БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч ноён Жоу Шиаочуан өнөөдрөөс манай улсад айлчилж байна. Импортын хэрэглээ давамгайлсан зарлагатай, гадаад валютын орлого нь улирлын чанартай байдаг манай орны хувьд хямралаас урьдчилан сэргийлэх, хохирлын цар хүрээг бууруулах тусгай төлөвлөгөө, арга хэрэгслүүдтэй байх зайлшгүй шаардлагатайг дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал харуулж өгсөн. Ийм тусгай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол банк нь Хятадын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулах юм байна. Гарын үсэг зурах ёслолд Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч ноён Жоу Шиаочуан болон албаны бусад төлөөлөгчид оролцоно. Монгол банк, Хятадын Ардын банк хооронд энэ гэрээ байгуулагдсанаар манай валютын захад голлон арилжаалагддаг, гадаад худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын юанийг Монгол банк түргэн шуурхай бүрдүүлж, арилжааны банкуудын юаниар төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд юанийг шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )