Мянганы сорилтын гэрээний санхүүжилтээр юу бүтээсэн бэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

Ардчилал зах зээлд шилжснээс хойш Монгол Улсад олон орон зээл тусламж үзүүлсэн. Тэдгээрээс хамгийн бодитой бүтээн байгуулалт болсон, үр дүнгээ өгсөн олон жишээний нэг нь Монголын Мянганы сорилтын сангийнх. Тус сангийн санхүүжилтээр зургаан төсөл хэрэгжүүлсэн. Тэдгээрээс дурдвал Чойр-Сайншандыг 176,4 км автозамаар холбосон. Найман метрийн өргөнтэй зорчих эгнээ бүхий улсын чанартай энэ зам бол хамгийн бага өртгөөр хамгийн богино хугацаанд ашиглалтад оруулсан, цементэн суурьтай хамгийн урт зам гэдгээрээ Монголын автозамын түүхэнд шинэ хуудас болон үлдэв. Хоёр аймаг, таван сумыг нийслэлтэй холбосон энэ зам ашиглалтад орсноор манай улс хойд хилээсээ урд хил хүртлээ авто замтай болж, Азийн  автозамын сүлжээнд холбогдсон хамгийн богино коридор үүсгэлээ.

Монголчууд бид нэг хэсэг нийтээрээ дээд сургууль л төгсөх ёстой, дээд боловсролын дипломоор хоолоо олж иднэ гэж бодож явлаа. Гэтэл улсаараа мэргэжилтэй ажилчингүй, тоосго өрөх өрлөгчингүй, барилга барих гэхээр үндэсний барилгачингүй болсон байв. Харин ажилгүйчүүдийн эгнээг дээд боловсролтой залуус өдрөөс өдөрт тэлэв. Энэ алдаагаа саяхнаас ойлгож диплом бус, гарт орсон чадвар таныг тэжээж, амьдралыг тэтгэдэг болохыг ойлгов. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр баялгийг яг гардан бүтээдэг нь мэргэжилтэй ажилчид юм байна гэдгийг олж мэдэв. Энэ бол Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн үр дүн юм. Энэ төслийн үрээр монголчууд бид алдсанаа буцааж авсан, андуурч явснаа ойлгож үлдлээ. Тэгэхдээ бүр мэргэжлийн сургалтыг дэлхийн стандартаар бэлтгэх, түүнийг Монголдоо нутагшуулах боломжтой  боллоо. Хамгийн энгийн жишээ дурдахад энэ төслийн шууд үр дүнгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдөөс компаниуд хоёр өрөө байр амлаж авдаг, дээд сургууль төгсөгчдийн төвшинд шууд талбайн инженерээр ажиллуулдаг эхлэл бий  боллоо. Ийм шинэ үнэлэмж, дэлхийн төвшний шинэ стандарт бодитой бий боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар дэлхийд нэртэй эдийн засагч Эрнандо Сото Монголд ирсэн. Тэрээр ирээд буцахдаа, зөвхөн Улаанбаатарт 7.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө үнэ цэнгүй байгааг онцолсон. Тэдгээрийг үнэ цэнтэй болгох, монголчууд өмчтэй болж байж хүний эрхийн суурь эрхээ эдлэх боломжийг олгохын төлөө Хөрөнгийн эрхийн бүртгэлийн төслийн залуус ажиллажээ. Тэд ардчилсан нийгэмд хүн бүр үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой, гэхдээ тэр нь бүртгэлтэй байж л үнэд хүрдэгийг соён гэгээрүүлэхийн зэрэгцээ 23 мянга гаруй өрхийн хашааны газрын өмчлөлийг гардан хөөцөлдөж өмчлүүлжээ. Үүнээс гадна тус төслийнхөн хэдэн арван чингэлэг цаасан архивийг цахимжуулав. Ингэснээр монголчуудын эд хөрөнгийн бүртгэл нь  баталгаатай, баримт нь үнэн бодит байхын зэрэгцээ “лавлагаа авдаг” иргэдийн хүндрэл, “лавлагаа авчир” гэдэг төрийн байгууллагынхны хүнд суртал компьютерийн ганц товчлуурт шилжлээ.

Энэ мэтээр цааш тоочвол; Монгол Улсын анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр Салхит цахилгаан станцыг ашиглалтад оруулахад төслөөс дэмжив. 90 мянга гаруй өрхийг цахилгаанаар хангах энэ станцыг Диспетчерийн үндэсний төвтэй холбох 22 км шилэн кабель татах ажлыг Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн юм.  Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж тус сангаас 100 мянга гаруй айл өрхөд бүрэн шаталтад зуух, гэрийн дулаалга зэрэг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн  ашиглах их ажлыг нугалсан. Үүнээс гадна эрүүл мэндийн төслөөр 5.3 сая долларын өртөг бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмж эм тариа нийлүүлэхийн зэрэгцээ эмнэлэгийн 1800 гаруй ажилтныг сургалтад хамруулжээ.  Хот орчмын бэлчээрийн төслийн багийнхан ундны усны хомсдолтой орон нутагт 300 гаруй худаг шинээр гаргаж, малчдыг бүлгээр ажиллах, данс санхүү хөтлөхөд сургаж, 1300 гаруй айл өрхөд гэрээгээр бэлчээр ашиглуулах зэрэг  бодитой ажлууд хийгджээ.

Бодит амьдрал дээр энэ санхүүжилтийг дагаж Монголд үүнээс хавьгүй их “юм” үлдлээ. Энэ нь төслийн хүрээнд төсөлд шууд болон шууд бусаар хамрагдсан иргэдийн олж авсан оюуны хөрөнгө оруулалт юм. Бас төслийн хүрээнд монголчууд бид олон шинэ технологи эзэмшиж, шинэ стандарт тогтоож  авлаа. Монгол Улс эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, автозам, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн салбарт хөгжиж байгаа улс орнуудын жишгээр хөгжих, тэр зүгт явах шинэ стандартыг тогтоох мөрдөхөд  Мянганы сорилтын сангийнхан шинэ жим гаргаж чадлаа. Санхүүжилт нь гаднын төсөл ч, түүнийг зуун хувь ашиглаж бүтээн байгуулалт, үр дүнг нь Монголдоо үлдээх чин хүсэл, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажилласан төслийн нэгжийн монгол залуустаа баярлалаа.  Хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгөн дүнгээс нь илүү ихийг бүтээж болдгийг баттай харуулсан монгол залуус АНУ-ын Засгийн газрын төслийг удирдах хэмжээнд очтлоо чадавхижсныг баталсан ийм нэгэн төсөл 9-р сарын 17-ноор дуусч байна. Энд нэгэн санаа хэлэхэд монголчууд бид бэлгийн морины шүдийг үздэггүй, бас бэлгийн эзний сэтгэлийг мартдаггүй ард түмэн. Үргэлжид санан дурсахын тулд бэлгийг нь хүртэл онож нэрлэдэг. “Нарны зам”, “Нарны гүүр” гэх нэрээр эдгээр бүтээн байгуулалт япончуудын дэм, сэтгэлээр босгосон болохыг үргэлжид санадаг. Тэгвэл үүнтэй нэгэн адилаар эдгээр зургаан төслөөс, жишээ нь, Чойр-Сайншандын замыг америкуудтай, эсвэл “Мянганы сорилтын сан”-тай холбоотой ямар нэгэн нэршлээр нэрлэж ч болмоор санагдах юм.  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.4.239.25) 2025 оны 03 сарын 13

Yag unen. Ideedl, ideed l ideed l.

1  |  0
zochin(180.235.168.22) 2025 оны 03 сарын 13

ene odoo henii zahialgat niitlel ve. 1 boditoi ajil ni ene zam busad ni zugeer l hoorondoo yum hissen bolj shal hereggui yumand zartsuulsan ner zuugeed huvaagd ideed duusgalaad daa. hairan mungu. adaglaad gants zes hailuulah jijig ch gesen uildver barisan bol gej...........

1  |  0
Top