Эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Улаанбаатар хотод баригдах “Улаанбаатарын ДЦС-5"-ын явцын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. "Улаанбаатарын ДЦС-5" төсөл нь Улаанбаатар хотын, ялангуяа зүүн хэсгийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах, дулаан доголдлыг арилгах зорилготой. Дулааны гидравликийн тооцоогоор шинэ эх үүсвэрийн байршлыг аль болох хотын зүүн талд байршуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Одоогийн байдлаар салбарын яамнаас гурван хувилбарыг гаргаад байгаа бөгөөд хотын зүүн зах буюу Улиастайн аманд шинээр барих, "ДЦС-3" ХК-ын дэргэд одоо ашиглаж буй бүх дэд бүтцэд тулгуурлан шинээр ДЦС барих, эсвэл Багануурын нүүрсний уурхайг түшиглэн конденсацийн шинэ цахилгаан станцыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар, Улаанбаатар хотыг дулаанаар хангахын тулд нийслэлд хэд хэдэн дулааны станц барих төлөвлөгөө гаргажээ. Танилцуулгыг Засгийн газрын гишүүд сонсож, хэлэлцээд "Улаанбаатарын ДЦС-5" төслийг дэмжиж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Мөн "Улаанбаатарын ДЦС-5" төслийг концессын "Барих-ашиглах-өмчлөх" хэлбэрийг ашиглан санхүүжүүлж хэрэгжүүлэх, хэрэв энэ хувилбар амжилтгүй болбол концессын "Барих-шилжүүлэх" хэлбэрийг ашиглан төслийг санхуүжүүлж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг томилж, холбогдох зардлыг 2011 оны төсвийн тодотголд тусгаж, батлуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгалаа.
Эх сурвалж: Монцамэ мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )