Өгүүллэг: Үүлэн чөлөөний нар

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07

Авидын Шартолгой

 

МЗЭ-ийн шагналт, нэрт зохиолч А.Шартолгой 1937 онд Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутагт төрсөн. “Оргил”, “Сургүй мөнгөн хазаар”, “Одтой явах нас”, “Домгийн цэнхэр говь”, “Их хөлийн зарга”, “Чойном”, “Саран хөхөө” зэрэг тууж, өгүүллэг, жүжгийн номууд хэвлүүлжээ.

 

Үүлэн чөлөөний нар

Халх голын сав газар хөхөмдөг униарт алсарч Хамар даваа бөгтөр сэрвээндээ цэнхэр дөл асаан сэрвэлзэнэ. Бургасны чөлөөгөөр шил толио гялалзуулсан цагаан машин алгуурхан гулсан явсаар голын хөвөөнд ирж зогсох харагдана. Яаж багтаж явсан юм бол гэмээр олон хүн машинаас үүргэвч тээшээ барьсаар бууцгаана. Төдхөн аяны алаг майхнууд задгай галын шингэн цайвар утаа, баруун газрын адгуу хөгжим бургас төглийг эзлээд авав. Шаазгай нэгэнтээ эргэн ирж хэрээний дэргэд буугаад, есөн хэлийн амьтан ирчихэж. Малгайн утаа сэргээж яваа бололтой ширээн дээр нь юу байсан гэж санана. Энэ дэлхийн аль амттан тансаг бүхэн өрөөстэй. Тэдний хоёр нь дөнгөж өдөлсөн цагаан дэгдээхэй бие бие рүүгээ нисгэн тоглох нь гайхалтай гэв. Буурал хэрээ удтал бодлогошрон сууснаа,

-Хүний амьдрал гэж сонин юм. Саяхан энэ хөндийд  байтугай энэ хорвоо дээр багталцахгүй бие биенийхээ цусыг ханалцаж байсан сан. Одоо тэгэхэд,

-Саяхан юм бол би яагаад санахгүй байдаг билээ.

-Чи ор сураггүй байсан биз... Энэ модонд гал авалцаж, дайн самууны зэрлэг суманд хөөрхий хань минь эндэж билээ. Газар тулдаа л цагийн буулганд тэсч үлдэж хэрээ тулдаа насны хорвоог элээж сууна. Бүтэн нэгэн жаран эргэж дээ гэж санаа алдав.

-Хэрээ чи хэдий болтол ингэж ганцаараа уйтгарлана вэ. Явъя хоёулаа холын далайг гаталж газар үзэж нүд тайлъя.

-Үгүй дээ, үгүй. Би хаашаа ч явахгүй. Газартаа өдөлж тэнгэртээ хальдаг нь шувууны жаргал гээд хэрээ чилсэн биенийхээ хөшөөг гарган мөнгөн сор сууж яваа өд сөдөө дэрвэлзүүлэн суудлаа засч ганцаар үлдэв.

Машинтай ирэгсдийн яриа хөөрөө инээдэм шуугиан алаг төглөөр нэг тархаж, энд тэнд хэд гурваараа яваа харагдана.

-Өнөөдөр ямар сайхан өдөр вэ гэж Оюунаа дуу алдан баясав.

-Тиймээ, ойрдоо ажил их гээд цэнгэг ус агаар гэж юу байдгийг мартах шахлаа. Энд ирж нэг өдөр сайхан амарч өнжье гэж хэдийнээс бодсон юм гээд Хасуми нарны гэрэл бутаргасан үл мэдэг долгиотой өтгөн хар үсээ цэмцгэрхэн нэг илэв.

Оюунаа, Хасуми хоёр агаарын теннис тоглож байснаа ойр зуурыг ярилцан голын тохой руу түр орсон өндөр мөргөцгийг зүглэн алхав. Майхны тэртээгээс тив дэлхий даяар цуутай нэгэн хамтлагийн дуу хоолой ханан хясаа мөргөн сувдрах далайн давалгаа, хаана буухаа мэдэхгүй түг түмэн цахлайг сэтгэлд нисгэн хангинана.

-Оюунаа, хоёулаа хуримаа хэзээ хийе гэж бодож байна гэж Хасуми эгцлэн харав.

-Хурим гэв үү, би энэ тухай бодож амжаагүй явна. Тэгээд ч салхинд гарахын зуур ярьчих юм гэж санасангүй шүү гээд Оюунаа тэр хоёр хэсэг чимээгүй явлаа.

Ойртон ирж яваа Хасуми Оюунаа хоёрыг хэдийнээ харчихсан шаазгай,

-Цаад хоёр чинь суух гэж байгаа юм гэнэ билээ хи, хи, хи гэж аальгүйтсэнээ, одоогоор хэн хэн нь эрдэм номын мөр хөөсөн залуус. Гэхдээ нөхөр нь энэ намар эрдмийн цолоо хамгаалж, эндээ “Тутрага” пүүсийн эзэн болж үлдэх санаатай юм байна лээ гээд мөн л тэсч чадсангүй хи, хи, хи гэв. Намайг амар тайван байлгаад өгөөч гэж хэрээ уурсан хашгирав.

-Чи хоцрогджээ, удахгүй наад өгөр модыг чинь үндсээр нь эд нэг л өдөр булга татаад цэвэрлэнэ. Цаг цагаа түрдгийг чи хараад эрхбиш нэг юм бодогдох вий гээд шаазгай чавхны чулуу шиг алга болов.

-Бид хоёрыг Токиод хэзээ нисч ирэхийг ээж аав минь тэсч ядан хүлээж байгаа. Эрхэмсэг хатагтай та болгоож айлд гэж наргиан болгон инээснээ,

-Яг ийм нэг сайхан өдөр бид хоёрыг онгоцны буудал дээр аав ээж минь тосч, цагаа байн байн харж хүлээнэ. Тэгтэл онгоц алгуурхан бууна. Түмэн газрын уул ус давж ирсэн хаврын шувуу усандаа буух шиг алгуурхан бууна. Миний баруун гар талд чи гарч ирнэ. Одтой цэнхэр торгон дээл дээр гал шаргал дурдам бүс ороосон нь чамд гайхалтай зохицсон харагдана. За яваарай ... ингээд гээд тохой өгч урагшлав. Шанхны үсэнд салхи исгэрэм сэрүү татаж, бодлын мөнгөн шувуухай гарьдын жигүүр дэлгэн буухуйд үнэхээр хадмуудаа угтах гээд байгаа бэрийн сэтгэл ямар байдаг бол гээд өөрийгөө санахаас Оюунаа элгээ хөштөл инээнэ.

-Хасу минь дээ, энэ чинь мөрөөдөл үү гэхэд

-За мөрөөдөл ч байг гээд Хасуми бас нэгийг санав бололтой, хүлээгээрэй одоохон ... наран дор өөр өөрийн онцлогтой хичнээн төрлийн сакура цэцэглэдгийг мэдэхгүй, гэвч нас сүүдэр уртсам анхилуунаараа Дорнын талын цэцэг хэнд ч оюуны таашаал эдлүүлнэ гээд Хасуми ганцхан алхмаас өнгө өнгөөр алаглах цэцгийг самардан түүж эхлэв. Түүний гарт төмөр утасны үзүүр багц цэцэгний иштэй орооцолдоход  Оюунаа:

-Болгоомжтой Хасуми. Наадах чинь юу юм бэ гэхэд

-Аа энэ үү, аль цагийн юм бэ дээ, зэвтэй төмөр утас гээд санаандгүй угз таттал  гал утаа баганадаж, үндэс мөчир, цэцэг навч, тоос тортог дунд задран сарнихуйд хэн хэн нь газрын хөрстэйгөө гэдрэг тас савав.

Майхны гадаах задгай гал дээр тогоотой цай  даргилан буцална. Эстрадын дууны хоолой дээд чинээндээ тултал хадаж түг түмэн хүний бахиралдах шүгэлдэх дуу шуугиан соронзон бичлэг тулдаа хар хайрцагтаа арай гэж багтаана. Халх голын зүүн эрэгт хэзээ хэн нь хэндээ занга тавьсан юм бүү мэд, ямар ч гэсэн өнгөрсөн зуунаас амь бөхтэй үлдсэн тэр занга өнөөдрийг ингэж онох юм гэж хэн саналаа.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top