П.Энхмөнх: Надтай ханилж байгаа бүсгүй бол ээжтэй маань давхар сууж байгаа гэсэн үг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 01

Монголын морин спорт уяачдын холбооны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулснаараа мөнхөрсөн Г.Пунцагбалжир агсны удам залгах хүү П.Энхмөнх бизнесийн талбарт "Мон-Эрдэнэ" компаниа толгойлох болсоор удаж байна. Хүүхний сайхан, хүлгийн хурднаар сониуч олны нүд, чихэнд байнга л өртөж байдаг нэртэй хүний зартай хүү тэрээр ирэх долоо хоногт гал голомтоо бадраах хуримын зар тарааж байгаа. "Чингис" зочид буудлын түүхэнд байгаагүй хөрөнгө бэл заасан, өндөр өртөгтэй хуримын захиалга хэмээн ид шуугиж буй энэ үед сүйт хархүү П.Энхмөнхтэй ярилцлаа. "Гранд плаза" оффисын хоймроос хотын төвийг цэлийсэн том цонхоороо тольдож суудаг залуу бизнесмен цаанаа л жаргалтай, хөнгөн цолгиун алхсаар ирж мэндэллээ. Түүний гэргий боловсрол, хүмүүжлээрээ хайрыг нь булаасан бүсгүй бөгөөд Азийн шилдэг 20 оюутны нэгээр шалгарч байсан ажил хэрэгч нэгэн гэнэ. Залуу хосын хуриманд 350 орчим зочид уригдаад байгаа аж.

 

-Цуутай хуримын урилга илгээж суугаа залуу ноёнтны царай жаргалтай харагдаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцах байх гэж найдаж байна?

-Баярлалаа. Би жаргалтай  байна.Хурим бол ганц тохиох хүний амьдралд ухамсартайгаар хийж байгаа хамгийн том алхмуудын нэг. Үр удмаа залгуулах, баяр баясгалант амьдралын гал голомтоо бадраах сайхан агшин гэж би бодож байна. Миний ээж, эгч нар, хайртай дотны хүмүүс маань надтай адил хуримын мөчийг догдлон хүлээж байгаа. Гэрийг гийгүүлэгч гэж гэргий гэх үгийг тайлбарладаг. Намайг өрх гэрийн тэргүүн болж, хуримаа хийж байгаад хамгийн их баярласан хүн бол ээж маань. Эхнэрийг маань насан туршид чинь тулж түшиж хайр халамж бэлэглэж  явах хамгийн зөв сонголт гэж надад аминчлан хэлсэн. Тиймээс эхнэрт маань хамгийн их итгэж байгаа. Эх хүний хувьд есөн цагаан хүслийн нэг биелж байна гэж ээж маань баяртай байгааг хэлэхэд таатай байна.

-Хуримын бэлтгэлд "Мон-Эрдэнэ" групп армиараа зүтгэж байгаа харагдаж байна?

-Би хуримынхаа бэлтгэлд санасан хэмжээндээ анхаарч чадахгүй үндсэн бизнестээ цаг зарцуулж байна. Ямар ч байсан манай хамт олон, найз нөхөд, ар гэрийнхэн болгоод л байх шиг байна. Хамгийн гол нь би ажлын цагтаа хамт олныхоо удирдагч нь байж, амралтын үедээ дотны найз нөхөр нь байж чаддаг болов уу. Тиймээс миний хуримын бэлтгэлийг чин сэтгэлээсээ эрвийх дэрвийхээрээ бэлтгэж байгаа хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Хувцас гоёлын тухайд бол үндэсний дээлээ "Торго" салоноор хийлгэж байгаа. Драмын жүжигчдийн оёдолчин эгчээр бас гоёлоо урлууллаа. Энэ нь хаан, хатны дээл. Уламжлалт ёсоор Хуримын ордондоо ёслоно. Би эхээс гурвуулаа, хоёр эгч маань АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг. Өнөөдөр тэд маань Монголд ирсэн. Яагаад зуны дэлгэр цагаар, намрын дунд сарын шинийн 17-нд ч юм уу хийсэнгүй вэ гэж хүмүүс сонирхож           магадгүй. Хуримын өдөр маань зуны эхэн сарын хөхөө дуугарах өдөр. Бүхий л зүйлийн эхлэл дашням, балжиннямтай 50 жилд ганц удаа тохиох билиг ерөөлтэй өдөр гэж лам багш маань айлдсан.

-Таныг эмээгийн эрх хүү гэж сонссон. Тэгэхээр хуримын хамгийн хүндтэй зочид нь тэд байх болов уу?

-Миний аавын ээж, аав 80 шүргэсэн сайхан буурлууд бий. Ээжийн маань ээж 90 хүрч байгаа. Намайг аль, аль нь их эрхлүүлж өсгөсөн. Мэдээж хөл алдан баярлах, хүндтэй хүмүүс.

-Та хуримынхаа шийдвэрийг хэр удаан бодсон бэ?

-Харьцангуй хурдан хугацаанд хуримын тов гарсан даа. Аль, аль маань эргэлзэлгүй алдаагүй шийдвэр гаргасандаа итгэлтэй байгаа. Бид хоёр хамтдаа 6,7 сар амьдарсан. Эхнэр маань даруу дөлгөөн сайхан бүсгүй байдаг. Ар гэр нь намайг анх халуун дотноор хүлээж авсан. Эхнэр, нөхөр бие биендээ хичнээн хайртай байгаад ч ар гэрийнх нь асуудал нийцэж өгөхгүй байх явдал амьдралд тохиолддог. Хадмууд маань надад урам хайрласан хүмүүс байдаг болохоор би өөрийгөө их азтай гэж бодож байгаа.

-Айлын ганц хүү болохоор эмээ, ээж, эгч нар гээд таны гэргийг нарийн шалгуур бүчсэн байх. Та үүнтэй санал нийлэх үү?

-Гол нь ээжид маань их таалагдсан. Яг үнэндээ надтай сууж байгаа хүн бол ээжтэй маань давхар сууж байгаа л гэсэн үг. Яагаад гэхээр надад үнэтэй ганц хүн бол ээж минь. Олон жил гэрт орж эм болж, гадаа гарч эр болж амь амьдралаа өдий зэрэгт хүргэсэн ээж маань одоо нас нь 60 дөхөж байна. Эхнэр маань боловсролтой,           ажил сайтай бүсгүй. Монголын нэлээн том компанийн маркетингийн хэлтсийн дарга. Надад ухаантай зан ааш нь их таалагдсан. 2008 онд Азийн шилдэг оюутнаар шалгарч байсан.Боловсролтой гэр бүлээс гаралтай, хүмүүжилтэй. Бас царайлаг. Ер нь эр хүн унаж байгаа машин, ханилж байгаа хүүхэн, эдлэж байгаа эдээрээ өөрийгөө илтгэдэг гэдэг биз дээ. Би эхнэртээ маш их хайртай.

-Хайр сэтгэлдээ хадам ээжийг нь оруулж ирээд "Надтай сууж байгаа хүн ээжтэй минь сууж байгаа гэсэн үг" гэхээр эхнэр тань яаж хүлээж авав?

-Их дуртай хүлээж авсан. Манай гэр бүл хоорондоо талцдаг болчихсон. Эхнэр, хоёр эгч, хадам ээж маань нэг тал. Хадам аав маань надтай нэг тал. Ханьтай байна гэдэг сайхан юм билээ. Надад цаг үргэлж санаа тавьж, байн байн асууж сураглаж, зөвлөж байгаа эхнэр маань их халамжтай. Ийм амьдралд сэтгэл санаа тайван байдаг юм байна.

-Хадмын босго давж хүргэн хүүгийн хүчийг үзүүлэх хэр байв?

-Яг үнэндээ манай хадам аав бид хоёр хуучны хуурай ах дүүс. Тухайн үед би охинтой гэдгийг нь мэддэггүй байсан. Хэзээ хойно би эхнэртэйгээ Сингапурт сурч байхдаа танилцсан. Амьдрал их сонин юм аа. Явж явж хуурай ахтайгаа ураг барилдаж хүргэн, хадам бололцоно  гэж бодоогүй л дээ. Мэдээгүй байж байгаад л ахынхаа хүргэн болчихсон. Харин ч надад хүргэн хүүгийн хүчийг үзүүлэх гэж дүлэгнэх асуудал байгаагүй амар байсан.

-Залуу нас ааг омогтой. Таны тухай хэвлэлд гардаг зүйлүүдэд эхнэр тань яаж ханддаг байв?

-Тийм ээ. Анх бидэнд иймэрхүү зүйлээс болоод үл ойлголцон маргалдах үе гардаг байсан. Гэхдээ нүд үнэнч, чих худалч гэдэг байх аа. Хэсэг хугацаанд зан зангаа авалцаад хамтдаа амьдраад нүдээр үзээд ирэхээр тиймэрхүү хэл үгийг худлаа юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн байх. Одоо маш тайван хүлээж авдаг болсон. Нэг гэрт долоон сар амьдарлаа. Хангалттай биенээ мэдэрлээ. Би өөрийгөө долоо хэмжиж нэг огтолсон сонголт хийсэн гэдэгт  итгэлтэй байна. Тиймээс өмнө нь болж өнгөрсөн зүйлсийг сөхөөд тэр нь болохгүй, энэ нь болж байсан гээд яриад байх зохимжгүй.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байна. Улс төрд хүч үзэх сураг байгаа?

-Арав хүрнэ ээ. Үр хүүхдээр баян, өнөр өтгөн сайхан айл болно. Монголд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг одоо яг эсрэгээрээ болчихсон. Төрөө засаад, гэрээ засаад өөрийгөө засдаг болчихож дээ. Харин би бол өөрийгөө бүтэн засчихаад, гэрээ төвхнүүлээд, төрөө бодно, Одоогоор арай болоогүй байна. Ямар ч нийгэмд ажил эрхэлж бизнес хийхэд хууль эрх зүй судлахгүйгээр урагшлахгүй. Тиймээс би хуулийн сургуульд сурч байгаа.

-Таны  морины хорхойтойг эхнэр тань ойлгодог биз дээ. Гэхдээ морь мал руугаа салхи татуулаад давхичих цагаа хумих болж байгаа байх?

-Харин ч бүр амар болсон. Бид хоёр хоёулаа морь малд дуртай болохоор хөтлөлцөөд давхичихна. Миний хувьд өмнөхөөсөө илүү хувийн зохион байгуулалттай байх үе ирсэн. Гэр бүлээрээ амралтын өдрүүддээ хөгжилдөөд салхи агаарт амрах нь илүү жаргалтай сайхан болсон. Яг үнэнээ хэлэхэд миний аз жаргалтай өдрүүд үргэлжилж байна.

-Таны гэргий хэний хэн бэ. Одоо зарлачихад гэмгүй биз дээ?

-Нэрийг нь хэвлэлд зарлаад хэрэггүй байх аа. Бүх зүйл хэдхэн хоногийн дараа хуримын өдөр тодорхой болно. Хуриманд зочлох та цөөн хоног тэвчинэ үү.

-Хуримын үед эрчүүд нь илүү тэвдэж гэргийн маань гоёл сэлт гээд л сандардаг юм билээ. Та яаж байна?

-Тэвдэхээргүй болсон. Эхнэрийн маань хуримын даашинзыг гадны загвар зохион бүтээгч хийсэн. Хуримын даашинзтай эхнэрээ харахад хээгүй монгол эр хүн миний хувьд гайхалтай үзэсгэлэнтэи харагдсан.

-Таныхаар залуу насыг юутай зүйрлэх вэ. Айлын эрх танхи хүү өрхийн тэргүүн болж гал голомтоо бадраалаа. Намба сууж байгаа тань мэдрэгдэж байх юм уу?

-Миний бодлоор залуу нас бол омогшил, бахархал юмуу даа. Залуу халуун насандаа эр хүн болгон аагтай омогтой байдаг. Омогтой гэдэг омогшил гэдгээо гаралтай үг байх. Онгироо гэдгийг дээрэлхүү сагсуу гэж ойлгож болохгүй гэж

бодож   байна. Би чинь хотожсон хөдөөний хүн. Миний залуу нас найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, хурдан хүлгийн хийморьтой гэж болох байх. Ёс заншлаа дээдэлсэн монгол эр хүн гэж өөрийгөө боддог.

-Уншигчдынхаа өмнөөс залуу хосод аз жаргал хүсье.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaga(202.131.225.197) 2014 оны 01 сарын 07

Ийм залуутай суудаг азгүй охин бна. Муу муудаа дээрэлхүү гэгчээр их дээрэлхүү, бүдүүлэг зантай залуу байна лээ.

0  |  0
Top