Нийслэл гэгч их айлын хөрөнгө мөнгө хөгжлийн төлөө зарцуулагдаж чадаж байгаа эсэхэд Тоншуул миний бие анхаарлаа хандуулан араас нь тодруулж байгаа. Өмнөх дугаарт улсын төсвийн хөрөнгөөр Нийслэлд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээтэй холбоотой тэгэхдээ зөрчил бүхий мэдээллийг танд хүргэсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөөх гэх тодотголтой “Улаанбаатар сан” болоод уг сангийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”, “Улаанбаатар даатгал” ХХК-тай холбоотой мэдээллийг хүргэж байна. Нийслэлээр овоглогдсон энэ сангаас Улаанбаатар хотын санхүүгийн нөөц хөрөнгийг бий болгон төвлөрүүлж, орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, мөн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын банк”-ийг байгуулж, нэг тэрбумын хөрөнгө оруулсан байдаг бол “Улаанбаатар даатгал” ХХК-ийн дүрмийн санд 40 сая төгрөг нийлүүлсэн байдаг. Гол нь өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлсэн энэ хоёр компани Улаанбаатар санд ногдол ашиг нэрээр олигтой хөрөнгө мөнгө ч оруулж гавиагүй байдаг. Түүнчлэн Улаанбаатар сангийн хөрөнгө оруулалттай гэх тодотгол бүхий компаниуд дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт давамгайлж байгаатай зэрэгцэн нийслэлд ээлээ өгнө гэгдээд байсан хүлээлтүүд бүдгэрч байгаа ч, нийслэлийн удирдлагууд энэхүү санг тордож тэтгэн өнөөдрийг хүргэсэн нь бас л асуудал юм.
Ямартай ч “Улаанбаатар даатгал” ХХК 2012 онд ногдол ашиг олгоогүй байгаа юм. 2002 онд НИТХТ-ийн 24 тоот тогтоолоор “Улаанбаатар сан” ХХК-аас “Улаанбаатар даатгал” ХХК-ийн дүрмийн сангийн 100.0 сая төгрөгийн 40.0 сая төгрөг буюу 40 хувийг бүрдүүлж байжээ. Хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан бусад хөрөнгө оруулагчдын зүгээс дүрмийн санд оруулсан хөрөнгийнхөө хэмжээг тухай бүр нэмэгдүүлж ирсэн байдаг. Харин УБС-ын зүгээс уг өөрчлөлттэй холбоотой оруулсан хөрөнгөө нэмэгдүүлээгүйгээс болж хувь хэмжээ нь буурсан байдаг.
Өнгөрсөн жилүүдэд “Улаанбаатар даатгал” ХХК-ийн дүрмийн сангийн хэмжээг нийт 1900.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа юм. Гэтэл “Улаанбаатар сан” ХХК-аас дүрмийн санд өөрчлөлт оруулаагүй тул эзэмших хувь нь 2 хувь болж буурсан байна. Ер нь бол Улаанбаатар сан идэвхигүй байж ирсний учир ингэтлээ унасан нь тодорхой. “Улаанбаатар даатгал” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж байх тухайн хугацаанд “Улаанбаатар сан” ХХК-аас дүрмийн санд оруулах хэмжээг НИТХ, НЗД нар шийдвэрлэж байгаагүйгээс дүрмийн санд оруулсан хувь оролцоо 38 хувиар буурахад нөлөөлсөн байна. Харин 2005-2011 онуудад нийт 48.2 сая төгрөгийн ногдол ашгийг “Улаанбаатар сан” ХХК-д олгосон байдаг.
Мөн тус сан нь Улаанбаатар банкнаас ногдол ашгийг огт аваагүй байна. Ардчиллын өргөөний шав тавигдаад байсан газарт оффисоо сүндэрлүүлж мэдэхээр байгаа Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчид нь “Улаанбаатар сан” ХХК, Д.Эрдэнэбилэг Д.Батжаргал нар юм. Тэгвэл тус банк Улаанбаатар санд ногдол ашиг өгч байгаагүйг тодруулбал Улаанбаатар хотын банкны 2008 оны 1 дүгээр сарын 14-ний 84 тоот албан бичигт “... Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2007 оын 4 дүгээр сарын 23-ны А/12 тоот тушаалын 3 дугаар заалтанд өмнөх жилийн хуримтлагдсан ашгийг хуваарилахгүй байх, өөрийн хөрөнгийг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг үүрэг өгөгдсний дагуу энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа...”, мөн Монгол Банкны 2009 оны 3 дугаар сарын 1-ний 1/268 тоот албан бичигт ” ... банкуудын эрсдэлээ даах чадварыг бууруулахгүй байх, өөрийн хөрөнгийн харьцааг хангалттай өндөр түвшинд барих шаардлагатай байгаа тул аливаа хэлбэрээр ногдол ашиг хуваарилахгүй байхыг мэдэгдье.” гэжээ.
Дээрх байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын банк ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилаагүй байна. “Улаанбаатар сан” ХХК-ийн ногдол ашиг аваагүй талаар 2011, 2012 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар НАГ-аас зөвлөмж, төлбөрийн актууд өгч байсан боловч одоо болтол дорвитой арга хэмжээ аваагүй, шийдвэрлээгүй байгаа аж. Тухайлбал, тус компани нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн 20 хувийн хөрөнгө оруулагч бөгөөд 2008-2010 онуудад ногдол ашиг аваагүй байна. Ногдол ашиг аваагүй шалтгааныг тодруулахаар НАГ-аас 2012 оны 3 дугаар сарын 22-ны 325 тоот албан бичгийг “Улаанбаатар хотын банк” ХХК-нд явуулж хариуг 2012 оны 3 дугаар сарын 26-ны 1/799 тоотоор хүлээн авчээ. Тэр албан тоотод “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Улаанбаатар сан” ХХК-д 2008-2010 оны дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалтанд нийт 1287.5 сая төгрөгийн ногдол ашгийн олгох тооцоог ирүүлсэн байна. Гэвч арилжааны банкуудын дүрмийн санг 2013 оны 5 дугаар сарын 1-нд 16.0 тэрбум төгрөгт хүргэх, арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулах үүднээс Монгол банкнаас ногдол ашиг хуваарилах зөвшөөрлийг 2008 оноос нийт арилжааны банкуудад олгоогүй үүнээс шалтгаалан олгоогүй байна. Тэгэхээр нэг талаас харахад төв банкны шийдвэр нийслэлийн сангийн дансанд орох байсан нэг тэрбумын орлогыг хаачихсан байгаа юм.
Уг нь энэ ногдол ашгийг байгууллагадаа төвлөрүүлж авах талаар “Улаанбаатар хотын банк” ХХК-тай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулан, нийслэлийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зөвлөмжийг аудитын газраас “Улаанбаатар сан” ХХК-д өгсөн байдаг. 2012 онд мөн дээрх зөрчил арилаагүй байсанд НАГ-аас 2012 оны 9 дүгээр сарын19-ны өдөр төлбөрийн акт тогтоосон боловч одоо болтол барагдуулаагүй байгаа аж. Улаанбаатар банк нь 2008-2011 онуудын ногдол ашигт 2880.2 сая төгрөг олгохоор тооцсон байна. Мөн үүн дээр нэмэгдэж 2012 онд 809.3 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцжээ. Гэтэл арилжааны банкууд нь дүрмийн сангаа бүрдүүлэх нь тэдний өөрсдийн асуудал бөгөөд хувь нийлүүлэгчдэд хуваарилсан ногдол ашгаа аваагүй байна. Тиймээс дээрх хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх түүнд оногдох ногдол ашгаа хугацаа алдалгүй авч байх талаар тодорхой ажил зохион байгуулж холбогдох эрхийн актаар баталгаажуулах шаардлагатай байгаа талаар ч холбогдох байгууллагын зүгээс ярьж байна
Түүнчлэн НИТХ-ын дарга Д.Баттулга болоод Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Улаанбаатар сан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Одгэрэл нарыг “Улаанбаатар сан”-гийн үйл ажиллагаанд анхаарвал анхаарсан шиг анхаараад явахыг холбогдох газраас зөвлөсөн байдаг ч, нөгөөдүүл нь их ажилдаа дарагдаад өдийг хүртэл үлгэн салган янзаар нь явуулаад л байгаа бололтой.
Ноён Тоншуул
Сэтгэгдэл ( 2 )
ULAANBAATAR BANKNI ZARIM AJILCHDIIG SAIN SHALGAACHE HUVIDA BAYJAD BGA HUMUUSIIG
mongolei.de chat roomd tavtai moril