Монгол Улсын нийт гадаад өр 2024 оны байдлаар 35 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 7.2 хувиар өсчээ. Засгийн газрын гадаад өр 2024 оны эхний есөн сарын байдлаар 7.8 сая ам.доллар болж, өмнөх оны энэ үеэс 4.5 хувиар өссөн бол нийт өр нь 30.3 их наяд төгрөг болж 1.8 хувиар буурсан гэх үзүүлэлт байна. Албанаас гаргаж байгаа статистикт итгэхэд хэцүү болсон нь энэ цаг үеийн алдаа байх. Үндэсний статистикийн хороо гэж Засгийн газрын хүссэн тоог нийтэд танилцуулж байдаг тийм л газар гэдэгтэй маргах хэрэггүй.
Ер нь бол Монгол Улсын өр 2017 оноос хойш тасралтгүй өссөн үзүүлэлт бий. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол энэ онд 35 тэрбум ам.долларт хүрсэн тоон үзүүлэлт нь байнга өсөж байгааг илтгэнэ. Энэхүү 30 орчим тэрбум ам.долларын өрийн ес орчим тэрбум нь Засгийн газрын гадаад өр, хоёр тэрбумыг Монголбанкны өр, мөн төрийн өмчит компаниудын гадаад болон дотоод өр 10 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэнэ гэж дурдсан байна.
Түүнчлэн өнгөрөгч 2023 оны эцэс гэхэд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөг төлсөн байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувьтай тэнцэх тооцоолол гарсан байна. Үүнд итгэхэд бэрх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгааг нуух ч хэрэггүй.
Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3 /16.8 хувь/ тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн. Харин Төв банкны гадаад өр 360.2 /17.0 хувь/ сая ам.доллароор, Засгийн газрынх 244.0 /3.0 хувь/ сая ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 40.1 /2.6 хувь/ сая ам.доллароор, бусад салбарынх 19.8 /0.2 хувь/ сая ам.доллароор тус тус буурчээ гэсэн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өгч байна.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад харилцаа, ярьж байгаа хөөстэй төслүүдээс харвал өр зээл тасралтгүй өсөх хандлага байгааг харуулж байна. Өнөөдөр гэхэд Засгийн газраас танилцуулж байгаа 14 мега төсөл гэхэд нэг нь ч өр зээлгүй хөдлөх аргагүй том төслүүд. Ямар ч тэнэг нь ойлгоно. Арай гэж төсвөө хоёр дахин хэлэлцэн баталж байгаа улс орон.
Засгийн газарт хамтарсан намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу Засгийн газрынхаа 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Ингэхдээ Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорино гэсэн. Засгийн газар 14 мега төслөө эрэмбэлж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ч хараахан амжаагүй. Тухайлбал, ирэх намрын чуулганы хугацаанд "Орано" групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хоёр цахилгаан станцын асуудлыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Үүнд “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл гэхэд л өр тавихгүйгээр хөдлөх аргагүй. Мэдээж хэрэг явж байгаа, явж байгаад царцсан төслүүд ч бий. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл үндсэндээ 2013 оноос эхэлсэн. Гэтэл Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио Тин То” компанийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” компанийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон. Уг ажлыг эрчимжүүлэхээр Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан. Гэвч тус компани байгуулагдаад дахин дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч тус төсөл гацсан хэвээр байгаа юм. Үүнд өр үүсэж байж л урагшаа хөдөлнө. Одоо гайгүй явж байгаагаас гэвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл байгаа байх.
За тэгээд яагаад ч хөдлөхгүй Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл, Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын, Зэс боловсруулах цогцолборын, Гангийн цогцолборын, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн, Үндэсний хиймэл дагуулын төсөл гэх мэт дурдаж болно. Гэхдээ эдгээр төсөл нь хөдлөхгүй ч зураг төсөлд нь өр үүсээд салхинд хийсэх нь ойлгомжтой. Одоо ч маргаан дагуулж байгаа Богд уулыг нүхлэхэд эхний ээлжид 700-800 сая ам.доллар буюу ойролцоогоор 2.4-2.8 их наяд төгрөг тусгасан. Зөвхөн зураг төсөлд гэхэд Хөшигийн хөндийн туннельд 55.3 тэрбум, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрний ТЭЗҮ-д 28.6 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөсөн. Засгийн газраас танилцуулсан 14 мега төслийн нэгийг нь ч төсөв болон дотоодын эх үүсвэрээс босгох боломжгүй учраас бүгд л өр болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өр өснө гэсэн үг.
Гадаад өр гээд жигшиж зэвүүцэх зүйл байхгүй. Гагцхүү эргэн төлөгдөх боломжтой зөв зүйлд зарцуулах нь чухал. Өдгөө үүсээд байгаа Монгол Улсын 35 тэрбум ам.доллараар юу хийсэн бэ гэхээр хэлэх үг олдохгүй. Нэг үйлдвэр босгоогүй. Ядахад л хөнгөн үйлдвэрийн чиглэлд ганц үйлдвэр босгочихоод жилдээ үнэгүйдэж байгаа 10 сая орчим арьс ширээ боловсруулаад байсан бол ийм хэмжээний өр үүсэхгүй байх байсан. Сайн мэдэж байгаагаар Энэтхэгээс авсан нэг тэрбум ам.доллараар Дорноговьд Газрын тос барих үйлдвэр барьж байгаа ч хөрөнгө гацсан хэвээр байна. Бусад 34 тэрбум ам.долларыг үүнд зарцуулсан гэх бодит бүтээн байгуулалт үнэндээ алга.
Өр нь өнөөдрийн ч зүйл биш. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 10 жилийн дараа анхны өр тавьсан түүхтэй. Ингэхдээ “Бага болзоот” нэршилтэй өрийн бичиг үйлдсэн гэдэг. Өрийн бичгийг 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргаж, энэхүү өрийг болзсон ёсоор зургаан хувийн хүүтэйгээр хоёр жилийн дараа 1923 онд Ардын засаг төлж дуусгасан байж. Тухайн үед гадаад, дотоодын зээл гэх юм байхгүй, гадаад харилцаа тааруу байсан тул ийнхүү дотооддоо өрийн бичиг гаргажээ. “Бага болзоот” өрийн бичиг хэдэн хувь борлогдсон, хэчнээн хэмжээний мөнгө цугласан нь тодорхойгүй ч 1923 он хүртэл хоёр жил төлж барагдуулснаас үзвэл багагүй мөнгө цугласан байх магадлалтай гэж түүхнээ тэмдэглэжээ. Ардын хувьсгалаас хойш ЗХУ-д тавьсан өр гэж бий. Сүүлд Н.Энхбаяр их өрийг тэглэлээ хэмээн шоу хийж байсныг ч санаж байгаа байх. ЗХУ-ын үед тавьсан их өр бол тэр чигээрээ социализмыг бүтээн байгуулахад зориулсан. Ямартай ч Монгол Улсын гадаад өр улам бүр нэмэгдэхээс өөр арга байхгүй.
Сэтгэгдэл ( 0 )