

Бидний эхлэн танилцсан хоршоо бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Б.Золбоогийн нутгийн малчидтайгаа хамтран байгуулсан “Гөлий тоорой” хоршоо юм. Энэхүү хоршооны малчид “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж авсан зээлээрээ мал худалдаж аван амьжиргаагаа дээшлүүлж, малынхаа ашиг шим, үүлдэр угсаагаа сайжруулсан байна. Харин Б.Золбоогийн хувьд өмнө нь эрхэлж байсан үхрийн фермийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн үр шимийг нь хүртэж эхэлсэн гэдгээ хэлж байна. Тэрбээр 2012 оноос эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд эрчимжсэн сүүний чиглэлийн үхрийн фермийг байгуулан ажиллуулж байжээ. Гэвч “Ковид-19” цар тахлын үед үхрийн фермийнх нь ашиг орлого нь буурч улмаар цөөн үлдсэн хэдэн үхрээ зарж бусдын адил уул уурхайн компанид 2 жил ажиллажээ.

Харин өнгөрсөн хавар Монгол Улсын ЗГ-аас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хоршооны зээлд хамрагдаж, сайн үүлдрийн, сүүний чиглэлийн үнээнүүд худалдан авч өдгөө 20 гаруй үнээтэй фермийн үйл ажиллагаа эрхэлж байна. Тэрбээр хэлэхдээ “ Говийн нутагт үхрийн фермерийн үйл ажиллагаа эрхлэхэд нэлээд хүндрэлтэй. Тиймээс ч манай суманд манайхаас өөр үхрийн фермерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа айл, хоршоолол байхгүй. Энэ нэг талдаа эрэлт нэмэгдүүлж ашигтай ажиллах орон зайг бий болгоодог гэж хувьдаа боддог. Манайх Цогтцэций сумын улсын 2 цэцэрлэг 4 сургуулийн 3500 гаруй сурагчдад хичээлийн улиралд ч буюу есдүгээр сараас зургаадугаар сар хүртэл сүү нийлүүлдэг.

 

Зуны цагт нь сүү цагаан илээгээ боловсруулж зах зээлд борлуулдаг. Өрсөлдөөд зах зээл булаацалдаад байх аж ахуй нэгжүүд цөөхөн учраас ашигтай ажиллах боломжтой гэж үздэг. Цаашлаад Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад ч сүү, сүүн бүтэгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Гэхдээ ганц саад болж байгаа зүйл нь манай суман мал эмнэлгийн лаборатори байхгүй. Шинжилгээний бичиг авах лаборатори байхгүй учраас уул уурхайн компаниудад сүүгээ нийлүүлж чадахгүй байна. Хэрэв лаборатори ашиглалтад ороод сүүгээ шинжлүүлж бичиг авч чадвал орлогоо нэмэх маш өргөн боломжтой. Хоршооны зээлд хамрагдаж аж ахуйгаа өргөжүүлсэн нь ганцхан манайх гэлтгүй хэдэн хэдэн өрхийг ажлын байраар тогтмол орлогоор хангаж байгаад сэтгэл хангалуун байна” гэж хэлж байна.

 

“ХИЙМОРЬ ДАЛАЙ” ХОРШОО ХАЯГДАЖ, ҮНЭГҮЙДСЭН ХОНИНЫ НООСООР ЭСГИЙ ҮЙЛДВЭРЛЭЖ,  БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙНА

 

Бид Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот болон Цогт-Овоо, Ханхонгор, Баяндалай зэрэг сумуудаар явж өвөлжилтийн бэлтгэл байдал болон хоршооны зээлдэгч нартай уулзлаа. Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдсан өнгөрсөн зун байгуулагдсан “Хийморь далай” хоршоо мөн л малынхаа ашиг шим, үүдлэг угсааг нь сайжруулах үүднээс нутаг сэлгэж сайн үүлдрийн мал худалдаж авсан малчин өрхүүд цөөнгүй байна. Түүнээс гадна тус хоршооны дарга Х.Цэнгэлбаяр орон нутагт хамгийн эрэлттэй худалдаалагддаг экс эсгийний үйлдвэрийг хоршооны зээлээр байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд хонины нэхий үнэгүй шахам болж хаягдаж ирсэнд малчин хүний хувьд ихээхэн эмзэглэж, малынхаа буян хишгийг үнэгүйдүүлэхгүй түүхий эдийг нь боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр санаа шулууджээ. Тиймээс шинэ хоршоо хөдөлгөөнөөс авсан зээлээрээ тоног төхөөрөмж худалдан авч сумынхаа төвд эсгийний үйлдвэрээ байгуулсан байна.

“Хийморь далай” хоршооны хувьд монгол гэрийн эсгий дээвэр, туураг, гудасны түүхий эдийг уламжлалт Монгол аргаараа боловсруулан үйлдвэрлэж эхэлсэн байна. Улмаар хоёр сар орчмын хугацаанд үйлдвэрлэл явуулж 300 гаруй гэрийн эсгийг хийж дуусгажээ. Энэ жилийн хувьд зээлээ хөөцөлдөж, үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж явсаар эсгий худалдаалагддаг цаг нь дуусчихсан. Гэхдээ ирэх жилд зарах эсгийгээ үйлдвэрлээд хураачихсан гэдгээ учирлан хэлж байна. Хийморь далай” хоршоо эсгийний үйлдвэрлэлээ эрчимжүүлснээр Баяндалай сум болон ойролцоох сумуудынхаа хэрэгцээг хангаад ашиг орлоготой ажиллах бүрэн боломжтой гэж тооцжээ.



ЗАЛУУ МАЛЧИД ХОРШИЖ, НЭГДЭЖ, ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА

 

УОК-ын шуурхай бүлэгтэй хамтарсан манай сурвалжлах баг цааш явж Өвөрхангай аймгийн Баянгол сумын хоёрдугаар багийн малчин өрх Б.Оюунболдынхоор зочиллоо. Залуу малчин өрх Б.Оюунболдынх малынхаа хашаа хороог сайжруулж өвс тэжээлээ татаж, өвөлдөө хэдийн бэлдэж амжжээ. Малчин Б.Оюунболд үеийн хэдэн залуу малчидтайгаа нийлж “Онги буян арвижих” нэртэй хоршоог байгуулж боломж бололцоогоороо хоршооны зээлд хамрагдсан байна. Ингэхдээ малынхаа ашиг шим, үүлдрийг нь сайжруулах зорилгоор нутаг сэлгэж эцэг мал худалдаж авчээ. Тухайлбал Дорнод аймгаас махны чиглэлийн үхэр худалдаж авсан бол Баян-Өлгий аймгаас ноолуурын чиглэлийн Уулын бор ухна худалдаж авчээ. Баян-Өлгийн уулын бор ямаанаас 1.5 кг ноолуур гардаг учраас малынхаа үр шимийг ирэх хавраас хүртэнэ гэж хүлээж суугаагаа хэлж байна.

Мөн энэ хоршооны малчид малынхаа тоо толгойг өсгөх зорилгоор нутгаасаа хонь, ямаа зэрэг бог мал худалдаж авсан байна. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгийн Баянгол суманд цаг агаар таатай, өвөлжилт хүндрээгүй хэвийн байгаад малчид баяртай байгаагаа хэлж байна. Цагаан идээ элбэгшдэг зун, намрын улиралд нутгийнхаа брэнд болсон ээзгий, цагаан идээг төв зам дагуу арилжаалж орлого олдог байна. Б.Оюунболдын хувьд бусад залуу малчидтайгаа нийлж хоршоо байгуулахдаа зөвхөн зээл аваад өнгөрөх бус өвөлжилт хүндэрсэн үед отор нүүдэлдээ хамт явж хамтдаа хөгжиж урагшлахыг хүсэж тэмүүлж байгаагаа хэлж байна.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН “ШИНЭ ИРЭЭДҮЙН ХӨТӨЧ” ХОРШОО ХАНГАЙН БҮСДЭЭ ЖИШИГ БОЛОХ ЗОРИЛТТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА

“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд өөр хоорондоо хоршиж нэгдэн, баялаг бүтээж байгаа бас нэгэн жишиг хөтөлбөр Баянхонгор аймгийн Галуут суманд байна. Тухайлбал энэ сумын малчид, ААН-үүдийн хамтарсан “Шинэ ирээдүйн хөтөч” хоршоо юм. Энэ хоршоо мөн л өнгөрсөн зун байгуулагдаж, нэгдсэн ч багагүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, бизнесээ төлөвлөжээ. “Шинэ ирээдүйн хөтөч” хоршоо үүсгэн байгуулагдахдаа нийт 9 малчин нэгдэж 270 сая төгрөгийн зээлийг авчээ. Энэхүү зээлээр сүүний чиглэлийн үнээний фермерийн аж ахуй байгуулжээ.

Улмаар өвлийн дулаан байр барьж дуусгажээ. Мөн 4 улирлын мах нөөцлөх хөргүүртэй агуулах барьж ашиглалтад оруулсан бөгөөд түүндээ сумынхаа хэрэглээний махыг хэдийн нөөцөлж бэлджээ. Мөн нэгэнт хоршоолж аж ахуй эрхэлж байгаа учраас дундын аж ахуйн хашааг барьж өвс тэжээлээ татан өвөлдөө бэлдсэн байна. Мөн ирэх зунаас бага хэмжээний тариалангийн газарт тариалан эрхэлж фермерийнхээ үйл ажиллагааг давхар дэмжихээр төлөвлөжээ. Галуут сумын малчид нэгдэж хоршоо байгуулахаас гадна сум орон нутгийнхаа ААН-үүдтэй хамтарч хөдөө аж ахуйн бизнесээ өргөжүүлэн Хангайн бүсдээ жишигт тооцогдох хоршоо болж хөгжихөөр төлөвлөж, тэмүүлж байгаагаа ч хэлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top