Макаогийн мөрийтэй тоглоомын ертөнцийн томоохон тоглогч болох “Galaxy Entertainment” группийг үүсгэн байгуулагч Лю Чэй Ву Азийн хоёрдахь хамгийн баян эрхмээр тодорчээ. Тодруулбал,түүний хөрөнгийн хэмжээ энэ онд 10.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр нийт хөрөнгийн дүн нь 22.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр Макоагийн тэрбумтан Лю Чэй Ву Блумбергийн тэрбумтнуудын индекст Хонгконгийн тэрбумтан Ли Кашиний араас бичигдэх болжээ. Макаод мөрийтэй тоглоомын бизнес эрхлэх зургаан лицензийн нэгийг эзэмшигч түүний хөрөнгийн хэмжээ ийнхүү огцом нэмэгдэхэд Азийн Лас Вегасыг зорих Хятад иргэдийн тоо эрс өссөн нь голлон нөлөөлсөн байна. Учир нь Хятадын эдийн засгийн өсөлт хурдасч эхэлсний үр дүнд илүү холоос буюу төв болон хойд бүсийн иргэд олноороо Макаог зорих болжээ. Энэ талаар “Bloomberg Industries”-ийн шинжээч Тим Крейгхэд “Холоос ирж буй зочдын хувьд Макаогийн орлогын эх үүсвэр болж байсан өмнөд нутгийн иргэд шиг өдрөөр бус хоногоор байрлаж байгаа нь мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчдийн ашиг нэмэгдэхэд ихээхэн түлхэц болж байна” гэж мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад, энэ сарын эхний өдрүүдэд Хятадын үндэсний баяр тохиож байгаатай холбоотой Макаог зорих жуулчдын тоо 14 хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )