”Женерал Электрик” Монгол дахь салбараа нээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Өчигдөр "Женерал Электрик" компани Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, суурин төлөөлөгчийн газраа нээлээ. Энэ компани болон Монголын "Ньюком" групп хамтдаа бизнес хийх боломж хайж буйгаа 2010 оны есдүгээр сарын 22-нд нийтэд зарлаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.Тэд эрчим хүч, иргэний агаарын тээвэр, эрүүл мэнд, төмөр зам, усан хангамж, уул уурхай болон санхүүгийн үйлчилгээ зэрэг эдийн засгийн гол салбаруудад урт хугацааны түнш байх үндсэн чиглэл, зарчмаа тогтжээ.Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн дистрибютерийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи Монголын зах зээлд орж ирэх боломжтой болж байгаа юм.Эдгээр арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, "Ньюком" группийн гүйцэтгэх захирал Б.Болд нарын хүмүүс оролцлоо. Дашрамд дурдахад, дэлхийн 100 гаруй улсад салбартай, 305 шахам мянган ажилтантай "Женерал Электрик"-ийг "Чийдэнгийн эцэг" гэгдэж хүн төрөлхтний түүхэнд үлдсэн Америкийн нэрт зохион бүтээгч Томас Эдисон 1890 онд байгуулжээ. Тус компани өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа тэлсээр эрчим хүч, эмнэлгийн тоног төхөөрөмж, онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохиж байгаа. Ялангуяа, эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж нь манай гаригт тэргүүлж байна. Боинг, Аэробус нисэх онгоц үйлвэрлэдэг шилдэг компаниуд л гэхэд гагцхүү "Женерал Электрик"-ийн хийсэн хөдөлгүүрийг ашигладаг байна. "Женерал Электрик" 2009 оны байдлаар 157 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулжээ.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top