Тоншуул: Нийслэлийн албан хаагчид тендерийн ялагчидтай хуйвалдан 579.7 сая төгрөгийг хүүгүй зээл болгож хувиргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

Байгаа но-той асуудлыг өнгөц хараад илээд өнгөрөх бус илүү лавшруулж гаргаж ирэх нь Тоншуул миний үүрэг юм. Тиймээс ч Монголын хүн амын тэн хагасаас илүү нь амьдарч буй нийслэл хоттой холбоотой асуудлыг цувралаар хүргэж байгаа юм. Өмнөх цувралуудад улсын төсвийн хөрөнгөөр Нийслэлд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээтэй холбоотой тэгэхдээ зөрчил бүхий мэдээллийг танд хүргэсэн. Мөн  нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөөх гэх тодотголтой “Улаанбаатар сан” болоод уг сангийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”, “Улаанбаатар даатгал” ХХК-тай холбоотой асуудал дагуулсан мэдээллийг бас хүргэсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд тендерт шалгарсан хэрнээ хариуцлагагүй ажилласан гүйцэтгэгчидтэй хариуцлага тооцож чаддаггүй гэдгийг өгүүлэх гэж байна.


Улсын төсвөөс нийслэлд олгох санхүүгийн дэмжлэгээр 2012 онд 118.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хийгдэж байгаа  хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчдэд энэ оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 64.7 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн явцыг олгосон санхүүжилттэй тулган шалгахад 6 гүйцэтгэгчид 579.7 сая төгрөгийн ажил дутуу байхад Сангийн сайдын баталсан журмын 1.422, 3.1123 дэх заалтыг зөрчиж санхүүжилтийг олгосон байгаа юм.  Тухайлбал:1. “Баруун аймаг-Улаанбаатар, чиглэлийн товчооны барилгын ажил”-ыг 579.9 сая төгрөгөөр, “Дархан - Улаанбаатар чиглэлийн товчооны барилгын ажил“-ыг 576.0 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр “Сантхаан” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр /ажлын гэрээг 2012.08.01-нд эхэлж, 2012.10.15-нд ашиглалтанд оруулах, нэмэлт гэрээг 2012.10.15-наас 2013.03.01-ний өдрийг хүртэл сунгасан/ гэрээг байгуулсан байна. Харин НАГ-аас  2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "Сантхаан" ХХК-ийн захирал Ц.Зориг болон менежер Зоригт нартай ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь танилцаж, гүйцэтгэл болон санхүүжилт авсан ажлын тоо хэмжээ, хийгдсэн ажлын чанарыг тулган шалгахад: “Баруун аймаг-Улаанбаатар чиглэлийн товчооны барилгын ажил /конторын барилга, шалган нэвтрүүлэх товчооны саравч, төлбөр хураах байрны барилга угсралтын ажил, цэвэр усны гүний худаг, бохирын цооног, агуулах байр, гадна хашааны ажил/ ”-д нийт 159.2 сая орчим төгрөгийн ажлыг дутуу хийсэн. Мөн агуулах байрны суурийн арматурыг зурагт заасныг зөрчиж хийсэн, гадна хашааны суурийн бетоныг шалгахад хөлдөж, бат бэхийг үзүүлэлтээрээ шаардлага хангахгүй болсон, саравчны 9 суурийн бетоны бат бэхийг /АНУ-д үйлдвэрлэгдсэн "Manual test hammer" багажаар/ “Үл эвдэх арга”-аар тодорхойлоход зураг төсөлд заасан үзүүлэлтийг хангахгүй байгаа тул дахин шинээр хийх шаардлагатай байна. Чанаргүй хийсэн ажлыг төсөвт өртгийг ESTIMATOR-21 програмаар тооцоход 12.8 сая төгрөг гарч байна. “Дархан - Улаанбаатар чиглэлийн товчооны барилгын ажил /конторын барилга, шалган нэвтрүүлэх товчооны саравч, төлбөр хураах байрны барилга угсралтын ажил, агуулах байр, гадна хашааны ажил/ ”-д нийт 100.8 сая орчим төгрөгийн ажлыг дутуу хийсэн нь илэрчээ.  “Сантхаан” ХХК нь хийгдээгүй ажлыг ажлын гүйцэтгэлд оруулж санхүүжилт авсан 260.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон байдаг. Харин чанаргүй хийгдсэн нийт 71.3 сая төгрөгийн ажлыг Барилгын тухай хуулийн 16.1.324 дахь заалтын дагуу буулгаж дахин гүйцэтгүүлэхээр албан шаардлага өгчээ. 


Мөн  “БНД-ийн Цэвэр усны төв шугамын шинэчлэлт”-ийн ажлыг “Соён дрийм” ХХК нь  өнгөрөгч  6 дугаар сарын 15 өдрийг хүртэл хугацаанд 576.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт санхүүжилтийн 70 хувь буюу 403.3 сая төгрөгийг авсан байна. НХОГ-ын хяналтын инженер Б.Амарзаяа, БНД-ийн ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Амартүвшин болон бусад албаны хүмүүстэй газар дээр нь /2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр/ танилцаж, гүйцэтгэлд бичигдсэн ажлын тоо хэмжээг санхүүжилт авсан ажлын тоо хэмжээтэй тулгах болон хийсэн ажлын чанарыг шалгахад мөн л зөрчил илэрчээ. Тухайлбал, гадна ус хангамжийн шугамын шинэчлэлт, насосны станцын, хэт ягаан туяаны ус цэвэрлэх төхөөрөмж угсрах, насосын станцын барилгын засварын 8 ажил, ус цэвэрлэх өрөөний барилгын засварын 7 ажил, операторын барилгын дотор заслын 4 ажлыг тус тус дутуу хийсэн. Мөн шугамын ажил, 400 кВа чадалтай дэд өртөөний шинэчлэлт, 0.4 кВ-ын кабель шугамын ажил, гадна гэрэлтүүлэгийн, хүчит төхөөрөмжийн ажлуудыг тус тус хийгээгүй байна. Дутуу хийгдсэн, хийгээгүй ажлын төсөвт өртгийг санхүүжилтээр авсан ажлын гүйцэтгэлтэй тулган шалгахад 60.5 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэлд оруулан тооцож, санхүүжилтийг олгосон байна. Насосын станцын барилгын дотор хана, таазыг дахин будах хуучин будагтай дотор ханын 143 м2 гадаргууг будах, 312.4 м2 хана шохой будгаар багсаар ердийн будах, барилгын хаяавч 5.4 м3 цутгах, ус цэвэрлэх өрөөний барилгын дотор хана, таазыг хуучин будагтай дотор ханын 30 м2 гадаргууг будах, 76.84 м2 хана шохой будгаар багсаар ердийн будах, операторын барилгын дотор хана, таазыг хуучин будагтай дотор таазны 85 м2 гадаргууг будах, 214.3 м2 хана шохой будгаар багсаар ердийн будах зэрэг ажлууд чанаргүй болсон тул дахин гүйцэтгэх шаардлагатай байна. Чанаргүй хийсэн ажлыг төсөвт өртгийг ESTIMATOR-21 програмаар тооцоход 3.1 сая төгрөг гарч байна.


-БНД-ийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга”-ын ажлыг “Мөнхийн үргэлжлэл” ХХК 491.6 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж, 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 86.56 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Ажлын бодит гүйцэтгэл, авсан санхүүжилтийг болон ажлын чанарыг хяналтын байгууллагаас газар дээр нь шалгахад суурийн 12 үе шатны ажлаас 10 ажил дутуу, суурийн бетоны марк зураг төсөлд үзүүлснээс зөрүүтэй байна.


- НД-ийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга”-ын ажлыг “Ди эс эй” ХХК 489.6 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж, 2013 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 88.4 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Ажлын бодит гүйцэтгэл, авсан санхүүжилт болон ажлын чанарыг газар дээр нь шалгахад суурийн 7 үе шатны ажлаас 5 ажлыг хийгээгүй байна. Хийгээгүй байж хийснээр тооцсон ажлын төсөвт өртгийг ESTIMATOR-21 програмаар тооцоход 78.8 сая төгрөгийг өртөг бүхий ажилд илүү санхүүжилтийг авсан байна.


-БЗД-ийн 24 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүнийн худаг, худгийн байр барих” ажлыг “Гурванхажинга” ХХК 780.0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр / 2012.8.30-ны өдөр эхэлж, 2012.12.25-ны өдөр ашиглалтанд оруулах/ гэрээ байгуулсан байна. 2012 сарын 11-р сард өндөржилтийн 3 ажил, газрын 7 ажил, суурийн 9 ажил хийхээр 99.4 сая төгрөгийн санхүүжилт, 2012 оны 12-р сард хана, хамар ханын 13 ажил хийхээр 95.0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус авсан байна. Ажлын гүйцэтгэлийг НХОГ /хяналтын инженер С.Алтантуяа/ актаар баталгаажуулсан байна. Уг ажлын хувьд авсан санхүүжилтээр гүйцэтгэвэл зохих ажил бүрэн хийгдээгүй, хяналтын төсвөөр өгөгдсөн ажлын тоо хэмжээнээс хэтрүүлэн 106.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүнийн худаг, худгийн байр барих ажлын геологи хайгуулыг “Жоншт уул” ХХК хийхдээ газар дээр нь өрөмдлөг хийгээгүйгээр хөрсний бүтцийг бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргасан, үүнийг үндэслэн зураг төсвийг буруу хийсэн зөрчил илэрчээ. Иймд “Барилгын тухай хууль”-ийн 13.425-д заасны дагуу геологийн тайлан боловсруулсан “Жоншт уул” ХХК байгууллагад хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзжээ. Хөрөнгө оруулалтын ажлын явцын гүйцэтгэлийг илүү бичдэг итгэлгүй гүйцэтгэгч, өргөсөн тангараг, үүрэг хариуцлагаа мартсан албан хаагч нар нэгдэж 2012 онд хөрөнгө оруулалт эх үүсвэрээс 579.7 сая төгрөгийг хүүгүй зээл болгож хувиргасан нь Нийслэлийн Аудитын газрын шалгалтаар тогтоогдсон байна.


Мөн энэ оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дууссан 64.7 тэрбум төгрөгийн гэрээний дүн бүхий 94 ажилд 1.3 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө авч, 23.4 тэрбум төгрөгийн гэрээний дүн бүхий 47 ажил гэрээний хугацаа хэтэрсэн ч ажил дуусаагүй байна. Гэрээний хугацаанд ажил дуусаагүй, улсын комиссын өгсөн үүрэг даалгавар, баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлээгүй 19 гүйцэтгэгчтэй хариуцлага тооцож 11.4 тэрбум төгрөгийн алданги ногдуулан авсныг тодотгох нь зөв болов уу. 2011 оны хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүнд өмнө хийгдсэн аудитаар дээрх зөрчилтэй ижил зөрчил дутагдлууд илэрч байсныг засуулах талаар албан шаардлага, зөвлөмжүүд өгөгдөж байсан ч, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, газар чөлөөлөлт бүрэн хийгдээгүй, ажлын гүйцэтгэлийг бодит гүйцэтгэлээс илүү тооцсон, санхүүжилтийг илүү олгосон зэрэг зөрчлүүд арилаагүй, дахин давтан гарч байгааг НАГ-ын зүгээс хэлж ярьж байгаа юм. Түүнчлэн эдгээр нөхцөл байдал нь хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн явц, ажлын чанар, гэрээний үүргийн биелэлтэд захиалагч, санхүүжүүлэгчийн зүгээс тавих хяналтыг сулруулж, зарим гүйцэтгэгчид ажлыг чанаргүй хийх, хийгээгүй ажилдаа гүйцэтгэл бичиж санхүүжилт илүү авах боломж олгож, төсвийн мөнгөөр ая тал засаж байна гэхэд хилсдэхгүй болсон байгаа талаар ч тус газрын зүгээс мэдэгдэж байгаа юм.


Тэгэхээр энэ мэтээр харахад нийслэл гэдэг их айлд асуудал олон байна. Хөгжиж дэвшинэ гэх сайхан уриаг урьтал болгодог хэрнээ хэрэг дээрээ нийслэлийн албан хаагчид нь хариуцлагагүй гүйцэтгэгчидтэй эвсэн тендерүүдийг бантан болгож ирсэн нь зайлшгүй анхаарах ёстой  асуудлуудын нэг гэдгийг Нийслэлийн удирдлагууддаа сануулъя.

 

Ноён Тоншуул 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(49.0.140.160) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ТӨРИЙН АЛБАГЭЖ ЛУЙВАРДАХ ЗАЛИЛАХИДЭЖШАМШ ИГДУУЛАХАВИЛГАА ВАХ ЗЭРЭГЭЭРХУРДАНБ АЯЖИХСАЙХАН ГАЗАРЮМ АА МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭХУВААР Ь ГАРГААД ЭЭЛЖЛЭНТӨРДӨӨ АЛБАХААЖ АМЬДРАЛААОГЦОМ ДЭЭШЛҮҮЛМЭЭР ЮМБАЙНАДАА

1  |  0
.........(182.160.38.51) 2025 оны 03 сарын 13

ангарсаарбасхул гайлуйвараахийг ээдирсэн.ху-гаас дутахааргүйдайр чбайнадаа.

1  |  0
Top