Хээрийн омголон салхинаас өөрийг нуруун дээрээ гаргаагүй, хөндлөн хөх судалт зэрлэг тахийн удам... гэх үгс зочинтойгоо ярилцаж суух энэ агшинд сэтгэлд зурсхийнэ. Хэн нэгний сэтгэлд тааруулж биш яг л хээрийн омголон салхи мэт өөрийн дураар амьдарч, бас хэн нэгний нэгний таалалд нийцүүлэх гэж уран бүтээлээ туурвидаггүй “Омголон” зураач Л.Саранхөхөөтэй ярилцлаа. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хөвгүүн гэх түүний уран бүтээлийн талаар хангалттай мэдээлэл байдаг учраас энэ удаа сэтгэл рүү өнгийхийг хүслээ. Магад хэн нэгэнд таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ л тэр өвгөн найрагчийн “шорвог” хүү гэдгээ мэдрүүлж чухамхүү “Нүцгэн үнэн”-ийг хүүрнэн суух. Түүний ертөнцөд тавтай морил.
-Нэг үеэ бодвол уран зураг сонирхдог хүмүүс олон болж тэр хэрээр сайн, сайхан зургийн үнэлэмж өссөн юм шиг ээ?
-Мэдэхгүй ээ, үнэлэхээсээ илүү нэгнийгээ даган дууриадаг болчихсон юм шиг санагддаг. Нэг хүн нэг зургийг “Сайн” гэхээр тэрийг даган дууриагаад янз бүрийн хэлбэр гараад байдаг. Бас нэг нэгэндээ авсан зургаараа баярхдаг. Гэхдээ энэ нь хүн төрөлхтний араншин юм болохоороо байх л ёстой асуудал байх. Гитлер хүртэл зураг цуглуулж байсан юм чинь.

-Уран зураг ойлгодог, боловсролтой, мэдрэмжтэй хүмүүс үнэнийг нь хэлж, бас үнэ хаяж чадах байх аа?
-Мэдэхгүй. Тухайн хүн яг өөрийнхөө сэтгэлд таалагдсан хүнийг л хүлээн зөвшөөрч байх юм бол би тэр хүнийг “Боловсролтой хүн” гэж хэлнэ. Түүнээс биш зүгээр нэг хүний зурсан зургийг хэн нэгэн нь “Сайн” гээд хэлчихдэг. Гэтэлд түүнийг нь сонсогсод “Би үүнийг сайн гэж хэлэхгүй бол намайг бусад хүн тэнэг гэж харна даа” гэж бодоод зургийн үнэлгээг хэлбэл тэр тэнэг хүн мөнөөс мөн. Гаднах орчиндоо хандаад байх юм бол тэр хүн тэр чигээрээ л орчлонг дуусгана. Хүн чинь өөрөө ганцхан хувь шүү дээ. Одооны энэ амьралын 90 хувь нь бараг тийм байна. Үгүй бол аргаа барсан шагнал, мөнгөөр дутуугаа нөхдөг. Цаг хугацаа хурдан. Тэгэхээр тийм зүйлээр өөрийгөө хэмжээд, хэмжүүлээд хүндлээд хүндлүүлээд амьдрах нь хиймэл юм шиг санагддаг. Яагаад гэвэл цаад уг нь хиймэл учраас.
-Та хэр үндэсэрхэг үзэлтэй вэ. Зарим зураач өөрийн зурсан зургаа гадны хүнд зарахгүй гэдэг юм билээ?
-Зураг гадагш гаргах нь үндэсэрхэг үзэл биш. Яахав хэн нэгэн нь тэгж ярьж болно л доо. Чухам тэр нь үнэн байгаасай. Хүмүүс зурагтаар ”Би эх оронч” гээд л ярьдаг. Модун Шаньюйгийн хэлсэн “Газар бол ард түмний өмч” гэдэг үгийг цээжээгүй учраас эх оронч байдал алдагдаад, түүхээ мэдэхгүй байна гээд яриад байх юм. Би үүнийг арай өөр өнцөгөөс хардаг. Аав намайг жаахан байхад л “Ээждээ хайртай бай” гэдэг байсан юм. Ингээд бодохоор эх оронч байна гэдэг ээждээ хайртай байхыг хэлж байгаа юм болов уу гэж боддог. Ээжийгээ хайрлаж байгаа хүн ханийгаа хайрлана. Ханийгаа хайрлаж байгаа хүн үр хүүхдээ хайрладаг. Ээждээ хайртай хүн “Ээжийн минь нутаг гэж бодно”. Ингээд бодоод байвал эх орноо хайрлах нь “жижигхээн” зүйлээс эхэлдэг. Түүнээс биш “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гээд биччихсэн л байвал газар нутгаа хайрладаг, эх орондоо хайртай хүн гэж ойлгож болохгүй шүү дээ. Хайр бол эх орон. Хүмүүсийг хайрлах зөв сэтгэлтэй байх, мөрөөрөө ажаа хийх. Би худал хуурмаг зүйлд дургүй. Хүмүүс бас нэр төртэй явна гээд яриад байдаг. Нэртэй явна гэж яахыг хэлдэг юм, нэргүй явна гэж яахыг хэлдэг юм. Энэ орчлон ертөнц чинь том шүү дээ.
-Шүлэг бичдэг хүмүүс онгод ордог гээд л ярьдаг шүү дээ. Зураач хүнд онгод байдаг болов уу?
-За ёстой чөтгөр бүү мэд. Үзээгүй болохоор мэдэхгүй юм. Эсвэл тэр нь тэнгэрээс заяасан юм байдаг байх.
-Та сархад хэр хүртдэг вэ?
-Би архи уудаггүй. Дээр үед бол ууж үзсээн.
-Ууж үзсэн гэдгийг хэмжээлбэл...?
-Үгүй яахав дээ. Ууж үзсэн. Намайг архинаас гарчихсан чинь хүмүүс “Муу санаатай” гээд байх юм. Муу санаатай хүн архинаас гардаг гэнэ. Миний тухайд өөрөө өөрийнхөө мууг бас “Надад зохихгүй юм байна” гэдгийг мэдээд архинаас гарчихсан. Архинд буруу байхгүй. Ууж байгаа хүнд нь л буруу байдаг байдаг.
-Архинаас гарна гэдэг чинь муу санаа гэхээсээ илүүтэй тэвчээр шаарддаг байх, тийм үү?
-Тэвчээр биш. Хүний амьдралд байдаг л юм. Ээжийгээ уйлахыг нь хараад архинаас гарсан. Ээжийгээ уйлуулан байж тэр архийг хэрэглээд яах вэ дээ. Ямар архиар угжуулж хүн болсон биш.
-Ээжийгээ уйлах хэмжээнд нь очтол архи ууж байсан юм уу?
-Эр хүн чинь алдаж ононо шүү дээ. Уухаа байгаад их олон жил болж байна.
-Б.Лхагвасүрэн гуайн “Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа, Алганд багтдаг жаахан хөл нь ...” гээд л шүлэг байдаг. Арай танд зориулсан юм биш биз?
-Биш биш. Хүн онохоосоо илүү алдах нь их байх гэж боддог.

-Та шүлэг оролддог уу?
-Үгүй ээ.
-Ер нь ганц бадаг бичээд үзье ч гэж бодож байгаагүй гэж үү?
-Үгүй. Янз бүрийн зүйлийг их айхтар боддоггүй.
-“Гашуун өвс” миний ширээний ном. Та бас уншина биз?
-Сая “Зовсон сүү” гэж бас нэг ном гарсан байгаа. Тэр их айхтар. Би боддог юм. Хүн жаргах тусмаа ухаан бодол нь цэгцэрдэг юм болов уу гээд л. Би шүлэг уншдаггүй. Гэхдээ сүүлийн номонд гарсан шүлэгийг уншсан. Тэр нь шал өөр өнцөгөөс зохиосон байсан. Хүмүүсийн хардаг өнцөгөөс өөр шүү. Тэрийг хараад л би хүний оюун ухаан өтөлдөггүй юм байна даа гэж бодсон. Мундаг ном.
-Үзэж болох уу?
-Болно оо болно.
-“Зовсон сүү” ... Та хавтасных нь зургийг зураагүй юм уу?
-Би аавын юманд оролцохгүй.
-Яагаад..?
-Би аавтайгаа аав хүү хоёр л болохоос биш албан ажил дээр бол ойртдоггүй. Хоёр тусдаа байдаг.
-Ямар гоё үг бичээ вэ. Давтагдашгүй хүү Л.Саранхөхөөдөө Бурхан чамайг надад өгөхдөө Чи азтай хүн гэж зүүдэнд хэлсэн....?
-Ном нь арай өөр юм билээ. Чи үүнийг унш даа.
-За...
...
-Энэ шүлгийг уншаад танд юу бодогдсон бэ. Надад л лав их хүндээр шүүрс алдмаар санагдчихлаа?
-Ер нь их эвгүй. Аймаар ч юм шиг.
-Та аавдаа хэр ойрхон очдог вэ?
-Би хоёр хөгшинтэйгээ цуг байдаг. Сүүлийн хэд хоног ажил ихтэй байгаа болохоор урландаа л байгаад байна.

-Хүмүүсийн захиалгаар зураг их зурж байна уу?
-Зурж байна аа. Хүн ажилгүй л байж болохгүй. Ямар нэгэн ажилтай л байж байвал болох нь тэр. Чухам тэр ажил нь ямар нэгэн алдар, мөнгөнөөс л хол байх хэрэгтэй.
-Та ямар шагналтай билээ?
-Байхгүй шүү дээ. Юм хийж байгаа хүнд шагнал нь гол нь биш.
-Нэлээд олон жил зурсан байх аа, драмын театрт хүртэл зураач байсан санагдана?
-Олон жил болж байна. 1985 онд Драмын театрт зураач байсан.
-Нэлээд багаасаа зуржээ?
-Тийм ээ. Ер нь зургийг чинь багаасаа л зурдаг юм. Зураг зурахын сайхан тал нь хүний эрхшээлд орохгүй өөрийн зоргоороо зурдаг сайхан талтай. Бас хоосон хоночихгүй.
-Сүүлийн үед залуус аавынхаа нөмөр нөөлөгөөр дээшээ мацах нь их болж?
-Би нөмөр нөөлөг гэж боддоггүй. Би өвөөгөөрөө овоглож явдаг, намайг Бавуугийн хүүхэд гэдэг. Тэр бол нэг талаасаа нөмөр л байх. Эцсийн эцэст эцэг эх нь ямар байх хамаагүй, гагцхүү үр нь ямар байхаас л бүх зүйл шалтгаална. Эцэг нь ямар байх, үр нь ямар байх нь хоорондоо хамаагүй байвал зүгээр юм болов уу гэж боддог. Эцэг нь дарга байсан бол “Би тэр даргын хүүхэд” гээд л хүүхэд нь дарга болчихвол хэцүүеэ. Бас утгагүйеэ. Ийм хандлага бол надаас хол оо. Заавал нөмөр нөөлөг, нартай газар хайгаад яах юм. Би л лав тэгж бодож ч байгаагүй.
-Тэгвэл танд “Би Б.Лхагвасүрэнгийн хүү байна” гээд ажлаа бүтээж байсан тохиолдол бий юу?
-Би ийм байдлаас их ичдэг. Гэхдээ ааваасаа ичиж байгаа юм биш. Тэгж ажил хайж яваа өөрөөсөө ичнэ шүү дээ. Тиймээс би миний аав тэр энэ гэж ярих дургүй. Би тэр хүнээс төрсөн нь л үнэн. Харин бидний дунд эцэг хүүгийн хайр бол байна. Хэрэв ажил, эцэг, хүү гэдэг гурван зүйл нэг цул болчих юм бол би өөрөө хаана нь байх юм бэ. Би хувьдаа, өөрөө юм хийж амдарч байгаа хүн. Одоо анзаараад байхад нэг компанийн захиралаар аав нь, эхнэр нь нягтлан ч гэдэг юм уу бүгд тэндээ багтсан байдаг. Миний бодлоор энэ бол буруу байх.
-Энэ нь нэг талаар өв залгамжлах гэдэг ойлголттой бараг тулах байх?
-Хүн хүний юмаар хүүдэгнэх хэрэггүй. Боломжтой айлын хүүхэд боломжтой байдаг нь үнэн. Гэхдээ тэр хүүхэд баялагаа өөрөө олоогүй. Угтаа бол өөрөө олж өөрөө үрэх ёстой байхгүй юу. Тэр хүн өөрөө инээж, өөрөө уйлах учраас. Түүнээс биш “Ий аав минь” гээд уйлдаг хүнийг би л лав мэдэхгүй.
Ж.Нарангарав anu_naran@yahoo.com