Монголын Засгийн газар “Арева”-тай нийлэн иргэдийг мэхэлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

 

Монголын хуулийг гууль болгох эрх гадны компаниудад бүрэн байдаг гэдгийг  Францын “Арева” группын охин компани “Кожеговь”-ийн үйлдлээс харж болно.  Ерөөс охин  компаниараа дамжуулан Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны  хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж ирсэн  “Арева” группыг манай засгийн болоод тохируулагч агентлагийн нөхдүүд үргэлж хамгаалдагийн цаана томоохон тохироо бий гэдгийг хэлэх эх сурвалжууд байдаг. Фукушимагийн ослын дараа Японы Засгийн газартай хууль бус тохироо хийж чадсан нь олон улсын хэвлэлүүдээр бичигдэж байсан “Арева”-гийн тухайд ч манай хэдэн нөхдүүдийн аргыг олоход хэцүү биш биз. Түүнчлэн “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад ураны хайгуул хийж, туршилтын гэх малгай дор 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосонтой холбоотойгоор мал сүрэг,  тэрдундаа  төл мал нь олноороо үхсэн асуудлыг газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэх  дүгнэлтийг гаргасан ч дараа нь энэхүү дүгнэлтдээ засвар хийсэн билээ. Тэгээд  дараа нь Ерөнхий сайдын захиалгаар очиж шинжилсэн багийн нөхдүүд тугалуудын үхлийн шалтгаан нь Селений ужиг хордлого байсныг лабораторийн шинжилгээгээр тогтоосон  гэдэг. Цөмийн Энергийн Газрын дарга Н.Тэгшбаяр нарын нөхдүүд  тугалуудын үхлийн шалтгаан нь уран биш гэсэн ойлголтыг өгсөн  боловч  “Селени нь яагаад, хаанаас гараад ирсэн юм бэ гэдгийг мэдэхгүй” гээд сууж байгаатай юу ярих вэ. Н.Тэгшбаяр дарга “Ямар учраас селени хэмээх бодис малыг үхэлд хүргэх хэмжээнд очив гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж судлах ёстой” гэж ярьсан ч, Кожеговьд хир халдаадаггүй хэвээрээ өдийг хүрсэн. Харин тус компанийн шар нунтаг олборлосон нутагт мал үхэх, элдэв гажигтай байдалтай гарах байдал гарсаар л байгаа юм. Тэгэхээр манай нөхдүүдийн илрүүлсэн селенид ерөөс Кожеговийн олборлолтын үйл ажиллагаанд асуудал байна уу гэдэг асуултыг нухацтай тавих хэрэгтэй байгаа юм. Хэрэг дээрээ бол “Кожеговь” компани уран олборлохдоо газрын гүнээс газрын гадаргуу дээр гаргаж ирж байгаа элдэв төрлийн химийн бодисуудын зөвхөн нэг нь Селени гэдгийг цацрагийн хор нөлөөг сайн мэдэх нөхдүүд хэлээд байна. Тус компанийн үйл ажиллагаанаас шууд хамаарсан байдалтайгаар хүн мал, ус бэлчээр хордсоор байхад Монголын төр нүдэн балай чихэн дүлий суух гэж ядаж байгаа нь харамсалтай юм.


“Арева”-гийн зүгээс өөрсдийн олборлох технологио асуудалгүй найдвартай гээд байдаг. Гэтэл АНУ-ын Техас мужид төстэй уурхайд газар дор уусган баяжуулах аргаар уран олборлосны дараа усанд селенийн хэмжээ эрс нэмэгдсэн тухай баримт бийг golomt.org-д өгүүлсэн байна. Түүнчлэн Селен нь хүний эрүүл мэндэд маш бага хэмжээгээр хэрэгтэй боловч хэмжээнээс илүүгээр биед орвол хортой бөгөөд селенийн хордлогыг Селенози гэж нэрлэдэг.  Селенээр аажмаар архаг хордоход хүний хумс, малын туурайн гэмтэл, өөрчлөлт, турах, үе мөч мэдээгүй болох, явж чадахгүй болох, үс халцрах, мэдрэлийн эд эс гэмтээснээс хөл гараа залж захирч чадахгүй болдог. Селенийн хордлогоор мөн уушиг устаж гэмтэх, элэгний церрози,  хэрвээ амьсгалын замаар биед орсон бол нус, нулимс гоожих, ханиалгах, амьсгал боогдуулах шинж тэмдэг илэрдэг.  Их хэмжээний хордлогын үед Селен хорт хавдар үүсгэж болдогийг ч өгүүлсэн байна. Тэгэхээр манай төр засгийн нөхдүүд “Арева”-г өмгөөлөх гэж ядсандаа Селен гэдэг дээр шинжилгээний дүнгээ тохируулсан биш бас л асуудал гарч ирч байна. Учир нь уран олборлоход хоргүй юм гэж үнэндээ алга аж.


Манай улс  дахь  100 гаруй ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн тэн хагаст эзэн суучихаад, хайгуулын гэх тодотголоор өнгөрсөн жилүүд багагүй хэмжээний ураныг олборлосон “Арева” групп энэ янзаараа манайхад их хор хөнөөл дагуулах янзтай байна. Дулаан-Уулын ордыг гэхэд 6000 тонн урантай гэдгийг албан ёсоор тогтоож Цөмийн энергийн газарт бүртгүүлсэн тус компани туршилтаар 1500 гаруй кг уран буюу 1/4 –ийг нь олборлочихоод, мөн  л бүс нутгийн хөрс усыг бохирдуулчихаад байж байаа ч, дархан эрхтэй чигээрээ л байх юм.


ЦЭГ-ын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга гэж нэг нөхөр   “Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй. Цөмийн энергийн газраас хайгуулын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг” гэх тайлбарыг өгчихөөд хэнэггүй сууж байсныг нь бодохоор харамсалтай юм. Монголын эрх мэдэлтнүүдээр өөрсдийгөө өмөөрүүлдэг “Арева” өнгөрсөн аравдугаар сард манайхтай гэрээ байгуулсан. Харин Голомт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөнөөс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд ил захидал хүргүүлэхдээ  “...Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс  уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна.


Уран олборлож баяжуулахдаа нэг хувь ч хүрэхгүй хэсгийг нь шар нунтаг болгон ялгаж АЦС-д ашигладаг бол үлдсэн хэсэг буюу 99,9 хувь нь хог хаягдал болж гэмгүй иргэдийг хордуулдаг. Дэлхий дахинд уран олборлосон түүхээс үзэхэд хамгийн ядуу дорой, мэдлэг боловсрол тааруу, эрхээ хамгаалах чадваргүй, дэлхийд түгээх дуу хоолой нь сул, олон нийтээс тусгаарлагдсан эсвэл бусдын дарамт нөлөөнд амьдардаг ард иргэдийн нутаг дээр уран олборлож иржээ. АНУ-ын Навахо омгийн индианчууд, Канадад Дэнээ омгийн индианчууд, Австралийн аборигенчууд, Өвөрмонголчууд, Намиб, Конго, Танзани, Нигерийн ядуус гээд бодоод үзээрэй. Чухам тэдний газар нутаг дээр нь хамгийн хямд аргаар уран олборлож, нөхөн сэргээлтийг хайш яйшхан хийгээд эсвэл огт хийлгүйгээр хэдэн зуун мянган жилийн настай цацрагт хог хаягдлаа ил задгай хаядаг. Учир нь тэдгээр ард иргэдийг өмөөрч өмгөөлөх хүн байдаггүй, тэдний дуу хоолой дэлхий нийтэд хүрдэггүй, сонсогддоггүй. Эрхэм гишүүд та бүгдийн мэргэн шийдвэрээс Монгол улсын орших эс орших шалтгаална. “Өндөр хөгжилтэй орны уул уурхайн компани” гэдэг гоёмсог нэрэнд хууртаж Монголчууд бид газар шороо,  нутаг орноо тэдэнд итгэж өгвөөс дээр дурдсан үндэстэн ястануудын гашуун түүхийг давтах эрсдэлтэй. Иймд таны мэргэн ухаанд итгэж, гэгээн оюунд тан тус нэмэр болох болов уу гэж их найдвар тавин Голомт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөнөөс товч баримтуудыг эх сурвалжийн хамт бэлтгэснийг анхаарч уншихыг хичээнгүйлэн хүсье.” гэсэн байдаг.


“Арева”-гийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор энэ мэт байр суурь нийгэмд олонтаа гарч байгаа ч, Монголын төр засгийн эрх мэдэлтнүүд тус компанийн хөлд суусан байдалтай өдийг хүрч байгаа юм.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.4) 2014 оны 04 сарын 30

deer uyed Orsuud Mardai-d uran olborloj bhad ter haviin malchid mal huitaigaa bugd chad bolson yum bolov uu... odoo ter havid amid mal malchin bna uu ???

0  |  0
(122.201.27.66) 2019 оны 02 сарын 16

Mongol ulsiin Zasgiin gazar gadnii huruhgu oruulaltiig demjij ajillaj bolno gehdee Areva Mongol-iin ohin company Cogegovi-toi hamtran ajilladag guitsetgegch companiud bugd France company shuu dee, jishee ni tendehiin hamgaalaltiin albiig hariutsaj bgaa ni France, Cateringiin bolon camping service uil ajillagaag hariutsaj bgaa ni mun l France uugeer harahad Mongol ulsad uldeh uym bna uu, oron nutag bolon tus nutgiin humuusiig ajliin bairaar hangaj bna l gedeg unen chanartaa France mergejiltnuud, hotoos irj ajilladag mongol ajiltnuudaas ni hamaagui baga tsalintai ajilladag, Camp dotroo nil arhidalt bolson l gazar bdag sh dee...

0  |  0
Top