Хүнийг халхалсан гадаад үзэмж биш зүгээр л дан хувцастай нь зогсоогоод мөн чанарыг нь танихыг оролдвол сонголт тун ч мэргэн байхсан гэж би боддог. Хүн хүнээ үнэлж цэгнэхдээ өмссөн гоёмсог хүрэм эсвэл урагдсан гутал зэргийг хараад эхэлмэгц л бүх зүйл буруу эргэж байгаа нь тэр . Эртний нэгэн зохиолч “Яагаад тэр таньд тийм өндөр санагдаж байгааг мэдэж байна уу? Гутлын өсгий нь таныг хуурч байгаа хэрэг” гэж хэлсэнчлэн хүнд байгаа тэр биет зүйлс, төрөхөд нь л оногдсон хэргэм зэргийг авч хаяад зөвхөн дотоод мөн чанарыг танихын тулд сайн сайхныг өөрийн сэтгэлд цогцлоож чадсан хүнүү гэдгийг түүнээс хайгаад үзээрэй. Хэрэв ингэж чадвал жинхэнэ эрүүл, гэгээлэг нийгэм гэгч нь бий болж эрэгтэй эмэгтэй аль нь болох ямар нэгэн үйлст огтоос хамааралгүй болно.
Хэдийгээр монголд эртний уламжлал болон гадны соёлын нөлөөгөөр эрэгтэй хүмүүс ямагт эхэнд байх байр суурийг эзлэдэг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хүйсийн ялгаагаар биш ур чадвартай нэгэн нь манлайлагч болох боломж нээгдсээр байгаа юм. Үүнийг нотлох гэсэн мэт хичнээн гайхалтай, чадварлаг эмэгтэй байдгийг бид мэднэ. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, спорт гээд бүхийл хүрээнд эмэгтэй хүний оролцоо, үүрэг байна. Нийгмийн төдийгүй гэрбүл доторхи аар саархан эмгэгийг ч олж хараад эмнэх чадвар эмэгтэй хүнд, эхчүүдэд бий.
Багаар ажиллахад хэн сайн санаа гаргасан нь биш хэн санаагаа илэрхийлж чадсаных нь үгээр аливаа ажил хийгддэг. Үүнийг би биш судлаачид нотолсон юм шүү. Хичнээн сайхан ажлын бүтээмж, сэдэл, санаабайсан ч түүнийгээ нээж гаргаж чадаагүйгээрээ л эмэгтэй хүн хохирч үлдэх нөхцөл болж байгаа юм. Яг үнэндээ эмэгтэй, эрэгтэй хүнд биеийн эрхтэн, уураг тархи гээд л ижил зүйлсийг заяасан. Энэ тохиолдолд яагаад хэн нэгэн нь илүү байр суурийг эзлэх ёстой гэж?Хэрэв эмэгтэйчүүд оролцоогүй үйл хэрэг өрнөсөн бол магад тэд удирдагч байх нь удирдуулж байснаас хүнд бэрх гэдгийг мэддэг учраас байрнаасаа хөдлөхийг хүсээгүй. Гэвч эмэгтэйчүүүдийн чимээгүй нөлөөлөл асар их гэдгийг мэдэх хэрэгтэй. “Далайд явж буй хөлөг онгоцонд эмэгтэй хүн суулгаж болдоггүй” гэж үг байдаг. Учир юу вэ гэвэл эмэгтэй хүнээс болж хагацаж саламгүй анд нөхөд хүртэл бие биенийхээ амийг хороох аюул гарч болзошгүй байдаг. Эсвэлэмэгтэй хүнд дурласан залуу хэний ч санаж сэдээгүйг хийж болох. Өндөр оргилд хүрсэн хүн байвал түүнийг хөдөлгөсөн хүч нь эхнэр нь байдаг гэдгийг хэлмээр байна. Тэд чимээгүйхэн, аядууханаар, үйл хөдлөлөөрөө ямагт нөлөө үзүүлдэг.

Барак Обама эхнэр Мишеллтэйгээ нэгэн ресторанд хоолонд орж л дээ. Гэтэл эхнэр нь рестораны эзнийг заагаад “Энэ залуу намайг гэрлэе гэж гуйдаг байлаа” гэхэд Обама “Хэрвээ чи түүнтэй гэрлэсэн бол одоо ерөнхийлөгчийн биш рестораны эзний гэргий байх байждээ” гэж хэлэхэд Мишелл “Хэрэв би түүнтэй гэрлэсэн болодоо чи биш тэр ерөнхийлөгч байх байсан юм” хэмээн хариулжээ. Хэдийгээр энэ онигоо мэт зүйл боловч үнэний ортой. Эхнэр нь түүнийг сонгуульд ялуулахын тулд олон зүйлийг хийж сонгогчийн санал өгөх үйл явцад нөлөөлж чадсан. Нэг жишээ нь л “Опрагийн шоу”-нд өгсөн ярилцлагыг дурьдаж болох юм.
Эмэгтэйчүүд нь эрчтэй, хүчтэй, идэвхитэй байна гэдэг нь ардчилал амжилттай хөгжиж байгаа улс гэсэн үг. Өмнөд Солонгос гэхэд л хурдацтай хөгжиж байгаа улс бөгөөд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг сонгосон. Харин манайд улстөрд, нийгэмд эзлэх хүндтэй суудлыг эмэгтэйчүүдэд өгөхдөө харам байдаг. Эрэгтэйчүүд тэднийг өөрийн улсыг буруу удирдана гэж эмээсэндээ биш харин нөгөө л нэг өөрсдийгөө нэн түрүүнд тавих үзлээс улбаатай. Хэрвээ нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо байхгүй бол бодлого, шийдвэрт тэдгээрийн бодол, санааг бүрэн тусгахад бэрхшээл учрах болно. Молнгол улсын үндсэн хуулинд хүнийг нас хүйс, арьсныөнгө, үндэсугсаа, шашин шүтлэг, хэл, мэргэжил боловсролоор нь ялгаварлаж үл болно хэмээн заасан байдаг дээр үндэслэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын эрх тэгш байдлыг бий болгох асуудлыг чухалчлах нь зүйн хэрэг билээ. Гэвч энэ байдлыг өөрсдөөсөө огт хамааралгүй мэтээр ойлгох нь буруу. Миний төлөө надаас өөр хүн явдаггүй шиг эмэгтэй та нийгэмд эзлэх сууриа баттай болгохын тулд өөрөө өөрийхөө төлөө алхам хийх хэрэгтэй. Харин тэр алхам зөвхөн таных биш нийт эмэгтэйчүүдийн эрхийг, монгол улсын хөгжлийн томоохон үндэс болно гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )