Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн үеийн түүхийг өгүүлсэн “Цогт тайж” кино өдгөө 67 жилийг элээжээ. Дэлхийн II дайны хүнд хэцүү үед “Монгол кино үйлдвэр”-т бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны эл кино Монголын кино урлагийн түүхийн үнэт өв яах аргагүй мөн. Тийм ч учраас уг киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирч, уг киноны контратив хувилбарыг Францын талд хүлээлгэн өгснөөр Францын соёлын яамны харьяа “CNC” кино урлагийн төвд сэргээн засварласан юм. Уг кино дэлгэцнээ олон жил гарч гэмтэж муудсан тул сэргээн засварлахад нилээд цаг хугацаа орсон. Гэсэн ч хоёр ангит уг киноны дүрс дууны 30 бүлэг, 18 мянган метр урт хальсны гэмтлийг тогтоож сэргээсэн юм. Эл соёлын үнэт өвийн талаар Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн гуайтай ярилцлаа.
-Монголын кино урлагийн шавыг тавьсан төдийгүй урлагийн үнэт өв болсон Цогт тайж киног сэргээн засварласан. Энэ нь хуучны киног сэргээсэн төдийгүй түүх соёлын үнэт өвийг авран хамгаалсан. Үүнийг та мэдээж дэмждэг байх?
-“Цогт тайж” киног сэргээсэн явдлыг би үнэхээр дэмжиж байгаа. Тодорхой хэлбэл киноны салбарыг нойрноос сэрээсэн гэж хэлж болохоор сайхан зүйлийн эхлэл болж салхийг нь хагалсан. Дэлхийн бусад орнуудын тухайд кино урлагтаа маш их ач холбогдол өгдөг. Тийм ч учраас дайн болж байхад киноны архиваа аваад нүүж байсан түүх бий.
Тиймээс Монголчууд бид хуучны киногоо сэргээж, соёлын үнэт өвд тооцож, тэр түвшинд хийгдсэн, өнөөдрийн болон ирээдүйн үзэгчдэд хүргэх үнэ цэнэтэй бүтээлийг хамгаалах ёстой. Бид “Цогт тайж”-ыг киноны салбарын соёлын үнэт өв гэж тооцох ёстой гэж бодож байна. Кино болгон соёлын өв болохгүй, кино болгоныг сэргээхгүй шүү дээ.
“Цогт тайж” киног сэргээсэнд баярлаад байгаагийн гол учир бол жүжиг гэлээ гэхэд 1930 он, 1940 онд бичсэн жүжгүүдийг өнөөдөр сэргээгээд тавиад байгаа. Тэр ч байтугай Равжаагийн жүжгүүдийг ч гэсэн тавьж байна. Киноны аюултай нь нэг л удаа хийгддэг. “Цогт тайж” киног дахиад тавихгүй. Зөвхөн киноны хальсанд үлдсэнээрээ л харагдана. “Цогт тайж” киног дахиад хийлээ гэж бодоход Ю.В.Тарич гуайн хийсэнд хүрэхгүй санагдаад байгаа юм. Киног ер нь дахиж хийдэггүй. Дэлхийн киноны түүхэнд дахиж хийсэн кино гэж байдаггүй юм. Харин том том классик романуудаар энд тэнд янз бүрээр хийдэг. Л.Н.Толстойн романаар Америк, Италид, Орос зэрэг улсуудад кино хийсэн байдаг. Тэр талаасаа бол “Цогт тайж” кино дахин давтагдахгүй үнэт соёлын өв. Кино урлагийн салбарын өв гэж хэлэх ч багадаж байгаа юм. Кино, театр, утга зохиол, хөгжим гээд бүх урлагийн салбарын цогц бүтээл байдаг учраас тэр шүү дээ. Энэ киноны негатив хальсыг сэргээсэн нь үнэхээр түүхийн төдийгүй урлагийн салбарын хамгийн том өвийг хамгаалсан явдал болсон юм. Үүнийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой эд. Нүдээ олсон сэргээлт болсон шүү.
-“Цогт тайж” киноны зураг авалтын үед хэрэглэж байсан хувцас болон эд агуурс шатчихсан гэдэг үнэн үү?
-Харамсалтай нь хувцас, зэвсэг зэрэг нь Бөмбөгөр ногоон театрыг шатахад хамт шатчихсан гэдэг. Бөмбөгөр ногоон театрын нэг өрөөг агуулах маягаар ашиглаж тэнд хураасан байсан юм билээ. Одоо “Цогт тайж” киноноос хальснаас нь өөр юу ч үлдээгүй гэж болно.

-Өнөөдөр кино хийх их амархан болж. Хэдэн долоо хоногийн дотор, сарын дотор бүтэж байгаа кинонууд байна. “Цогт тайж” киног тухайн үед хэдэн жил авсан юм бол?
-“Цогт тайж” киног их богино хугацаанд авсан юм билээ. Ердөө л жил гаруйханы хугацаанд авчихсан юм гэдэг.
-Уг киноны найруулагчаар тухайн үеийн ЗХУ-ын найруулагч Ю.В.Тарич гуай ажилласан байдаг. Яагаад ЗХУ-аас найруулагч авчирсан юм бэ?
-Хүмүүсийг эх оронч үзэл, тусгаар тогтнолын үзэл санаа руу хөтлөх нь тухайн үеийн улстөрийн том бодлого байж. Зөвхөн Монголын биш шүү дээ. Тийм учраас “Цогт тайж” киног маршал Х.Чойбалсан тухайн үеийн ЗХУ-д санал тавьсан байдаг юм билээ. Эхлээд захиа явуулж дараа нь өөрөө биечлэн очиж уулзсан. Тэгэхдээ “Бид ийм сэдэвтэй уран сайхын кино бүтээмээр байна. Уран бүтээлчдийн хувьд бидэнд найруулагч алга. Тийм учраас сайн найруулагч явуулж туслаач” гэсэн саналыг Зөвлөлтийн киноны хороонд тавьсан байдаг. Тэгээд Ю.В.Тарич гуайг ирүүлсэн байдаг. “Цогт тайж” киноны тухай ярьж байхдаа Ю.В.Тарич гуайг дурсахгүй өнгөрвөл алдас болно. Үндсэндээ Ю.В.Тарич гуай “Цогт тайж” киног хийхээр “Монгол кино үйлдвэр”-ийн уран сайхны удирдагчаар томилогдож ирсэн байдаг. Тухайн үед 58-59 настай хүн ирсэн гэдэг. Тийм настай хүн ирсний гол учир нь Ю.В.Тарич гуай Белоруссын кино урлагийг үндэслэсэн хүний нэг. Ю.В.Тарич гуайн уран бүтээлийг харахаар киноны сайн зохиолч, найруулагч байдаг. Гэхдээ дандаа түүхэн кино хийж байсан байдаг. Белоруссын түүх, Оросын түүхтэй холбоотой. “Болдбаатар”, “Баялагийн жигүүр” гээд түүхэн кинонууд бий. Тэгэхээр түүхэн кинонд гаршиж мэргэшсэн том найруулагчаа Оросууд явуулсан байгаа биз. Зүгээр нэг мосфильмийн гуяа алгадсан нөхөрийг явуулаагүй. Энэ их том ач холбогдолтой.
-Ю.В.Тарич гуай өөрөө кино зохиолч байсан учраас Б.Ренчин гуайтай хамтарч зохиолыг нь бичсэн байх нь?
-Тийм. Тэгээд “Цогт тайж” дээр Ю.В.Тарич гуай, Б.Ренчин гуай хоёр салахгүй хамт байж зохиолыг нь бичсэн. Зургийн талбай дээр ирдэг, зөвөлгөө өгдөг байсан. Мөн киноны уран бүтээлчдийг шилэхээс эхлээд маш сайн ажиллаж байсан юм билээ. Нэг хүний дүрд хоёр гурван хүн тоглодог байсан гэхээр их сайн ажилласан байдаг. АЖ Л.Цогзолмаа гуай хэлдэг юм. Ю.В.Тарич багш сандалаа буруу харуулж, түшлэгийг нь тэвэрч өөдөөс харж суучихаад “Чи хүний нүд рүү хар. Харж байгаад ярь” гэж их шахдаг байсан гэсэн. Кинонд нүд их чухал. Хүний дотоод ертөнц, сэтгэлийг нүдээр л гаргана. Ер нь нүд бол сэтгэлийн толь гэж хэлдэг нь үнэн юм. Ю.В.Тарич гуай тийм мундаг ажиллаж жүжигчдээ хянасан байдаг.

-“Цогт тайж” киног бүтээхэд Ю.В.Тарич гуай Монголын сор болсон уран бүтээлчдийг шигшиж чаджээ?
-Жүжигчдээс гадна Монголын сор болсон уран бүтээлчид оролцсон байдаг. Зохиолч Бямбын Ренчин, зураглаачаар Дэжидийн Жигжид, жүжигчнээр Цагааны Цэгмэд, Аюурын Цэрэндэндэв, Данзангийн Бат-Очир, Буучийн Жигмиддорж, Жамбын Лувсанжамц, Чимидийн Долгорсүрэн, Лувсанжамцын Цогзолмаа, Дэндэвийн Чимэд-Осор, Нямын Цэгмэд, Гомбожавын Гомбосүрэн, Дашзэвэгийн Ичинхорлоо, Чимидийн Цэвээн нар, хөгжмийн зохиолч нь Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж, зураач Лувсангийн Гаваа гэх мэтээр тухайн үеийн мундагууд ажилласан байдаг.
-Энэ кино ямар өртөгөөр босож байсан юм бол. Тухайн үед чамгүй зардал гарсан байх?
-Тухайн үеийн улсын төсвийн гуравны нэг гэдэг бил үү, хоёр бил үү тийм хөрөнгө гаргасан байдаг. Зөвхөн киноны зэвсгийг хийхийн тулд бүх аймгийн дархчуулыг авчирч байсан гэдэг шүү дээ. Тэр дархчуул том хашаан дотор суугаад зэвсэгүүдийг хийсэн байдаг. Бүхэл бүтэн артель нээсэн байсан гэж хөгшчүүл ярьдаг юм.
-Цогт тайжийг бүтээсний дараахан ЗХУ-ын нэрт найруулагчаас магтаалын үгтэй захидал ирж байсан гэдэг. Үүнийг та уншсан уу?
-Тухайн үед Оросын дэлхийн нэртэй найруулагч Всеволод Пудовкин “Цогт тайж” киног үнэлж их мундаг сайхан зүйл бичсэн байдаг. “Цогт тайж” кино үнэнийг үзүүлжээ. Түүнд түүхэн үйл явдлыг тал бүрээс нь үнэн зөв үзүүлж, чухамхүү олон зүйлийн нарийн ширийн түүхэн хэсгээс бүрдсэн үндэсний түүхийг харуулсан байна. Кино танин мэдэхүйн ач холбогдолтойн дээр сэтгэл хөдөлгөм сайхан болжээ. Хэдийгээр энэ киног Монгол киноны залуу уран бүтээлчдийн хүчээр бүтсэн боловч түүнээс болж үнэ цэнэ нь буурах учиргүй. Монголд кино гэдэг зүйл үүсээд цөөн жил болж байхад ийм том түүхэн киног бүтээж чадсан явдал бол монголын кино урлаг эрийн цээнд хүрэх замдаа гарлаа гэж бичсэн байдаг. Тэр бол их том үнэлгээ. Цогт тайж киног харахад “Тэр нь тийм дээ” гээд өө хэлээд байх юм байхгүй. Жүжигчид нь гэхэд тэр муу тоглосон юм даа гэж хэн ч хэлэхгүй байгаа биз дээ. Зурвасхан гараад өнгөрч байгаа хүмүүс дээр нь хүртэл их анхаарсан байдаг. Тарич гуайн ажиллагаа их бий. Манай ахмадууд ярьдаг. Ленин клубд бүжиг болдог байсан юм байна. Тэрэн дундуур “Цогт тайж” киноны сургууль хийсэн хэсгүүдийг урлагийн номер болгож үзүүлж байгаа юм. Тэгэхээр үзэгчид яаж хүлээж авч байна гэдэг нь өөрт нь хэрэгтэй, үзэгчдэд ч хэрэгтэй байсан байгаа юм. Ингэж л хийсэн кино. Ёстой л долоо хэмжиж нэг огтол гэдэг сэтгэлээр “Цогт тайж” кинонд хандаж байсан. Одоо бол киног ингэж хийхгүй байгаа шүү дээ. Кинонд урлагийн бүх төрлүүд багтсан байдаг учраас хэцүү.

-“Цогт тайж” кинотой адилхан насалж байгаа монголын соёлын өвд тооцогдох хэмжээний томоохон бүтээлүүд бий байх. Та нэрлээч?
-Одоо Монголын кино урлагийн томоохон бүтээлүүд төмөр лаазандаа л байна. Негатив нь тусдаа, дуу нь тусдаа. Негатив гэдэг нь эх хальс, дуу дүрсний хальс нийлж лаборториор орж ирж байж нэг дүрс болдог.
Одоо бид ингэмээр байгаа юм. Энэ бол миний хувийн санал. Би монголын кино урлагийн тогоонд хоолыг нь хороож уран бүтээлтэй амьдралаа холбочихоод сэтгэл зовохгүй явахгүй байхын аргагүй байна. Ам нээсэн дээр уушиг нээ гэдэг шиг одоо энэ соёлын үнэт өвд тооцогдох киноныхоо жагсаалтыг гаргамаар байгаа юм. Соёл урлагийн хороо, кино нэгтгэл, соёлын яам, кино судаалч, техникчид гэх зэргээр салбар салбараас комисс гаргаад дээрх ажлыг хиймээр байна.
Манай анхны том баримтат киног 1940 хэдэн онд манай Зандраа гуай хийсэн санагдана. Эдүгээ Монгол улс гэдэг нэртэй 6-8 бүлэг бүхий бүрэн хэмжэээний уран сайхны кино байгаа. Тэр кино л одоо их муу хэмжээнд байгаа даа. Тэр киног юуны өмнө сэргээмээр байгаа юм. 1940-өөд оны сүүл 1950-иад оны эхэн үеийг хамарч хийгдсэн гэхэд “Цогт тайж” киноны настай ойролцоо байх. Тэр киног сэргээгээд харахад тэр үеийн Монголын нийгэмийн амьдрал, улстөрийн амьдрал, Монголын хөдөө гадаагийн зураг, дуу дүрс байж байгаа.
Баримтат киноны хувьд би нэгэн хүний нэрийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Монгол улсын урлагийн гавъяат ажилтан, киноны зохиолч, найруулагч Цэвээний Зандраа агсан байна. Ц.Зандраа гуай бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөн манай анхны уран бүтээлч. 1940-өөд оны сүүл үе буюу дайны үед сурч байгаад ирсэн. Тэгээд мань хүн өөрийнхөө бүх том уран бүтээлийг баримтат кинонд зориулсан. Эдүгээ Монгол улс, Эртний нутгийн солонго, БНМАУ гэх зэргээр ойн жилүүдэд том том уран бүтээл хийдэг байсан. 10, 10-н жилээр гэсэн үг. Тэр бүхнийг бүгдийг нь Ц.Зандраа гуай хийсэн. Ер нь бол түүхийн том шастируудыг Ц.Зандраа гуай хийсэн гэж хэлж болно. Тийм учраас Ц.Зандраа гуайн уран бүтээл рүү анхаараач гэж хэлмээр байгаа юм. Хүнийг нь бурхан болчихоор уран бүтээлтэй нь хамт мартаж болохгүй. Энэ чинь яах аргагүй түүх соёлын үнэт өв шүү дээ.
Ж.Нарангарав anu_naran@yahoo.com
Сэтгэгдэл ( 5 )
Ёстой яг үнэн хэлж. Жонгиносон дуутай , үнэнхүү шарваач, араас хутга шаадаг муухай хүн шүү энэ Жигжидсүрэн. Ардчилсан нам, МАН намын дунд ээлжилж шогшоод л хөдөлмөрийн баатар авна гээд улаа эргэтэл гүйж бөгс долоож яваа өвгөн. Түй
You get a lot of respect from me for writing these helpful artclies.
Жон жон хийсэн дуутай шарваач Жигжидсүрэн гуай хаана эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн байна тийшээ улаа эргэтэл шогшино. Хүний мөс чанар намба байхгүй. Барьцгүй хаврын тэнгэр шиг сонин ааштай хүн . Ямар сайндаа Ху намын гишүүн байснаа ардчилсан намд орчихож байхав ха ха ха
hogiin sharvaach Jigjidsuren. Daldaganuur gar daa
hogiin er landag battsengel