Америкийн шоу бизнест Монголынхоо нэрийг гаргаж яваа Б.Уянга хэмээх авьяаслаг охинтой ярилцах боломж олдсонд таатай байна. 11-хэн настайдаа анх дууны хөгжим бичиж, 17 настайдаа Франц хэл дээр цомог гаргасан түүнийг Бухарест хотод Холливудын алдартай кинонуудын дууны аянд аялгуу оруулан, Tina go зэрэг одуудтай хамтран дуулсан гэдгээр нь манай уншигчид таньж байгаа байх.
Болдбаатарын Уянга нь дэлхийд од болсон PSY, Aerosmith, Maroon 5, “We Are The World”, Michael Jackson-ы “Billie Jean”, ”Thriller” зэрэг дуунуудын продюсер Quincy Jones болон John Mayer, Chaka Khan зэрэг олон алдартнууд төгссөн Berklee хөгжмийн сургуулийг дүүргэсэн юм. Түүнчлэн Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулахын сацуу Blu Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardelús зэрэг алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласныг нь дуулгахад таатай байна.
-Цаг зав гарган бидэнтэй ярилцах гэж байгаад тань талархаж байна, Уянгаа. Өөрийг тань уран бүтээлээр нь мэднэ. Харин яг Б.Уянга гэж хэн бэ гэдгийг төдийлөн мэдэхгүй. Гэхдээ хоёулаа яриагаа Монголдоо эргэн ирээд байгаа энэ үеийн сэтгэгдлээс тань эхлэвэл ямар байна?
-Бололгүй яахав. Ер нь гадаадад удаан хугацаагаар байж байгаад Монголдоо ирэхэд үнэхээр сайхан байдаг юм. Монголоос сайхан орон байхгүй л гэсэн сэтгэгдэл төрдөг юм байна. МИАТ-ийн онгоцонд суухаар их гоё морины логотой байдаг шүү дээ. Тэрийг харахаар ямар гоё санагддаг гээч. Онгоцонд орохоор урдаас минь “Сайн байна уу” гэж мэндчилэхээр их гоё сонсогдож байгаа юм чинь. Тэгээд л Улаанбаатарт ирээд онгоцноос буухаар яг л монголын нэг их гоё хээрийн үнэр үнэртэхээр дотор сонин болоод л. Их сайхан шүү дээ..
Би Монголдоо долдугаар ангиа төгсөөд Швейцарьт суралцахаар явсан юм. Харин дараа нь Америкт Берклигийн их сургуулийг дүүргээд, одоо уран бүтээлчийн хувиар ажиллаж, амьдарч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ер нь жил болгон Монголдоо ирдэг байсан. Харин энэ удаа жаахан удаж байж ирлээ. Америкт artist-ийн хувиар амьдарч байгаа учраас, тэр шугамаараа виз авахын тулд нэлээд хөөцөлдөх, уран бүтээлчийн хувиар юу хийж байгаагаа батлан харуулах хэрэгтэй байлаа. Тэгээд хэдэн жил нутагтаа ирж чадсангүй.
-Өөрийг тань Монголынхоо тухай ингээд ярьсан чинь надад ч бас их сайхан санагдаж байна шүү.. Яг тэр мэдрэмждээ хөтлөгдөөд дуу зохиож байсан болов уу гэж асуумаар санагдлаа..?
-Америкт Монголоо санаад, үгүйлээд зохиож байсан дуу бий л дээ. Гитарыг морин хуур шиг хөглөж байгаад л зохиосон юм. Манай морин хуурын, манай хөгжмийн нэг ритм байдаг шүү дээ. Яг тэр ритмээр гитар дээр тоглоод нэг дуу бичиж байсан. Шүлгийнх нь агуулга тийм гүнзгий биш л дээ. Гэхдээ би өөрөө бичсэн юм. “Эх орноо би зүүдэллээ...” гэж эхлээд л, дахилт нь “...Салхи миний нэрийг дуудаж байна...” гэж үргэлжилдэг юм.
-Дууг нь бүтнээр нь сонсмоор санагдлаа. Ингэхэд Улаанбаатар хэр өөрчлөгдсөн санагдаж байна?
-Их өөрчлөгджээ. Хэчнээн ч их гоё хотхон, барилга нэмэгдсэн юм бэ. Залуучууд биеэ их сайхан авч явж байна. Харилцааны хувьд ч их сайхан болж.Ер нь л сайхан болсон байна.
- Өөрийн тань YouTube дээрх бичлэг их хандалттай байдаг юм байна лээ. Монголдоо ирэхэд хүмүүс хэр таньж, мэдэж байх шиг байна вэ?
-Намайг хаана харсан билээ гэдэг тийм маягаар харж байгаа байж болох юм. Би Бухарест хотын тайзан дээр дуулсан бичлэг дээр одоогийнхоос их өөр гарсан байдаг. Дээл маань томдчихсон. /Инээв/ Жаахан өөр харагдаад байна лээ. Гэхдээ хүмүүстэй уулзаад, танилцахаар мэдэж байсан. Сая ирээд Юмжир гээд загвар зохион бүтээгчтэй ярилцсан чинь миний бичлэгийг үзсэн байсан. Тэгээд бид хамтарч ажиллах талаар ярьсан зүйл байгаа. Би Монголоо гадаадад сурталчилмаар байна. Тэгэхийн тулд үндэснийхээ онцлогийг илтгэсэн гоё дээл хувцасаа өмсөж зураг авахуулъя, бичлэг хийлгэе гэж бодсон юм. Юмжирын тухайд Монгол хувцасаа өөрийн гэсэн онцлогтой гоё хийдэг. Тэгэхээр бид хамтарч ажиллавал их зүгээр гэж бодож байгаа.

-Сурталчлах гэдэг дээр тухайлж асуумаар байна л даа. Өөрийн тань хувьд өнгөрсөн хугацаанд АНУ-д болсон 150 гаруй концерт, фестиваль болон хөгжмийн баяруудад гоцлол дуучнаар уригдан оролцсон гэсэн. Гэхдээ YouTube дээр гэхэд их цөөхөн бичлэг тавих юм. Ялангуяа өөрийгөө Монголдоо сурталчлах таниулах тал дээр бага ажиллаад байна уу даа?
-Би чанартай уран бүтээл хийгээгүй байж Монголдоо ирээд л би мундаг болчихлоо гээд баймааргүй байсан. Өөрийнхөө хүчээр зүтгэж, хийж байгаад, яваандаа уран бүтээлээ жаахан танилцуулъя гэж бодсон юм. Хүмүүс надаас яагаад уран бүтээлүүдээ YouTube дээр тавьдаггүй юм гэж асуудаг.
Гэтэл би зүгээр нэг дунд зэргийн юм тавьчихмааргүй санагдаад байдаг. Манай сургуулийг төгссөн хүмүүс ХИТ гаргахыг хичээдэг. Би ч их хичээж, хөдөлмөрлөж байж их сайхан ХИТ гаргамаар байна.
-“Бэтмэн”, “Инсепшн”, “Да Винчийн код” зэрэг киноны хөгжмийн зохиолч Жерард Мариногийн урилгаар “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжим дээр ажилласан гэж өөрөө хэлсэн байсан. Мэдээж чиний авьяас чамайг энэ бүх боломж руу хөтөлж байгаа. Бас Берклигийн их сургуулийг төгссөнөөр тэр олон боломжууд чамд ойрхон ирсэн болов уу.. Харин Берклид элсэн ороход Монгол хүн гэсэн тодотгол хүмүүсийн анхаарлыг татахад хэр нөлөөлсөн бол?
-Би бас тэр талаар хааяа боддог юм. Берклид элсэж орохоор шалгалт өгөх үедээ 19 настай, харьцангуй жаахан байсан. Тэр үед монгол дээлээ өмсөж, гоё дуулъя гэж сэдээгүй л байгаа байхгүй юу. Зүгээр л энгийн хувцастайгаа очоод л өөрийнхөө зохиосон франц хэл дээрх дуугаа дуулсан. Тэр үед би Франц хэл дээр цомогоо гаргасан байсан болохоор цомогт орсон дуугаа дуулсан юм. Магадгүй, тухайн үед шалгалт авч байсан багш нар монгол охин гарч ирээд францаар дуулахад гайхсан болов уу. Түүнээс хойш нэлээн бодсон л доо. Манай монгол улс чинь их баялаг хөгжимтэй орон юм байна. Би тэрийгээ илүү сурталчилж олонд хүргэж явах ёстой юм байна гэж ойлгосон.
Мэдээж Берклид орохын тулд их олон шалгууруудыг давсан. Шалгалтууд өгсөн. Хамтран ажилласан хүмүүсээсээ захиа, тодорхойлолт авч байлаа. Өөрийнхөө цомогоо илгээж байлаа. Тэгээд сүүлд нь өөрөө албан ёсоор амьдаар дуулж шалгуулсан юм.
Беркли маш том сургууль. Олон улсын хөгжимчид өөрсдийнхөө хөгжмийг авчирна. Гоё, гоё хөгжим рүү тэмүүлээд, гоё гоё хөгжим тоглоод л.. Үнэхээр сайхан. Миний хувьд эхлээд Уянгаа гэж яг хэн бэ? Миний эх орон Монгол. Тэгвэл Монгол хүнээс ямар хөгжим, ямар аялгуу гарах ёстой юм бэ. Тэрийг ойлгох гэж би бас жаахан удсан. Гэхдээ тэгээд би Монгол хүн, надаас Монгол үнэртэх ёстой гэдгээ сайн ойлгоод, бахархаад, өөрийгөө олоод эхэлсэн чинь миний карьер илүү сайн яваад эхэлсэн. Өөрийгөө сайн ойлгож явах хэрэгтэй л юм даа.
-Нээрээ л бид өөрсдийнхөө соёл, онцлог шингэсэн зүйлээр ялгарч чадна шүү дээ..
Би Рок, R&B, Регги хөгжим гээд л олон урсгал чиглэлээр ажиллаж байсан. R&B -гаар нэлээн сайн явсан. Тэгээд бодоод байхад ер нь өөрийнхөө л юмыг оруулж хийх нь зөв юм. Би R&B-гаар сайн дуу хийгээд, тэд нартай уралдах гээд явсан. Гэтэл яваандаа би юу хийгээд байгаа юм бэ гэж өөрөөсөө асуусан. Би хамтлагийнхаа ахлагч нь. Тэгсэн мөртлөө өөрийнхөө юмыг гаргах хэрэгтэй байтал, шал өөр юм хийгээд явж байсан л даа. Гэтэл монгол аялгуугаа R&B эсвэл роктой нийлүүлэх маягаар өөр л юм гаргахгүй бол байдаг юмыг дуурайж хийхээр сонирхолгүй болчихож байгаа юм.

-Ингэхэд Беркли рүү илгээсэн цомог гэхээр “Хөөрхөн сармагчин” гэж нэртэй мөн үү? Яагаад заавал ийм нэртэй юм бэ?
-Тиймээ. Франц хэл дээр “Хөөрхөн сармагчин” гэж цомог гаргаж байсан юм. Дууныхаа үг, хөгжмийг өөрөө бичээд л.. Би Швейцарьт байхдаа 16 настайдаа залуусын авьяасыг шалгаруулсан төсөлд орж, шалгарч байсан юм. Тэр шугамаараа цомог гаргасан юм л даа.
Дууны тухайд хөгжилтэй хүний тухай юм л даа. Манай нэг их хөгжилтэй найз байсан юм. Тэгээд цомогоо нэрлэхдээ үгээр тоглох маягаар л өгсөн юм. Ер нь францчууд үгээр их тоглодог, их утга агуулдаг хүмүүс. Үг их зүйлийг агуулдаг. Зүгээр хэдэн үг холбоод биччихэж болохгүй. Тэгэхээр их чамбай хандах л хэрэгтэй гэдгийг багаасаа ойлгосон.
-Ер нь өөрийг тань дуу, хөгжим рүү юу хөтлөсөн юм бэ? Хамгийн их нөлөөг үзүүлсэн хүн хэн байна вэ?
-Би 7 настай байхдаа Монголдоо төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж байсан. Багшийг маань Тунгалаг гэдэг. Тэр үеэс Бетховен, Моцартын хөгжмүүдийг тоглодог байлаа. Төгөлдөр хуур дарахаар надад цаанаасаа нэг өөрөө бичмээр санагдаад, тэгээд л бичиж эхэлсэн. Маш гоё ая тоглох гоё мөртлөө, дотроос нэг юм дуудагдаад өөрөө бичмээр санагдаад байдаг байсан.
Их нөлөөлсөн хүн гэвэл өвөө маань юм даа. Намайг 9 настай байхад манай өвөө тархинд нь цус харваж, эрүүл мэндийн байдал нь жаахан хэцүү болсон юм. Юм санахаа больсон. Тэр үед би төгөлдөр хуур дээрээ орос ая тоглосон чинь манай өвөө хүрч ирээд миний дэргэд суугаад аялаад, зарим юмыг санаад, нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Тэгэхэд би бүр уйлаад, бид хоёр хамт дуугаа аялж байж билээ. Би ер нь яагаад хөгжмийн хүн, урлагийн хүн болсон бэ гээд бодохоор өвөө маань их нөлөөлсөн санагддаг. Хөгжим ямар их хүчтэй юм бэ гэдгийг багаасаа мэдэрсэн болохоор тэр байх.
-Хөгжим бичих авъяас тань их багаас нь илэрсэн байх нь. Анхны хөгжмөө хэдэн настайдаа бичив ээ?
-11 настайдаа байх аа.
-Тийм үү, одоо тэр аяыг бидэнд аялж сонирхуулж болох уу?
-Болноо.. /дуулав/
-Гоё дуу байна аа...
- Тиймээ.. /инээв/ Манай төрсөн дүү уг нь дуулах тийм ч дуртай биш. Харин би болохоор хоёр хүний хоолой нийлүүлж дуулах дуртай байсан. Ямартаа л багадаа энэ дуугаа дүүгээ хүчлэн байж хамт дуулдаг байж билээ. Дүү маань сая хуримаа хийсэн. Санхүүгийн чиглэлээр суралцдаг юм.
- Дүү нь хуримаа хийсэн гэхээр эгч нь хэзээ хуримлах бол гэж хүмүүс асууж л байгаа байх даа?
-Харин сая дүүгийнхээ хуриманд явж байхад манайхан “чи хэзээ сайхан Монгол залуу авчрах гэж байна” гэж байсан. /инээв/
-Өөрийн тань хоолойг их өвөрмөц гэж хүмүүс ярихыг цөөнгүй сонслоо. Аль ч урсгал чиглэлд баригдахгүй гэх юм..
-Намайг өнгөт арьстнуудтай адилхан хүчтэй хоолойтой. Гэхдээ ази аялгуутай гэдэг. Тэгэхээр өвөрмөц байна гэж хэлээд байдаг юм. Ер нь монгол аялгуугаа оруулж дуулахаар хүмүүс дандаа л уйлчихдаг. Их сонин..

-Олон мянган үзэгчдийн өмнө дуулсан тохиолдлууд байгаа байх. Бухарестын тэр тайзан дээр дээлтэй дуулахад сэтгэгдэл ямар байсан бэ. Монгол хүн гэдгээрээ омогшиж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Монгол дээлээ өмсчихсөн байна.. Хүмүүст үнэхээр таалагдаад сайхан хүлээж авч байгааг мэдрэх сайхан байсан. Зааланд байсан 5 мянган хүн бүгдээрээ босч баяр хүргэхэд үнэхээр сайхан байсан.
-Тэр үед тайзны ард ээж нь хүлээж байсан гэл үү?
-Тийм ээ. Ээж маань тайзны ард маш их “стресс”-тэй л байдаг юм байна. Тэрийг чи өдий хүртэл их тайвнаар өөр дээрээ авч явж байсныг чинь би илүү сайн ойлгодог болсон гэж надад хэлж байсан.
-Мэргэжлийн томоохон сургуулийг дүүргэсэн хүнээс монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийн талаар асуух ёстой байх?
-Монголд фонаграммтай дуулах нь их байна. Фонаграмм гэдэг нь ая нь цаанаа сонсогдоод дээр нь амьд хоолойгоор дуулж байгаа л даа. Гэхдээ харамсалтай л санагдаж байна. Учир нь фонаграмм хэзээ ч амьд хөгжим шиг хүнд хүрэхгүй. Уг нь амьд хөгжимтэй дуулдаг бол хөгжим гэж ямар гоё байдгийг хүмүүс илүү мэдэрнэ. Хөгжимчдөд ажил олгоно. Тэд өөрсдийгөө илүү сайжруулъя гэж бодно. Дандаа CD тавиад тоглоод байхаар чинь хүмүүст хөгжим ийм л байдаг юм байна гэсэн ойлголтыг үлдээчихээд байгаа юм. Жинхэнэ амьд хөгжим ямар байдгийг мэдрүүлэх ёстой.
-Гадаадад уран бүтээл хийж байгаа Монголчуудын зүгээс хамтран ажиллах санал ирж байна уу. Ер нь гадаадын Монголчууд хэр хүлээж авдаг вэ?
-Тийм санал ирдэг. Тэр талаар ярилцаж байсан удаа хэд хэд бий. Сан Францискод амьдардаг Одко гэж хип хоп чиглэлээр уран бүтээл хийдэг залуу бид хоёр их гоё дуу хийе гээд л яриад байгаа.
Гадаад дахь иргэдийн хувьд дэмждэг хүмүүс их байдаг. Европт хаана ч тоглосон ирж үзнээ. Монголдоо хэзээ сайхан тоглолт тавих гэж байна гэж зөндөө асуудаг юм.

-Манай рок попын ч юм уу уран бүтээлчид санал тавьбал хүлээж авах уу?
-Мэдээж хүлээж авна.
-Нэр алдартай олны танил олон л хүнтэй хамтран ажиллаж байсан юм билээ. Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь хэн бэ?
-“American Music Award” болон “Grammy Music Awards“-д 3 удаа нэр дэвшсэн Blu Cantrell гэж бий. Би түүний нэлээн хэдэн тоглолтуудад орсон. Тэдгээр тоглолтуудад би ганцаараа ази, ганцаараа монгол хүн байсан. Тэнд шалгараад мундаг хүмүүстэй хамт дуулахад сайхан байсан. Би өөрийгөө илүү хүчтэй болгосон. Мөн “Grammy Awards”-ын эзэн Angelique Kidjo–той хамтран ажиллаж байхад их мундаг байсан. Үнэхээр мундаг хөгжмийн зохиолч, дуучин юм байна лээ. Тайзан дээр гарахаар нүд нь асаад л байдаг. Африкийн их гоё ритм байдаг шүү дээ. Тэр нь харагдаад л. Тайзан дээр гарахдаа бараг эрэгтэй хүний костюм өмсчихөөд гарч ирээд байгаа байхгүй юу. Үсээ богинохон тайрчихсан. Тэрийг нь харахаар л сэтгэл хөдлөөд. Дараа нь бид нарт зөндөө гоё юм ярьж өгөөд л. Хөгжимчин хүн ямар байх ёстой юм. Сэтгэлээсээ яаж хийх ёстой юм. Үргэлж бэлэн байх ёстой гээд л их гоё гоё үнэтэй зүйлийг бидэнд хэлж ярьж өгснийг хэзээ ч мартахгүй.
-Ингэхэд шинэ уран бүтээл хийхэд яах аргагүй санхүүгийн асуудал чухал. Өөрийн тань хувьд шоу бизнес цэцэглэсэн газарт олон том тоглолтуудад оролцож ирсэн нь санхүүгийн талаас үр ашгаа хэр өгч ирсэн бол?
-Ер нь бол хэн ч мөнгө ав гэж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр ёстой нойлоос нь эхлээд л явна. Би ихэвчлэн тоглолтоосоо санхүүждэг. Бостонд байхдаа долоо хоногт 1-4 удаа тоглолтод ордог байсан.
Дээрээс нь янз бүрийн хамтлагуудыг менежерлэдэг байсан. Зургийг нь дарна. Янз бүрийн киноны дууны бичлэг дээр ажиллана. Хүнд дуу бичиж өгөөд мөнгө олно. Аранжиро́вка хийж мөнгө олно. Хоолойгоо өгөхдөө мөнгө олно.
- Москвад төрсөн гэж сонссон. Тэнд хэр том болтлоо амьдарсан юм бэ?
-Ээж, аав маань Москвад танилцаад, би тэнд төрсөн. Гэхдээ би Москваг сайн санахгүй байна. /инээв/ Би төрөөд удаагүй монголдоо ирсэн юм билээ. Нээрээ намайг төрөхөд орос эмч нар оюутнуудтайгаа хүрч ирээд “энэ Монгол хөх толботой байна” гээд намайг баахан хүмүүст харуулсан гэдэг. /инээв/ Хөөрхий ээж маань орон дээрээс “хүүе миний охиныг..” гээд л уулга алдаж байсан гэж ярьдаг юм.
-Цаашдаа монгол хэл дээрээ уран бүтээл хийх үү?
-Тийм бодол байгаа. Гэхдээ өөрийгөө мундаг яруу найрагчидтай харьцуулж чадахгүй байна. Хайр дурлалын агуулгатай шүлэг бол биччихнэ. Гэтэл би илүү гүнзгий утга агуулгатай уран бүтээл хиймээр байна.
-За ярилцсанд баярлалаа. Чамд илүү их амжилтыг хүсч байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 3 )
mongoliin nutsgen shaldan angalzaad baidag odontsor duuchidiin xajuud bol jinxene od doo
Хувцас муу юм аа Дизайн талаасаа
mundag umaaaaa