Паушокт зарлагадсан 6.5 тэрбумыг хэн төлөх вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

"Алтан дорнод Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок манай улсын Засгийн газрыг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах ёсгүй хэмээн эсэргүүцэж 1.5 тэрбум доллар нэхэмжилж Арбитрын шүүхэд хандсан. Эл маргаан гурван жил үргэлжилсний эцэст Арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлэж, манай улсын Засгийн газар ялсан. Арбитрчид Монголын талыг дэмжин, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд хамаарах нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд дээрх хууль нь олон улсын эрх зүйд бүрэн нийцсэн гэсэн шийдвэрийг гаргажээ. Арбитрын бүрэлдэхүүн "Сүүлийн жилүүдэд татвар нэмэгдсэнд гайхах зүйлгүй. Монгол Улс нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмсэн цорын ганц орон биш" гэж тайлбарлажээ. Энэ бол зөвхөн "Алтан дорнод монгол"-д хамаарах асуудал биш. Цаашид 68 хувийн татварын маргааны асуудлаар Монгол улс ойчихгүй гэсэн үг. Гэтэл олон улсад дэмжигдэж байгаа энэ хуулиа манай дээдсүүд "золигт гаргаж" байгаа нь гайхалтай. Нөгөө талаас, Паушок нарын гомдолд Засгийн газар зургаан тэрбум таван зуун сая төгрөг зарлагаджээ. Энэ их мөнгийг хэн төлөх вэ. "Алтан дорнод Монгол"-ыг анх зуучилж оруулж ирсэн эрх мэдэлтнүүд үүнд огт хамаагүй юу. Дараагийн луйварчин Монголыг шүүхэдвэл татвар төлөгчдийн мөнгөөр бас л өмгөөлөгч хөлсөлж, дотоод гадаадын "дээрэмчдийн" тарьсан балгийг Монголын ард түмэн үүрсээр л байх уу. Хошуу ноёны хатан зүүсгэл чимэглэл аваад Хятадын пүүсэнд өр тавьчихаар ардууд төлдөг байсан гурван зууны өмнөх шиг . . .

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top