БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 3-12-ны өдрүүдэд “Олон улсын кино наадам” 18 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн 70 гаруй орны 300 орчим кино оролцсон тус наадамд анх удаагаа Монгол улсын хоёр кино оролцжээ.
Ингээд хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй төрөл болох “Шинэ урсгал” шагналыг найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино хүртжээ. Энэ наадмын түүхэнд монгол кино шагнал хүртсэн анхны тохиолдол бөгөөд шагналыг 30 мянган ам.доллар дагалддаг юм байна.
С.Бямба найруулагч Монгол-Германы хамтран бүтээсэн 90 минут үргэлжлэх "Remote control" киног Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээжээ.
Тус кинонд эрх мэдэлгүй архичин аав, шинэ хойт ээжийнхээ хамт амьдардаг Цог хэмээх хүүгийн тухай гарна. Тэрбээр нэг өдөр гэрээсээ зугтаж, орон сууцны дээвэрт нуугдан амьдарна. Удалгүй зэргэлдээх байрны хамгийн дээд давхарт амьдардаг Ану бүсгүйд сэтгэл алдарна. Залуу алсын удирдлага худалдан авч, бүсгүйн телевизийг удирддаг. Энэ мөчөөс тэдний хооронд орших хана хэрэм нуран унана.

Сэтгэгдэл ( 1 )
Gaihaltai kinog n olood uzchih ymsan